Х.АЛТАНЦАЦРАЛТ: Монголчууд бид ногоо жимсээ тарьж эрүүл хүнсээр өөрсдийгөө хангах бүрэн боломжтой
3 жил, 7 сар өмнө

-ӨВӨЛ ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРЬЖ, ЗӨГИЙ ҮРЖҮҮЛЖ БАЙНА-


Шувуун фабрикт өвлийн улиралд гүзээлзгэнэ тарьж, зөгий үржүүлж буй талаар “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.

Жижиг гэрийн хажуугийн хүлэмжтэй залгаа байшинд орвол гэрийн эзэн бололтой нэгэн хүн сууж байлаа. Өвөл гүзээлзгэнэ тарьж буй хүн хайж яваагаа хэлтэл “Тэр айл чинь манайх байна” гэх нь тэр. Ингээд сураг төдийхөн мэдээлэлтэй Шувуун фабрикийг зорьсон бид тэрхүү айлыг мэддэг юм шиг явсаар хашааг нь олоод оччихов.

Бид гэрийн эзэн Х.Алтанцацралтыг даган гүзээлзгэнэ тариалсан хүлэмж рүү нь ороход урдаас бүгчим халуун агаар угтах нь тэр. Тэр үед үнэртсэн үнэр үгээр хэлэхийн аргагүй сайхан байсныг энд хэлэх хэрэгтэй. Гэрийн эзэгтэй дуу аяланхан гүзээлзгэнийхээ суулгацуудыг усалж харагдана. Гүзээлзгэнэ ч маш сайхан ургажээ. Хараахан боловсорч, жимс нь улаагаагүй байгаа ч амтлаад үзэхэд арааны шүлс асгаруулсан тийм сайхан амттай гүзээлзгэнүүд байв. Тэдний хэлж байгаагаар энд сүүлийн гурван өдөр гайгүй дулаан байсны ачаар +30 градус орчим дулаантай байна гэсэн юм.

Өвлийн улиралд жимс, ногоо тарьж, түүнийгээ хурааж авна гэдэг эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд бараг байж боломгүй хэрэг гэж боддог байлаа. Гэтэл үүнийг хийж чадсан, өвлийн улиралд гүзээлзгэнэ ургуулж чадсан биологич мэргэжилтэй, жимс жимсгэний чиглэлээр ХААИС-ийн доктурант хамгаалахаар суралцаж байгаа, цаашид Монгол орондоо жимсний тариалалт хөгжүүлэх бодолтой “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн, “Асрал” компанийн захирал Х.Алтанцацралтай ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.

-НАРЛАГ ХҮЛЭМЖ МОНГОЛДОО АНХДАГЧ-

-Өвлийн улиралд гүзээлзгэнэ тарих санаа хэрхэн төрөв өө?

-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх ногоон амьдрал” ТББ сүүлийн жилүүдэд өвлийн улиралд жимс жимсгэнэ тарьж ургуулах талаар нэлээд санаачлагатай ажиллаж байгаа. Манай улсын жимс жимсгэнэ, нарийн ногооны ихэнх хувийг гадаадаас оруулж ирж байгаа нь ард иргэдийн хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх зүйл. Түүнээс гадна маш их хөрөнгө мөнгө гадагшаа урсаж байгаад санаа зовж явдаг. Тиймдээ ч энэ бүхнийг дотооддоо үйлдвэрлэж болно гэдгийг өөрийн хөдөлмөрөөр харуулахыг хичээж явна.

Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан хүлэмжинд тарьдаг нарийн ногоонуудыг хавар таван сараас арван сар хүртэл улиралын байдлаар тарьж байна. Харин үүнийг халж, нарийн ногоо, жимс жимсгэнээ жилийн дөрвөн улиралдаа тарьдаг болвол тэр их мөнгө хөрөнгө зарж, гадагшаа валютаа алдаж байгааг бууруулах, цаашлаад бүрмөсөн зогсоох боломж байна.

-Өвөл гүзээлзгэнэ ургуулж туршихад тань энэ хүлэмж их тус болсон бололтой. Тийм үү?

-Тийм ээ. “Өвлийн нарлаг хүлэмж” гэх загварын хүлэмжийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1 гэхэд барьж ашиглалтад оруулсан. Хүлэмжийг барихад сар орчим хугацаа зарцуулсан. Ингээд хүлэмжиндээ гүзээлзгэнэ тарьж, өвлийн улиралд, Монголын эрс тэс уур амьсгалд жимс ургуулж болох нь уу гэдгийг туршиж үзсэн. Одоо хаврын эхэн сартайгаа золгоод байна. Туршилт амжилттай. Одоо жимс боловсорч, тун удахгүй хураах гэж байгаа. Ногоон өнгөтэй гүзээлзгэнүүдээ улаан болуут хураадаг юм. Хэрвээ улаан болсны дараа хураахгүй удаавал муудчихдаг. Одоо туршилтын журмаар 20 га газар л тарьсан учраас таваарын шинжтэй, ашиг олох зорилгоор тариагүй гэсэн үг. Гол зорилго нь үрсэлгээ хийх.

-Хүлэмжин дотор яг л зун шиг халуун байна?

-Манай оронд жилийн 365 хоногоос 300-д нь нартай байдаг. Гүзээлзгэнээ тариад, 100 хоноход үндсэндээ нэг өдөр, нэг тал өдөр бүрхэг байлаа. Бусад өдөр нь нартай байсан. Энэ хүлэмжийн онцлог нь өглөө нар гарахад бүтээлгээ сөхөөд, нарны илчийг шингээн авч, дулаанаа барьдаг. Орой нар жаргахаар хөнжлөө буулгачихдаг. Энэ өвлийн хугацаанд хүлэмж доторх дундаж температур 25-аас дээш градус байсан. Энэ бол агуу их нарны гэрлийн хүч. Сүүлийн гурван өдөр үндсэндээ 30 гаруй градус хүрч байна. Орой нар шингүүт хөнжлөө буулгасны дараа дулаанаа жаахан барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аргалаар галлаж, халуун агаараар үлээлгэдэг зуух ашигладаг. Энэ зуух 180-200 градусын халуун агаарыг хүлэмж рүү үлээнэ гэсэн үг.

-Манай тариаланчид өвлийн хүлэмж ашиглан ямар ч жимс, ногоо тарьж болох нь ээ?

-Ганц би биш манай иргэд бүтэн жилийн турш, жилийн дөрвөн улирал харгалзахгүй тарьдаг хүлэмжийн аж ахуй хөгжүүлчих юм бол дор хаяж Эрээн рүү хийдэг хөрөнгө оруулалтыг багасгаж болно. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Эрээнээс нэг сарын хугацаанд өргөст хэмх, помидор оруулж ирэхэд 500-гаас доошгүй сая төгрөгөөр худалдан авч ирж байна. Тэгэхээр жилд 5-6 тэрбум төгрөг гарч байна гэсэн үг. Гүзээлзгэнэ бол халуун орны жимс. Гэтэл бид Монголдоо тарьж, туршиж үзээд болж байгааг нь харлаа. Тэгэхээр бусад жимс, жимсгэнэ, нарийн ногоонуудыг бүгдийг тарьж болно гэсэн үг юм.

-Танайхыг Монголдоо анхдагч гэж хэлж болох уу?

-Өвлийн хүлэмж манайд мэр сэр бий. 2013 оноос Чингис бондын зээлийн санхүүжилтээр засгийн газраас өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлье гээд 17.4 сая доллар хуваарилсан байдаг. Энэ дагуу аж ахуй нэгж, иргэд зээлд хамрагдаад явж байгаа. Харин “Нарлаг хүлэмж” бол Монголд анхдагч.

-Гүзээлзгэний суулгацуудын дунд хайрцагтай зөгийн үүр байх шиг байна. Ямар зорилгоор энд тавьсан юм бэ?

-Гүзээлзгэнэ цэцэглүүт цэцэг жимсэнд нь тоос хүртээх шаардлагатай. Байгалийн нөхцөлд салхиар, нэг цэцгээс нөгөө цэцэг тоос хүртдэг. Эсвэл шавьжаар тоос хүртдэг. Харин өвлийн улиралд дулаан алдахгүй гээд битүүлчихсэн энэ хүлэмжинд салхи байхгүй учраас тоос хүртээх боломжгүй болж асуудал гардаг. Үүнийг шийдэхийн тулд зөгийн нэг бүлийг авчирч, гүзээлзгэний суулгацууд дундаа тавьсан. Зөгий өвлийн улиралд идэвхигүй амьдралд шилжиж, ичдэг амьтан. Өвөлдөө унтаж байх ёстой зөгийг бид зуныхтай адилхан температуртай энэ хүлэмжинд авчирсан. Дээрээс нь бэлчээрлэх цэцэг байгаа учраас энэ бүл зөгийнүүд энэ өвөлжингөө тоос хүртээх ажил хийсэн. Саяхан мэргэжлийн хүмүүс ирж доторхийг нь үзэхэд гурван рам балыг манай гүзээлзгэний цэцгээс цуглуулсан байна. Тэгээд маш олон тооны өндөг гаргасан байна гэсэн. Зөгий маш ашигтай амьтан. Ийм хүлэмжинд балт ургамал, цэцэг жимс тариад, зөгийгөөр тоос хүртээвэл зөгийн бал ч хурааж авах боломжтой гэдгийг хэлэх байна.

-Гүзээлзгэнэ хүйтэнд хэр тэсвэртэй жимс вэ?

-Гүзээлзгэнэ хүйтэнд тэсвэртэйд багтдаг. +5 градусаас доош болохгүй л бол хөлдөж, ургах чадвараа алдах нь гайгүй. Тэр үүднээсээ гүзээлзгэнэ сонгож тарьсан. Улаанбаатарын орчимд байдаг хамгийн хүйтэн цэгүүд нь Сонгино, шувууны район, Туул голын хөндий шүү дээ. Гэтэл ийм хүйтэнд ч дундаж температураа нэгэнт барьж чадаж байгаа болохоор бусад жимс ургахад ямар ч асуудалгүй гэсэн үг. Жилдээ хоёр удаа жимс авна. Манайд орж ирсэн хүлэмжүүд ихэнх нь зуны улиралд ажилладаг, нийлэг хальсан хүлэмж. Тийм хүлэмжид жимс ногоо тариад ургуулъя гэхээр газрын хөрс маань тавдугаар сарын 20-д гэж гэснэ. Тэр үед ногоо таривал бүр есдүгээр сар гаргаж ногоогоо хураана гэсэн үг. Ингээд бүх тариаланч нэг зэрэг ногоогоо хурааж, зах зээлд борлуулах гэхээр үнэ нь навс унаад, ченжүүдэд хямд үнээр бөөндөх нь элбэг. Харин наймаачид, түүнийг цааш зарсан хүмүүс нь ашиг олж, тариаланчид улам л туйлдаж, хөгжихгүй байсаар байна. Энэ бүхнийг шийдэж, эрт үрсэлгээ хийхэд энэ өвлийн хүлэмжийн ач тус их л дээ.

-Танайх энэ хүлэмжээ хаанаас авсан бэ?

-Нэлээд хэдэн загварын хүлэмж байна. Голланд улс хүлэмжийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Голланд загварын шилэн, бүрэн автомат хүлэмж бий. Манайхан судалж, Монголд оруулж ирэх гэхээр их үнэтэй. Нэг га нь гурван сая орчим евро. Тийм үнэтэй хүлэмж бариулаад, өр зээлээ төлж амьдарна гэхэд хүндрэлтэй. Харин манай ашиглаж байгаа нарлаг хүлэмж бол Хятад загварынх, хямдхан. Нэг метр кв-ыг нь 161 мянган төгрөгөөр худалдаж авна. Энэ бол үйлдвэрлэлийн байр, барилга, үндсэн хөрөнгө. Орон сууц л гэсэн үг. Адилхан барилгын материал орж байна. Гэтэл өнөөдөр орон сууцны нэг метр квадрат нь 2000 доллар гараад явчихсан. Тэгэхээр энэ харьцангуй хямд үнэ байгаа биз. Энэ хүлэмж их энгийн. Зай талбайг маш сайн ашиглах боломжтой. Ихэнх талбайдаа ургацаа тарина.

-Таньтай адил өвлийн хүлэмжинд жимс, ногоо тарихыг хүссэн хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Манай хөгшид, залуучууд бүгдээрээ хотын төвд шаваад, уулын орой дээр хашаа барьж гэрт амьдраад байхын оронд газар нутаг дутсан биш дээ, хөдөө, зайдуу газар, дэд бүтцээ дагаад жаахан газар аваад, төр засгаас зам харгуй, цахилгааны асуудлыг нь шийдээд өгчихвөл хажуудаа хүлэмжийн аж ахуй эрхлээд хангалуун сайхан амьдрах боломж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндэд ач тустай. Хоёрдугаарт, хотын дуу чимээ, стресс, утаанаас хол, үр хүүхдээ өсгөж бойжуулсан ч гэсэн тайван амгалан. Ерөөсөө л хүүхэд чинь хүчилтөрөгч дунд өсч бойжино гэсэн үг. Тиймээс Бээжингийн том компанитай хамтран нарлаг хүлэмжийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Ирэх хавраас сонирхсон, өвлийн хүлэмжтэй болохыг хүссэн иргэдэд түлхүүрийг нь хүлээлгэж өгөх зарчмаар энэ хүлэмжийг барьж өгч ажиллахаар төлөвлөж байна. Бүх зүйлд нь заавар зөвлөгөө өгнө. Дээврийн энэ карказ төмрүүд хүн харахад үзэмжтэй, зэвэрдэггүй ган, ямар ч гагнаас ороогүй. Ерөөсөө л боолтоор холбогдсон. Барихад ч асуудал багатай. Нарны гэрлийг энэ талбай дээр яаж удаан хугацаагаар бүх нэгж талбайд хүргэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй маш нарийн тооцоолсон стандартын хүлэмж байгаа юм.

-Өвлийн улиралд жимс, ногоо тарихдаа юуг анхаарах ёстой вэ?

-Ургамал ургахад үндсэн хэдэн нөхцөл шаардлагатай. Манай нөхцөлд хамгийн хүндрэлтэй асуудал нь өвлийн улиралд дулааныг яаж барих вэ гэдэг асуудал. Хоёрт, гэрэл. Гуравт, усалгаа, чийг. Дөрөвд, шим тэжээл. Эдгээрийг бүрдүүлвэл дэлхийн хаана ч ямар ч ургамал, ногоо ургуулж болно. Манай хүлэмжид бүх суулгацыг зэрэг услах дуслын усалгааны систем суурилуулсан. Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн. Дуслын усалгаа усыг маш их хэмнэнэ. Дээрээс нь нийлэг хальсаар бүтээчихээр ууршилт явагдахгүй, зэрлэг ургамал ургахгүй, дулааныг барина гэх мэт ач холбогдолтой арга технологиудыг нэвтрүүлснээр эдийн засгийн маш их хэмнэлттэй. Нэг товч дараад л энд суулгасан 2400 гаруй гүзээлзгэний бутыг зэрэг услана гэсэн үг. Нар шингэхээр бүтээдэг хөнжил ч гэсэн автоматаар хумигдаж, дэлгэгдэнэ. Дулааныг нь хадгалах гэж аргал, хөрзөн түлж, дулаан агаар шахаж байна. Малын өтөг бууц гэж дээд зэрэглэлийн бордоог ашиглаж байна. Ердөөсөө л экологийн цэвэр бүтээгдэхүүн эндээс боловсорно.

Б.БУРМАА Эх сурвалж: http://www.medee.mn/