ХҮН- БАЯЛАГ буюу ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС
11 жил өмнө

Бизнес буюу хүний хэрэгцээг ухаалагаар хангах урлаг нь улам бүр боловсронгуй болж хөгжсөөр. Хэн нөөцийг зөв удирдаж, чиглүүлж чадсан нь баялагийг эзэмшидэг. Дундад зуунд газрын эзэд хамгийн баян хүмүүс байсан бол 19-р зуун буюу Үйлдвэржилтийн зуунд үйлдвэрийн эзэд баялагийг эзэмшиж байв. Харин 20-р зуунд худалдаа эрхлэгчид нилээдгүй баялагийг эзэмшиж чадсан бол мэдээллийн зуун болох 21-р зуунд мэдлэгт суурилсан бизнесүүд хамгийн их амжилтанд хүрч байна. Капитал нь юу байснаас хамаараад тухайн бизнесийн ажилтан хүний үнэлэмж нь өөр өөр байв. Дундад зууны үед бол ажилтан хүн үхэрнээс илүү үнэлэгддэггүй газар хагалагч амьтан байсан бол 19-р зуунд үйлдвэрийн машинуудын эргэ шурга төдийд үзэж байлаа. 20-р зуун бол ажилтанг нэг тогтсон хэв загвар, дүрэм журмаар хэвлэн цутгаж, "Ташуур, гамбир" хоёроор илжиг мэт зүтгүүлж байв. Энэ философи одоо ч хэвээрээ үргэлжилсээр байна.

 

Тэгвэл өнөөдөр мэдлэгт суурилсан эдийн засагтай, оюун ухаант хүнд суурилсан цоо шинэ бизнесийн эрин эхлээд байна. Жишээлбэл, Билл Гейтс тооцоолох, мэдээлэл боловсруулалтын үйлдлийн системийг бүтээж байна. Тэр амжилтанд хүрсэн. Google асар хурдтай нэмэгдэж буй мэдээллийн агуулгаас хэрэгтэй мэдээлэлээ хурдан хугацаанд хайж олох хэрэгцээ шаардлага гарч ирнэ гэдгийг мэдсэн. Тэд бас амжилтанд хүрсэн. Fасеbооk хил хязгаар, хэл ус харгалзахгүйгээр танилцаж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бий болгосоноор мөн л амжилтанд хүрлээ. Apple хүний оюун ухаан, сэтгэлгээний ур шингэсэн содон шинэ бүтээлүүдээрээ амжилт олж байна. Өнөөдөр толгой эргэм амжилтаараа залуу тэрбумтанууд дэлхийд цахиур хагалж уламжлалт бизнесийн аргаар 30- 40 жилд бий болгох баялагийг 3- 4 жилд бий болгож чадаж байна. Үйлдвэрлэлийн технологи улам бүр нарийсаж хүний оюун ухаанаар бүтсэн хүчирхэг технологиуд хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөр “ХҮН”-д сэтгэх ажлыг л үлдээж байна. Цөөхөн тооны чадварлаг инженерээр удирдуулсан асар том үйлдвэрүүд, алсын зайн эмчилгээ оношилгоо, хил хязгаараас үл хамаарах хамтын ажиллагаа, хэл, үндэстэн ялгахгүй нэг харилцаа, өндөр технологид суурилсан бизнесүүд, нанотехнологи, биотехнологи, хэт өндөр чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойрын ирээдүйн хөгжлийн дүр зураг юм.

Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их  хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа. 
Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх цаг ирлээ.

ХҮН – БАЯЛАГ
ХҮН- ТӨВтэй бизнес

Жамсранжавын Лувсандорж