Сэтгэлгээг хөгжүүлж болох уу?
12 жил, 9 сар өмнө

БХА: Бүх Хүчин Зүйлийг Авч Үзэх

БХА бол тухайн нөхцөл байдал дах бүх л хүчин зүйлсийг авч үзэхийг хичээн чармайх үйл явцын хэлбэржилт юм.

Сэтгэлгээний энэ үйл ажиллагаа нь үйлдэл, шийдвэр, төлөвлөгөө ба дүгнэлт гаргахтай салшгүй холбоотой.

Хүмүүс аливаа санааг эцэслэн шийдвэрлэхдээ бүх л хүчин зүйлсийг тооцоолсон гэж үздэг боловч ихэнхдээ тэдний ажиллагаа нь илэрхий нэг хоёрхон зүйлээр л хязгаарлагдсан байдаг. БХА-г зориудын ажиллагаа болгох нь хүний анхаарлыг чухал хүчин зүйлийг хайдаг байдлаас бүх хүчин зүйлийг хайх ажиллагаа руу шилжүүлнэ. Бүх хүчин зүйлсийг авч үзэхдээ доорх томъёоллыг ашиглаж болно.

· өөрт нөлөөлөх хүчин зүйлс

· бусдад нөлөөлөх хүчин зүйлс

· нийгэмд нөлөөлөх хүчин зүйлс

Шийдвэр гаргах, төлөвлөлт хийх зэрэгт орхигдсон хүчин зүйлсийг онцлон тэмдэглэхэд хичээл чиглэгдэнэ. БХА гүйцэтгэх явцад оюутнууд аль болох чухал хүчин зүйлсийг жагсаахыг оролдох ба энэ хүчин зүйлийнхээ чухал гэдгийг олж харах, ямар хүчин зүйл нь хаягдсан гэдгийг тогтоохыг хичээх хэрэгтэй. Бусад хүмүүст буюу тухайн хүн өөртөө ”Ямар хүчин зүйлийг би анзааралгүй орхисон байж болох вэ?” гэсэн асуултаар хандаж БХА-г хэрэглэж болох юм.

БХА нь ЭССо-ээс ялгаатай бөгөөд ЭССо бол санаанд өгөх хариу үйлдэл байдаг бол БХА нь санаа гарч ирэхээс өмнөх нөхцөл байдлын судалгаа шинжилгээ нь болдог. Эдгээр хоёр хэрэгсэл нь зарим талаар давхцах тохиолдол байдаг, учир нь ихэнх хүчин зүйлс илэрхий эерэг болон сөрөг талуудтай байдаг. БХА-ийн зорилго нь боломжийн хэрээр бүрэн цогц байх, мөн хүчин зүйлсийг таатай, таагүй гэж харахын оронд тэдгээрийг бүгдийг нь авч үзэхийг хичээдэгт оршдог.

 

БХА= Бүх хүчин зүйлсийг авч үзэх:

Аливаа шийдвэр гаргах, сонголт хийх эсвэл ямар нэгэн зүйлийн талаар бодох хэрэгцээ гарах бүрд тооцон авч үзэх хэрэгтэй хүчин зүйлс үргэлж байдаг. Хэрвээ та олон зүйлсийн заримыг нь орхивол таны сонголт тухайн үедээ зөв юм шиг санагдсан ч хожим нь буруутаж болно. Та бусад хүмүүсийн сэтгэлгээг харж байхдаа тэд ямар хүчин зүйлийг авч үзэлгүй орхигдуулж байгааг харахыг хичээгээрэй.

Жишээ: Хэдэн жилийн өмнө нэгэн том хотод “шинэ байшин бүр тухайн байшинд ажиллаж байгаа хүмүүсийн машиныг тавих боломжоор хангагдсан томоохон гаражтай байх ёстой” гэсэн хууль үйлчилдэг байв. Хожим нь энэ хуулийг алдаатай гэж үзэн өөрчилсөн байна. Яагаад ингэсэн бэ?

Хууль тогтоогчид машин тавих газрыг хангаснаар хүн бүр ажилруугаа өөрийн машинаар ирж очиход хүргэнэ, цаашилбал энэ нь замын ачааллыг ихэсгэнэ гэдгийг тооцож үзээгүй мартсан байна.

Дасгал 1. Эхнэр нөхөр хоёр хуучин автомашин худалдан авах гэж байна. Тэд дараах хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй гэж үзэв. Үүнд:

- Худалдаж байгаа хүн нь автомашины эзэмшигч нь үнэхээр мөн эсэх

- Машины үнэ

- Машины загвар ба өнгө

- Хөдөлгүүрийн хүчин чадал болоод машины хурд

- Механик хэсгүүд бүрэн ажиллаж байгаа эсэх

- Гэр бүлийн бүх хүмүүсийг багтаах хангалттай том зайтай эсэх

Өөр орхигдуулсан хүчин зүйлс байгаа эсэхийг бодож үзээрэй.

Зөвлөмж:

· Тэдний хүүхдүүдэд машин таалагдахгүй байж болно.

· Түүнчлэн тэд автомашиныг худалдан авах чадалтай байлаа ч гэсэн хэрвээ шатахуун их иддэг бол түүнийг хангах боломж тааруу байж болно.

· Гаражид багтахгүй байж болно (гараж байгаа нөхцөлд)

Дасгал 2. Шинийг санаачлагч бүхий л хэрэгцээт тэжээл болоод амин дэмийг агуулсан үрэл хийсэн гэж саная. Үрлийг идсэний дараа 5 цагийн туршид огт өлсөхгүй. Энэ үрлэн хоолыг хэрэгцээнд гаргахыг зөвшөөрөх хэрэгтэй юу? Ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

Зөвлөмж:

· зарим хүмүүс энэ үрлэн хоол хүнс тэжээлийн бүхий л хэрэгцээт зүйлсийг өөртөө багтаадаг гэдэгт итгэж байхад зарим нь юун тухай яриад байгааг ойлгохгүй байж ч магад.

· Фермер, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон дэлгүүрүүд яах вэ?

· Аяга таваг хэрэглэхгүй, угаахгүй болно.

· Та ажил руугаа явж байхдаа л өглөөний хоолоо идчихнэ.

· Хүмүүст идэж байгаа хоолноосоо таашаал авах хэрэгтэй байтал үрлэн хоол таашаал төрүүлэхгүй.

· Хүмүүсийн ходоод агших болов уу?

· Хэрвээ үрэл өглөөний хоолонд хэрэгтэй байсан ч гэсэн энэ нь өдөрт идэх хоол болгонд хэрэгтэй байх уу? Энэ нь ямар нэгэн гэм хор дагуулахгүй биз?

Зарчмууд:

А. Сонголт хийх, шийдвэр гаргах, төлөвлөхийн өмнө БХА-г гүйцэтгэх нь ашиг тустай байдаг.

Б. Эхлээд бүх хүчин зүйлсийг авч үзээд дараа нь илүү чухлыг нь ялгах нь дээр.

В. Чухал хүчин зүйлийг авч үзэлгүй орхигдуулсан эсэхийг өөр хэн нэгнээс асуух хэрэгтэй.

Г. Хэрвээ та чухал хүчин зүйлийг авч үзэхээ орхигдуулсан бол тухайн үедээ зөв мэт байсан ч хожим нь буруу болон эргэж болно.

Д. Хэрвээ та БХА-г хэн нэгний сэтгэлгээнд хийж үзвэл та тэр хүнд юуг орхигдуулсаныг хэлж чадна.

Та дараах санаанууд дээр БХА хийж сэтгэлгээгээ дасгалжуулаарай.

· Ирээдүйн мэргэжилээ сонгоход

· Сандал хийхэд ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

· Залуу хосууд одоо шууд гэрлэх үү эсвэл хүлээзнэх үү гэдгээ шийдэж ядан байна. Тэд ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

· Амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ шийдэхдээ та ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

Оюуны чадварын IQ төв