ЭЛСЭН МАНГАСТ нутгаар урлагийн эрэл хийлээ
12 жил, 10 сар өмнө

5 сарын 5-аас 5 сарын 9 хооронд “Шинэ үе урлаг” холбооны уран бүтээлчидтэй хамт “Цөлжилт ба урлаг” төслийн шугамаар урлагийн бүтээл хийхээр Дорноговь аймгийн нутгаар аялаад ирлээ. Энэ аялал нь маш их сонирхолтой боллоо. Бас их юм үзэж харж ойлгож, сурч яваад ирлээ дээ.

Бидний зам Хүслийн уул, Зүүнбаян, Хашаатын гол, Хамрын хийд /Энергийн төв/, Баярбүрдийн элс, тэгээд буцаад Сайншанд орсон доо. 

Хар уул буюу Хүслийн уул: Тэнд их сонин юм зөндөө байсан. Уул нь оройноосоо харлаад ирсэн өндөр хайрхан юм билээ. Тэнд урт шат, урт гүүр, олон суварга бас хүслээ шивнээд эсвэл бичээд шатаадаг суварга байсан. Би бас тэнд гэр бүлийхэндээ сайн сайханыг хүссэн хүслээ бичээд шатаасан. Бас хүүхдээ даатгадаг Хүүхдийн овоо гэж байдаг юм байна лээ. 

Энергийн төв: Тэнд их гоё юм байна лээ. Төвд нь нэг хонх байдаг юм билээ. 108 суварган хүрээний өмнөд талд гурван хаалгатай сүм хэлбэртэй хаалгатай. Дунд хаалгаар нь энгийн ардууд ордог, зүүнээр нь ихэс дээдэсүүд, баруунаар нь лам хуварга нар ордог байсан юм гэнэ.  Тэгээд нэг ходоод шиг чулуун овоонд муу зүйлээ шивнээд арилгуулдаг. Бас бид нарын ороод гардаг хаалганы нүүрэнд нүд байдаг. Тэр нүдэнд муу санаж явдаг бүх хүмүүсээ үлдээдэг. Тэгээд оюун ухаанаа цэвэрлэн энергийн төврүүгээ ордог юм байна. Тэгээд арц хүж уугиулдаг томоос том бойпорны санд биеэ ариулаад цааш очир тойрогыг будаа цацаж тойроод өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван тойргийг тойрч очоод тэндээсээ архи сархадын идээгээр хүслийн уулын зүг цацал өргөсөн, өөрийн бие ажлаа даадгана. Тэгээд цааш явж энерги авдаг улаан шороон дээр хэвтэж энерги авсан. Дээшээ харж хэвтэж байгаад нарыг их том дугуй хүрээ хүрээлээд гадна талаар нь, солонго ороосон болохыг харлаа. Тэгээд гэрийнхэнлүүгээ ярьж энерги дамжууллаа.

Дээш гарч овоог нь тойрч уран бүтээлчидтэйгээ хамт “Үлэмжийн чанар”-ыг дуулаад доошоо бууж цагаан чулуу авч гарч, үүдээр гарахдаа нэр усаа хэлээд, ирээд буцлаа гээд арагшаа ухарч гараад, чулуугаа орхино. Тэгээд Газар доорх агуй бас Эхийн умайгаар гарч өвчтэй газраа үрдэг хаданд биеэ үрсэн дээ. Хэ хэ их сонин л юм билээ.  Биднийг газарчилж явсан жолооч ах л билэнд олон сонирхолтой зүйлийг тайлбарлаж өгч байсан даа.

За тэгээд уран бүтээлчид тус тусдаа бүтээлээ хийхээр тал тийшээ явах үед ганцаараа байх боломж олдож байсан бөгөөд тэр үеэд нь олон зүйлийг бодож, бясалгаж, өөрийгөө сонсож амар амгаланг мэдрэхэд гайхалтай байсан даа.

Сонин сайхан зүйлээс гадна хүнд, хэцүү зүйлүүд мэдээж байсан. За тэр их элсийг харахад нэг талаараа гайхалтай үзэсгэлэнтэй харагдаж байсан ч энэ нь байгалийг идэж байгаа мангас шиг л санагдаж байсан.

Говь газрын мал хүмүүс хэцүү амьдардаг нь харагдаж. Ихэнхдээ элсэн шуурга болж байсан. Мал нь юу иддэг юм бол гэмээр л харагдаж байсан. 

Араас шуурах элсийг
Эргэж ч харж амжихгүй
Элсний нүүдэлд дайрна
Гайхалтай бас аймшигтай
Элсэн манхан чи
Сайхан харагдах хэдий ч
Нүүн наашлах
Элсэн мангас мэт
Бүхнийг залгиж авна

Ингээд уг аялалын үр дүнд бүтсэн урлагийн бүтээлүүдээр бүтсэн “Цөлжилт ба урлаг” үзэсгэлэн 6 сарын 17-нд Занаду Арт галерейд болно. Та ч бас байгаль эхийн үр ач гэдгээн санаж бидний үзэсгэлэнг ирж үзээрэй.