Т.БАТТУЛГА: Арьсан урлал нь Монголчуудын уламжлалт нэн эртний урлаг бөгөөд Балбын дархан, Хятадын торго, Монголын арьс уран гэж ярьдаг
1 жил, 1 сар өмнө

Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Ингээд арьсан урлалын талаар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттулгатай ярилцлаа.


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-1967 онд Налайх дүүрэгт төрсөн. Налайхын ерөнхий боловсролын нэгдүгээр арван жилийн сургууль төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орсон. Ингээд Доржсүрэн багшийн удирдлага дор Арьсан урлагийн чимэглэгч, зураач мэргэжлээр төгссөн. 20 гаруй жил арьсан урлалаар уран бүтээлээ туурвиж явна даа.

-Арьсан урлалын гол түүхий эд нь мальн арьс, шир. Арьсаа өөрсдөө бэлддэг үү эсвэл боловсруулсан бэлэн арьс хэрэглэдэг үү?

-Манай улс мал аж ахуйн орон учраас арьсан урлал хөгжих бүрэн боломжтой. Арьс, ширний маш өргөн сонголттой. Хуучин нийгмийн үед Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тухайн үед боловсруулсан арьс худалдан авах боломж хомс. 1990 оноос чөлөөт зах зээлд шилжсэнээр Арьс ширний үйлдвэр хувьчлагдан хувийн жижиг үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар 20 гаруй арьс ширний хувийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт захиалга өгч боловсруулсан арьс худалдан авдаг.

-Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын чанарыг гадаад улсынхтай харьцуулбал хэр байдаг вэ?


-Боловсруулалтын хувьд муу биш, болхи түвшинд байгаа. Болхи тусмаа л чанартай байдаг. Гадаадад арьсыг сайн боловсруулснаар нимгэрч чанар мууддаг. Арьсыг зүйж залган томоохон бүтээл хийхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Ер нь, арьсан урлагт том хэмжээтэй бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Манай холбооны уран бүтээлчид цэвэр Монгол малын арьсыг уран бүтээлдээ ашигладаг. БНСУ, Хятадад боловсруулсан арьс хэчнээн гоё байсан ч Монгол арьсны чанарыг гүйцэхгүй. Хамгийн гол нь уран бүтээлийг боловсруулсан арьсаар хийх нь чухал. Түүхий арьсаар уран бүтээл хийж, чийглэг оронд үзэсгэлэнгээ гаргахад үнэр танар ороод юун хүн үзэх манатай болдог юм. Сүүлийн үед түүхий арьсаар хүүхэлдэй хийж байна. Түүхий арьсаар хийсэн эд дурсгалын зүйлс чийглэг оронд очвол үнэр ордог учраас уран бүтээл хийх нь сайн зүйл биш.
Би 2007 онд БНСУ-ын Чэжү аралд зургаан сарын турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ далайн эрэг дээр гаргасан. Боловсруулсан арьсаар хийсэн учраас ямар нэгэн асуудал гараагүй.

-Та уран бүтээлдээ голдуу ямар малын арьс, шир ашигладаг вэ. Харж байхад ихэвчлэн үхрийн зооны арьсан дээр Чингис хаан болон хөлөг баатруудыг дүрсэлсэн байх нь элбэг тааралддаг?

-Таван хошуу мал болон зээрийн арьсыг ч ашиглаж болно. Ямар нэгэн бүтээл хийхийн тулд эхлээд зохиомж буюу санаагаа буулган зургаа зурдаг. Зургийн дагуу хонь болон ямааны арьс хэрэглэх үү, эсвэл үхрийн ширэн дээр зурах уу гэдэг сонголтоо хийнэ. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж, нимгэн болон зузаан арьс үйлдвэрээс захиалан авдаг. Үхрийн ширэн дээр Чингис хааны хөрөг болон баатрууд зурдаг. Миний хувьд энэ чиг хандлагаас татгалздаг. Арьсыг өөрөөр нь л урлаг болгох ёстой байхгүй юу. Тэгж гэмээнэ л жинхэнэ арьсан урлаг болно.
Би “Та нар чулуун дээр зураг зурчихаад чулуун урлаг гэвэл хүн хүлээж авах уу” гэж хүмүүсээс асуудаг юм. Миний хувьд олон жилийн турш хөдөлмөрлөж байж арьсан урлагийн шинэ төрлийг бий болгосон.

-Тодруулбал?


-Манай судаачид судлаад яг ямар төрөл болох талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Зарим нь арьсан баримлын арга гэхэд нөгөө хэсэг нь ямар арга гэдгээ чи өөрөө л тодорхойл гэдэг. Би арьсыг өөрөөр нь нугалж 3D шиг харагддаг аргыг санаачилсан юм. Энэ шинэ бүтээлийн аргаа Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

-Хэдэн төрлийн аргаар арьсан дээр бүтээл урладаг юм бэ?

-Хөөмлийн болон релефийн арга гэж бий. Релефийн арга гэдэг нь арьсан дээр дүрс гарган зураад хурц багажаар ухаж сийлэхийг хэлнэ. Арьсыг релефдээд дараа нь хөмийлдөж нааш нь төвийлгөдөг.

-Манай уран бүтээлчид арьсан урлалаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс хийхдээ хуучны монгол технологоор хийдэг үү. Эсвэл шинэ техник технологи нэвтрүүлж байна уу?


-Ер нь арьсан урлаг бол бүх урлагийн анхдагч гэж би хувьдаа боддог юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх гээд л. Манай урлан уламжлалаа хадгалсан технологи дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг. Чөлөөт уран бүтээлчийн хувьд сюрреализм (бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй хийсвэр дүрслэлийн арга) чиглэлээр арьсан бүтээл урладаг. Нөгөөтэйгүүр, өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн авдарыг уламжлалт технологийн дагуу хээ хуар гаргасан малын арьсаар бүрдэг юм. Жишээлбэл, Монгол гутал оёдог аргыг малын арьсаар авдар бүрэхэд хэрэглэж байна. Мөн арьсан хөөмлийн аргыг ч давхар ашигладаг.

-Та бас арьсан авдар хийдэг. Захиалагчид ямар хээ угалзыг голлож байна вэ. Хуучин цагт авдар бүрийн нүүрэнд арслан зурсан байдаг. Арслантай авдар гэдэг дуу ч бий?

-Захиалсан хүний захиалгын дагуу авдарыг арьсаар бүрж өгдөг. Тогтсон хэв маягаар заавал арслан зурна гэхгүй. Арьс бол их гоё материал юм. Арьсаар авдрыг бүрж хээ хаур гаргахаар маш өвөрмөц, чамин эд болдог. Би нийтдээ 1000 гаруй авдар захиалгаар хийсэн. Захиалагч нар өөрсдийнхөө төрсөн жилийг авдартаа зуруулахыг хүсдэг. Хос авдар бүрүүлэхэд нэгэнд нь өөрийнхөө төрсөн жилийг, нөгөөд нь гэр бүлийн хүнийхээ төрсөн жилийг зуруулах жишээтэй. Зарим хүн хүүхдүүдийнхээ жилийг захиалж байхад нөгөө хэсэг нь үндэсний хээгээр зуруулъя гэдэг. Мөн эртний Хүннүгийн үеийн дүрсээр хийлгэе ч гэдэг. Захиалагчийн сонголт маш өргөн болсон. Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг тахилч Түдэв гуай 1930-аад онд модон авдарт хийж гадна талыг арьсаар ширлэж газарт нууж булсан байдаг. Үүнээс үүдээд авдарыг арьсаар бүрж ширлэх санааг олсон юм. Олон жилийн дараа авдарыг гаргаж ирэхэд дотор нь байсан эд зүйлс огтхон ч муудаагүй байсан. Учир нь, арьс чийг авангуутаа модонд дамжуулдаг. Хуурай үед мод чийгээ гадагшлуулахад арьс чийгийг нь өөртөө шингээдэг байна. Ингэж мод, арьс хоёр харилцан “Амьсгалдаг” юм. Тийм учраас дотор нь байсан зүйлс мууддаггүй. Авдар гэдэг нь “Аваад дар” гэсэн утгатай. Дээдсийн маань хойморт заларч байсан орчин үеийнхээр бол сейф гэсэн үг. Айлд авдар хосоороо байх учиртай гэж найстайчуул хэлдэг байсан.

-Та Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн хүн. Ер нь ямар зорилгоор холбоо байгуулах болсон болон ирээдүйд холбооны зүгээс юу хийх гэж буй талаар ярьж өгөхгүй юү?

-Арьсан урлагийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс нийлж 2007 онд Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбоог байгуулсан юм. Манай холбоо эгнээндээ 20 гаруй гишүүнтэй. Бүгд мэргэжлийн хүмүүс, сонирхогч байхгүй. Манай холбооны гишүүдийн нэг онцлог нь үйлдвэрлэлийн аргыг чухалчилдаггүй. Нэг цүнх хийсэн ч урлагийн бүтээл талаас нь ханддаг. Мөн ганц хувь л хийнэ. Хэзээ ч нэг загвараар олон цүнх хийхгүй. Ийм л зорилготойгоор манай холбооны гишүүд ажилладаг. Холбооны дэргэд “Уламжлал” нэртэй арьсан урлагийн сургалтын төв хичээллэдэг байсан. Багш нарын хоорондын үл ойлголцлоос болж жил хэртэй ажиллаад хаалгаа барьсан. Арьсан урлагт суралцахад хүний нас хамаагүй. Ялангуяа сурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүнд. Багш нар маань сургалтын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Арьсан урлалыг хүмүүс маш их сонирхдог болсон учраас сургалтын төвөө удахгүй нээнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр авьяас чадвартай хүүхдийг үнэ төлбөргүй сургах бодолтой байна.

-Арьсан урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлсийн гол худалдан авагч гадаадын жуулчид гэсэн ойлголт бий. Та түрүүн хэлсэн. Дотоодын иргэд маань арьсан урлалыг сонирхдог болсон гэж. Ер нь манай иргэд арьсан урлагийн бүтээл хэр зэрэг сонирхож байна вэ?


-Нэг үеэ бодвол, Монголчууд маань урлагийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг болсон байна. Арьсан урлалаар хийсэн бүтээлийн 70 гаруй хувийг Монголчууд худалдан авч байна.

-АСЕМ-ын уулзалтын үеэр олон жуулчин ирнэ. Тэд голдуу л арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авах байх. Жуулчдын сонирхлыг татах ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

-АСЕМ-ын жуулчдад зориулан худалдах эд зүйлсийн шалгаруулалт болно гэсэн. Хамтран ажиллагч маань жуулчдад бэлгэнд өгөх зорилгоор ногоолин гэдэг чулуугаар “Гэрэгэ” хийсэн юм. Энэ гэрэгний ширэн гэрийг биднээр хийлгэсэн. Шалгаруулалтад тэнцвэл олноор хийнэ.

-Танай холбоо гадаад харилцаандаа хэр анхаарал хандуулж ажилладаг вэ. Жишээлбэл, гадаадын жуулчдын компанийн сайтад хаягаа байршуулсан уу?

-Миний хийсэн бүтээлийн танилцуулга Азийн Арьсан урлагийн холбоо, Европын Арьсан урлагийн холбооны сайтад бий. Удахгүй Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог Азийн арьсан урлагийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлнэ. Манай уран бүтээлчдийн ур чадвар бол Ази, Европын уран бүтээлчдээс огтхон ч дутахгүй. АНУ-ын арьсан урлагийн хоёр мастер хүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэднийг Монголд хамтарсан үзэсгэлэн гаргахаар урьсан, удахгүй ирнэ.

-Ер нь, арьсан урлаг бусад оронд хэр хөгжсөн байдаг юм бол. Азийн, Европын гээд хийц дизайн нь өөр байх уу. Энэ талаар хэлбэл уншигчдад сонин байх?


-Юугаар баян, түүгээр дайлна гэдэг үг байдаг. Монголчууд малын арьс, ширээр “Тоглодог” улс. Гадаадын уран бүтээлчид бүс, цагны оосор хийсэн ч “Art” буюу урлаг гэж үздэг. Монголчууд бол бүс, цагны оосорт хэрэглээ талаас ханддаг. Болгар улс нэг хэсэг арьсан урлалаар Европт тэргүүлж явсан үе бий. Болгарын уран бүтээлчид бол арьсыг чимэглэх талаас урладаг. Жишээ нь, түрийвчин дээрх дүрсийг релефийн аргаар хийдэгээрээ онцлог. Европ болон Азийн улс орнуудад гар аргаар хийсэн гэдгээрээ арьсан эдлэлийн үнэ өндөр. Голдуу үхрийн ширэн дээр релефийн аргаар хийдэг юм байна лээ. Намайг оюутан байхад энэ аргыг ханын чимэглэл хийхэд ашигладаг байсан юм. Гадаадын уран бүтээлчдийн дийлэнх нь байгаль, ан амьтны зургийг уран бүтээлдээ ашигладаг.
Австралийн арьсан урлагийн уран бүтээлч эмэгтэйтэй интернэтээр харилцаж ганц нэг бүтээлээ солилцдог байсан. Тэр уран бүтээлч урт нь нэг метр 50 см, өргөн нь нэг метртэй үхрийн ширэн дээр бугын зураг зурсан бүтээлээ 30 мянган еврогоор үнэлсэн байсан. Миний хийсэн урт нь хоёр метр, өргөн нь нэг метр 50 см үхрийн ширэн бүтээл 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ам.доллараар бол 5-6 мянга болно. Ийм үнээр гадаадын ганц нэг иргэн худалдан авчихдаг юм. Мөн манайхан ч гэсэн худалдан авдаг. Миний хийсэн арьсан динозавр Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй.

-Сүүлийн үед маш олон сургууль арьсан урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Шинэ үеийн төгсөгчдийн ур чадвар хэр байна вэ?

-Монголд арьсан урлал хөгжихөд шаардлагатай бүх зүйл бий. Гагцхүү хийх л хэрэгтэй . Миний үед цөөхөн хүн арьсан урлалын чиглэлээр төгсдөг байсан. Шинэ залуу уран бүтээлчдийг ажиглахад шинэ санаа олчихоод уран бүтээл болгож чаддаггүй. Учир нь “Зарагдахгүй бол яана” гэж эмээдэг. Уран бүтээл хийх гэж авсан арьсаараа түлхүүрийн оосор хийвэл хурдан зарагдана гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байна. Би шавь нартаа “Толгойд буусан санаагаа цаасан дээр хуулж, чөлөөтэй хий” гэж захидаг. Бусад улсаас Монголын маань нэг ялгарах онцлог нь арьсан урлаг байгаасай гэж би боддог юм. Энэ чиглэлд хувь нэмрээ оруулж явна.
Эх сурвалж: www.assa.mn