Хүмүүний сэтгэл зүрх муу муухай зүйлүүдээс ангид, хэрхэн оршиж болдгийг та олж мэдэрмээр байвал Монголын тал нутгийг зориорой!
8 жил, 11 сар өмнө

“Би Монгол хүн" гэж хэлэх бүрт миний өөдөөс харах царайн дээр мишээл тодорч, цэв цэнхэр нүд нь томорч ирээд л “Тийм үү? Та Монгол хүн юм уу? Ёстой үлгэрийн орноос ирсэн хүн байна даа" гэж хэлсэн хүмүүсийн тоо нэг биш ээ. Хорь гаруй жил гадаадад ажиллаж амьдрахад минь гадаад орны хүмүүс Монголчуудын тухай төрөл бүрийн л ойлголттой байдаг боловч “үлгэрийн, ид шидийн орон" гэдэг тодорхойлолт нь давамгайлаад байх шиг санагддаг юм.

Сингапурт суралцаж байхдаа танил болж яваандаа дотны найз болсон нэг Англи бүсгүй тээр жилийн зун миний хуриманд уригдаж Монголд ирээд хундагын үг болгож ингэж хэлж билээ : “Бяцхан охин байхад ээж минь намайг дүрсгүйтэж сахилгаггүйтэхээр, томоотой байхгүй бол “Монгол явуулна шүү!" гэж зандардаг байлаа. Намайг “Монгол гэж ямар газар байдаг юм бол ?" гэж асуухад тэрээр, маш хол тээр гялалзах алтан гадас одны чанга дор байдаг орон. Маш хүйтэн, зэрлэг чоно, баавгай ихтэй, хүмүүс нь бүгд урт гялалзсан сэлэмтэй, тэр сэлмээрээ ээжийнхээ үгэнд ороогүй сахилгагүйтсэн хүүхдүүдийг эрэгтэй эмэгтэй нь үл хамааран л шууд цавчдаг тийм л газар байдаг юм. Хэрэв зугтаах юм бол дэлхий дээр байдаг хамгийн хурдан морио унаад дор нь бариад авна гэж хэлдэг байж билээ. Том болох тусам өнөөх “аймаар" орны дүр зураг миний төсөөлөлд өөрчлөгдөн өөрчлөгдсөөр үлгэрийн орон болж хувирсан юм. Ажил албаны шугамаар их олон оронд очисон боловч миний мөрөөдлийн үлгэрийн Монгол яагаад ч биш л байдаг байлаа. Хичнээн би Монгол оронд очиж үзэх юмсан гэж бодсон ч ажилдаа автан огт зав гардаггүй байж билээ. Хэдэн жилийн өмнө би Гүнсэнтэй ажлын шугамаар танилцаж тэрээр манай компаний маш чухал түншийг төлөөлж байсан учир байдгаараа л мэргэжлийн өндөр төвшинг харуулах гэж хичээж байлаа. Харин түүнийг хүүхэд шиг тунгалаг мишээлээр мишээж, би Улаанбаатар хотоос ирсэн Монгол хүн Та хаанаас ирсэн хүн бэ гэж асуухад нь би золтой л ухаан алдчихаагүй, хоёр гар минь өөрийн эрхгүй чичрээд эхэлсэн. Өнөөдөр би өөрийн үлгэрийн орон болох Монголд ирж хайрт найзынхаа хуримын ёслолд оролцож байна. Миний төсөөлөлд байдаг үлгэрийн орон мөнөөс мөн, яг мөн байна. Монголчууд харин ээжийн минь ярьдаг үлгэрийн “мангасууд" биш гайхалтай сайхан сэтгэлтэй, үнэхээр жинхэнэ үлгэрийн баатрууд амилсан мэт хүмүүс байгааг хараад миний зүрх сэтгэл маш их догдолж яг л үлгэрт умбасан мэт гайхамшигтай сэтгэгдэлтэй байна..." гэсэн юм. Эдгээр үгс бол дотны найзын минь сэтгэлийн угаас гарсан үгс.

Монгол орны маань түүх судрыг сайн мэддэг судлаач, зохиолч, багш болон төрөл бүрийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж байхад яг л адил зүйлс ярьцгаана: “Үнэхээр ид шидийн орон, Монголд очоод, тэр хязгааргүй талын шөнийн тэнгэрт хайр найргүй цацагдсан оддыг харахад атгаад авч болох алмаз эрдэнэ дунд байгаа мэдрэмж яахын аргагүй төрдөг. Энэ агшинд, хичнээн чи өөрөө өөртөө энэ чинь бодит шүү дээ би дэлхий дээр, газар дээр байна гэж мянга хэлээд ч бодит байдлыг мэдэрч чадахгүй тийм мөч тохиодог. Өөрөөр бол Монголын тал нутгийн ид шидийн ховсонд автдаг юм" гэж ярих нь олонтоо тааралдана.
Эр зориг нь эцэстээ тултал чинэрсэн, эх орныхоо төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг номхотгох хүч чадал нь бахадсан, талаар дүүрэн давхих Монгол морьтон баатруудын сүнс биеийг чинь сүвлэн нисэхэд эрч хүч гэдгийг Та мэдрэх биш бүхий л бие мах бодиороо амтлах болно. Энхрий зөөлөн харц нь “ивий минь дээ" гэх шиг эмэгтэй хүний намуухан дуу, зөөлөн салхины хамт зүрхийг Тань атгахад Байгаль Эхийг та харах биш харин хэвлийд нь оршиж буйгаа мэдрэх болно. Тэнгэрт харвах одод хүүхэн харааг тань оноход хэн болохоо Та олно.
Хүмүүний сэтгэл зүрх муу муухай зүйлүүдээс ангид, хэрхэн оршиж болдгийг та олж мэдэрмээр байна уу?

Монголын тал нутгийг зорь!

Шарайд Борхүүгийн Гүнсэн

Фото: Учрал https://facebook.com/UchralsPhotography