Сэтгэлийнхээ гүн мухарт унтаж буй хүсэл мөрөөдлөө сэрээ!
12 жил, 8 сар өмнө

Хүн хүүхэд байхдаа хязгааргүй ихээр мөрөөдөж байснаа өсөж том болохын хэрээр тэрхүү мөрөөдөл нь аажим аажимаар багасаж эцэс сүүлдээ ямар ч хүсэл мөрөөдөлгүй зүгээр л ажлыг мал болж хувирдаг. Бандгар  охин хүртэл би балетчин болно гэж мөрөөдөж байснаа том болоод ирэхээрээ “Би тарган” гээд больчихдог. Тэгэхээр бид ийм жаахан болзол шалтгаанаас болоод өөрийн агуу хүсэл мөрөөдлөө гээдэг байна.

 Нийгмийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэх эрч хүч, нөөц бололцоог агуулж байдаг хэсэг бол яах аргагүй залуус. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуус маань тэгвэл өнөөдөр юу мөрөөдөж, хэрхэн амьдарч байна вэ? Энэ цагийн залуусын хүсэл мөрөөдөл хаана явна вэ? Тэд юу сонирхдог, юу мэдэхийг хүсдэг, юуг хамгийн сайн хийж чаддаг, бас мэддэг вэ? Энэ асуултанд зарим залуус бүдрэх вий гэсэн бяцхан айдас төрж байна. Мөн хобби нь юу вэ гэж асуухад бодоод бодоод хариу хэлж чаддаггүй залуус ч цөөнгүй байгаа байх. Хүн аливаа зүйлийг бүгдийг нь мэддэг, чаддаг байх албагүй. Гэлээ гэхдээ хүнд бусдаас илүү хэмээн бардам хэлж чадах зүйлтэй байх хэрэгтэй.

Залуусын олонх нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд дасан зохицож чаддаггүй бөгөөд гэр бүл, амьдрал ахуйгаа өөд татаж чадахгүй байх нь нийтлэг үзэгдэл болжээ. Сүүлийн жилүүдэд залуучуудын гэр бүлийн үнэт зүйл, эрхэм нандин холбоо алдрах байдалтай болсон нь нууц биш. Гэр бүл салалт нэмэгдэж, гэрлэлт оройтох, тусдаа болон ердийн байдлаар хамтран амьдрах, хайр сэтгэл, ёс суртахууны холбоо сулрах зэрэг сөрөг хандлагууд нь мөн л залуучуудын хүрээний зүйл гэж хэлж болно. Залуус маань тодорхой хүсэл мөрөөдөлгүй, ганц ч болов хийж чаддаг зүйлгүй, ажилгүй, дээр нь арчаа муутай бол харанхуй хавцал руу нисч яваатай адил билээ. Өнөөдөр бидний дунд нийгмийн сор болсон оюунлаг олон сайхан залуучууд ажиллаж амьдарч яваа. Тэднийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ архидалт, ажилгүйдэл, ядуурал залхуурал нийгэмд газар авч, жингийн туухайг илүү дийлж, бүр байчихаад Монголын ирээдүй болсон залуусыг минь отоод зогсч байгаа юм биш байгаа.

Тэгвэл залуустаа урам зориг өгч өөрийн амьдралдаа дахин нэг дурлах боломжийг олгох үүднээс энэхүү нийтлэлээ бичиж байна. Хүний амьдралыг хөдөлгөх эрчим хүч, урагшаа тэмүүлэх энергийн хамгийн том, дундрашгүй эх сурвалж бол яах аргагүй ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ юм. Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг амьдралдаа зорилготой төлөвлөгөөтэй байна гэсэн үг. Тиймээс та чин сэтгэлээсээ хүсэж мөрөөд. Хамгийн гол хүсэл мөрөөдлөө ол тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдар. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажиллаж байгаа үед ялалт амжилт өөрөө урсаад ирнэ.
Амьдралын зорилго бол хугацаа тавьсан хүсэл мөрөөдлөөс ундарч урган гарч ирдэг. Хүний амьдрал бол аялал юм. Эхлээд аялалынхаа чигээ тодорхойлох нь чухал. Хүсэл мөрөөдөл нь хаашаа явах замыг тань зааж өгдөг луужин юм. Мянган бээрийн аялалыг нэг алхамаас эхэлдэгтэй адил бид эхний алхамыг л хийх нь хамгийн чухал. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө нэг ч алхамыг хийлгүйгээр энэ хорвоогоос халин одох шиг харамсалтай зүйл байхгүй. Үүнийг уншиж буй танд хүсэл мөрөөдөл бий юу?, магадгүй таны сэтгэлийн тань мухарт нуугдаж байгаа бол хүсэл мөрөөдлөө сэрээгээрэй...
Та тэрхүү сайхан хүсэл мөрөөдлөө эхлээд бодол санаандаа ургуулан бод. Дараа нь хүсэл мөрөөдлөө биелэнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Үхэр хулганыг тосонд хийхэд тасралтгүй самардсаар байгаад, тос царцаж амьд үлддэг шиг бид аливаа зүйлийг 4-5 удаа оролдож үзээд болохгүй байна гээд цөхрөөд, дахин оролдохгүйгээр хаяхын оронд тасралтгүй тэмцэх хэрэгтэй. Найдвар нэгэнт үзэгдэхгүй байсан ч үзэлцэх хэрэгтэй. Та миний амьдрал нэг л бишээ гэж амьдралаа голон, шүүмжилж бодоод зүгээр суух биш харин бусдын амьдралтай өөрийнхөө амьдралыг жишиж эд нар шиг яагаад амьдарч болохгүй гэж хэмээн бодон цөхрөлтгүй зүтгэ тэмц, зорилготой, тэвчээртэй, зоригтой бөгөөд тууштай бай. Байж болохгүй сул талыг сайн тал болгож өөрчлөхийн төлөө зүтгэж ажилла. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоохгүй.

Та өөрийнхөө хамгийн их хийхийг хүсдэг ажил, авахыг хүсдэг зүйл, явахыг хүсдэг газар, ямар хүн болохыг хүсдэг энэ 4 талбар дээрээ хүсэл мөрөөдлөө  тодорхой хугацаа зааж жагсааж бич. Хэдий хэр хугацааны дараа гэдгээ тодорхой бичвэл сайн. Ингэж бичсэн мөрөөдлөө аль болох биедээ авч явж ойр ойрхон уншиж байнга өөртөө сануулж бай. Хүсэл мөрөөдлөө хэн нэгэнд хэлэхэд биелэх магадлал нэмэгддэг учраас та хамгийн ойр дотны найздаа өөрийн хүсэл мөрөөдлөө хэл. Дараа нь хүсэл мөрөөдөлтэйгөө холбоотой фото  зургуудаар хүсэл мөрөөдлийн самбарыг хий. Тэгээд мөрөөдлөө алхам тутамдаа биелчихсэн байна гэж төсөөлөн бодож таларх. Удахгүй таны бүх хүсэл мөрөөдөл  тань тодорхой хугацааны дараа биелэх болно. Хэдий хэр хугацаа вэ? гэдэг нь та хэр их хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж зүрх сэтгэлээ савлуулахгүйгээр хүсэж мөрөөдөж, тасралтгүй, уйгагүй, шантрахгүйгээр ажиллаж хөдөлмөрлөсөнөөс тань шалтгаална.

Нэг ч хоног мартаж чаддаггүй, ажил ихтэй ямар ч завгүй байсан үргэлж тархинд тань хадаатай байдаг, дотроос чинь маажиж, шөнө зүүдэнд чинь орж ирдэг таны агуу хүсэл мөрөөдөлүүд тань биелэх болтугай.
МӨРӨӨДӨЛӨӨ БИЕЛҮҮЛЦГЭЭЕ...!

Миний хүсэл мөрөөдөл унтраагүй цагт надад гутрах тухай ойлголт  байхгүй...