Тавхан үг- амжилтанд хүрэх түлхүүр
12 жил, 10 сар өмнө

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ЭРЖ ОЛООД ХАНГАГТУН

Гэсэн энэ тавхан үгэнд санхүүгийн амжилтанд хүрэх түлхүүр, өөртөө бат итгэх, өөрийгөө тоож ойшоохын түлхүүр оршино.

Хэн хүний эрэлт хэрэгцээг л ангадаггүй бол нэг ч үйл хэрэг, нэг ч ажил гэж байхгүйсэн. Эрэлт хэрэгцээ нь өчүүхэн бол шан нь өчүүхэн байхаас гадна, энэххүү зорилгыг хэрэгжүүлчихлээ гэхэд та сэтгэл ханахгүй хоцорч ч мэднэ. Эрэлт хэрэгцээ нь угаасаа нүсэр их байх юм бол шан харамж нь мөн л их байх агаад сэтгэл ханах мэдрэмж, улам улам ихийг сэдэн бүтээх хүсэл тань чухамхүү цаглашгүй болно шүү.

Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч нийгэмд буй ямарваа нэг эрэлт хэрэгцээг л хангаж байдаг нь тодорхой. Бичиг дансны ажилтан, биеийн хүчин үнэлэгчид, хоол зөөгчдийн аль аль нь хүнд хэрэгтэй л ажил хийж байна. Гэвч тэдэнд ноогдож буй шаардлага харьцангуй их бус болохлоор тэд ч их бус шан харамж авдаг.

             Автотэрэгний асаагуур сэдэн бүтээсэн Чарльз Кеттеринг гараараа мануйлдаж асаах төвөгтэй ажлаас хүнийг чөлөөлж, ингэсний үр дүнд чухамдаа бүх хүнд (ялангуяа эмэгтэйчүүдэд) машин жолоодох боломжийг өгсөн билээ. Кеттеринг сая сая хүнийг автотэрэг ашиглах боломжоор хангасан байна. Тэрээр нийгэмд буй болсон эрэлт хэрэгцээг л олоод хангасан байна. Чухамхүү үүнийхээ хариуд цаглашгүй их шан харамж хүртсэн юм.

Бүх Америк даяар эрэгтэй эмэгтэй өдий төдий хүн арай чарай амь зуудгийн учир юун гэвээс, тэдний өөрсдийнх нь хангаж буй, орчин тойронд нь байгаа эрэлт хэрэгцээ тэдний чадвар боломжтой харьцуулах юм бол тун ч шалихгүй. Гэтэл тэд чадвар боломжоо өөртөө болон орчныхондоо тун ч ашигтайгаар зарцуулж болохсон билээ.

Энэ санааг тодруулах жишээ татъя.

Дунд зэргийн чадвар боломжтой залуу банкны доогуур зиндааны түшмэдийн алба хаахдаа, энэ ажилаа цэвэр цэмцгэр ажил, түүнээс гадна “Би Үндэсний тэргүүн банкинд алба хашдаг” гэж ам бардам хэлж болох тул өөрийнх нь “би”-гийн зиндааг дээшлүүлж байна гэж үздэг. Гэвч цалин пүнлүүгээ түргэн ахина гэж найдах найдваргүй гэдгийг төдөлгүй ухаарна. Ийм банкны залуу албан хаагчид арай өндөр зиндааныхнаас нэг нь тэтгэвэрт гарч суудал сулрахад л тушаал ахих болно. Суудал суларлаа ч гэсэн доогуур зиндааны өдий төдий залуу түшмэдээс цорын ганц нь л тушаал ахина. Ийм тохиолдолд аливаа хүн нэг талаас, атаархаж, хэн нэгийгээ егүүтгэхийг эрмэлзэнэ, нөгөөтэйгүүр, сэтгэлээр унаж гутарна. Банкны эздийн хувьд бол мань залуугийн хийдэг ажлыг дунд зэргийн чадвартай ямар ч залуу хүн гүйцэтгэж чадах болохоор мань хүнийг халж сольчихоос гудайхгүй. Тэгээд ч нэмэрлэж байгаа шалихгүй ашиг тус, цалин хлс хоёр нь ч шууд хамааралтай байгаа хэрэг.

Тийм болохоор, мань залуу банканд нэн чухал тийм ажлыг хийх боломжийг олж байж л цалингаа нэмэгдүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа сэтгэл хангалуун байх цорын ганц замтай юм. Өөрөөр хэлбэл, одоогынх нь үйл ажиллагаа хангаж байгаагаас илт илүү эрэлт хэрэгцээг л олоод хангах хэрэгтэй гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэх олон арга зам бийгээс заримыг дурдъя:

1.   мэдлэгээ дээшлүүлж нэмэгдүүлхийн тулд банкны үйл ажиллагааг улам няхуур судалж болно.

2.   Арай илүү өгөөжтэй өөр ажилд орж болно.

3.   Ганцаараа, эсвэл өөртэй нь ижил чадвар боломжтой хүмүүстэй нэгдэж өөрийн гэсэн ажил үйлс өрнүүлж болно.

4.   Ганцаараа, эсвэл бусад хүмүүстэй нэгдэж шинэ санаа сэдэж боловсруулаад, ийм санаа саналын эрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүст худалдаж болно.

Энэ бүх арга замын хүрэх гол зорилго бол өөрийнхөө чадварыг зарцуулж ашиглах хүрээг л тэлэхэд оршино. Гэвч арга тус бүрийг тус тусад нь авч үзье. Учир шалтгаангүйгээр ажлаа өөрчлөх юм уу, өөрийг гэсэн үйл ажиллагааг үндэслэл муутай эхлэх гэдэг тэнэг хэрэг. Нийгэмд буй эрэлт хэрэгцээг л хэрхэн хангах, одоогийнхоосоо илүү их ашиг тусыг нийгэмд хэрхэн өгөхөө тухайн хүн ухамсартайгаар эрж хайх ёстой.

Үүнийг ухаарч ойлгохгүй байгаа хүн бол цөхрөнгөө бараад гингэнэж гонгинож байдаг муурын зулзага л гэсэн үг.

Тийм хүмүүс ихэвчлэн, “Хөршийн хийж байгааг би нэг хийгээд үзье” гэдэг. Тийм хүмүүс өөр хүний нэгэнт сэдэж хийсэнг давтдаг боловч арай боловсронгуй болгодог. Тэдний найддаг цорын ганц зүйл бол аль болохоор хурдалж гүйцээд “үйл ажиллагааны өөрийн хэсгийг” шүүрч авах чадвар нь л болдог. Гэвч ийм хүмүүс бусдын хийснээс онцгой ялгарах, сор болохоор юм сэдэн бүтээж ерөөсөө чаддаггүй.

Тийм хүмүүс өөрийнхөөсөө өөр хэний ч эрэлт хэрэгцээг хангадаггүй. Тийм хүмүүс “үйл тамаа эдлэж байна” гэж гоншигнож байдаг. Тийм хүмүүсийн гэргий нар ч нөхрөө ямагт ажилд дараастай, эцэс төгсгөлгүй өрсөлдөөнд орооцолдсон, гагцхүү ажлаа л гэдэг, амарч цэнгэж чаддаггүй, нойрны эм тан хайж эмчид байнга үзүүлэх юм гэж сэтгэл гонсгор байдаг.

Иймэрхүү байдалд орчихгүйн тулд эрэлт хэрэгцээг эрж хайхтун!

Хажууд тань, эргэн тойронд нь тань, хаа сайгүй байгаа эрэлт хэрэгцээг шүү.

 

Эрэлт хэрэгцээг

эрж олох нь 

            Нүдэнд үл үзэгдэх эрэлт хэрэгцээг эрж олох хамгийн ашигтай аргыг хүн өөрөө л олох ёстой.

Бүрэн итгэлтэй хэлж болох нэг зүйл гэвэл эрэлт хэрэгцээ таныг эрж хайх бус, харин та эрэлт хэрэгцээг хайж олох ёстой юм шүү. Та ийм зорилго тавивал хүчин чармайлтанд тань совин ч туслах болно. Харин онгод бол совин татсаны л үр дүн билээ. Зохих шийдийг уйгагүй эрж хайхад аз тохиох явдал бишгүй л байдаг.

Төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Алекс Левитийн тухай хуучилъя. Энэ хүн орон тооны ажилтантай, бас зарим нэг тоног төхөөрөмжтэй байсан байна. Тэгээд гэр ахуйн багаж төхөөрөмж үйлдвэрлэхээр санаа шулуудсан юм санж. Зах зээлийн судалгаанаас нэг удаа уншиж байгаад олонх эмэгтэйчүүд тоос сорогч ерөөсөө ч хэрэглэж үзээгүй тухай мэджээ. Чухам энэ зүйл л үйл ажиллагааныхаа хойшдын чиглэлийг төлөвлөхөд нь түлхэц болсон ажээ. Энэ асуудлыг судалж эхлэнгүүтээ л, үйлдвэрлэгчид тоос сорогч үйлдвэрлэх болсноороо хойш захзээлийг тоос сорогчоор хангахад л анхаарч жижиг сажиг зүйлээр л сайжруулах төдийгөөр зөнд нь орхисонг мань хүн ухаарчээ.

/үргэлжилнэ/