Содовын ДАШДУЛАМ: Чи хэнийг ч нийгмийн анги давхраагаар нь биш хүн гэдэг үүднээс нь хайрлаж, хийж байгааг нь хүндэлж, баярлаж талархаж л явбал таны ч гэсэн амьдрал сайн сайхан болно
13 жил, 1 сар өмнө

Олон улсын “Fohow” корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Алтан лидерүүдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Гурван каратын бриллиант”,  “Алтан лектор” цолтон Содовын Дашдуламтай уулзаж ярилцлаа.

Өдрийн мэнд. “Мөнгө” сэтгүүлийн уншигчдад компанийхаа үйл ажиллагааг танилцуулаач.

Манай компани олон улсын зах зээлд 2007 оны 2-р сарын 18-нд дэлхийн зургаан оронд нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. БНХАУ-ын Гуан Ду мужаас гарал үүсэлтэй. Хүний хөгжил, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын шууд худалдааны корпораци юм. Одоогийн байдлаар дэлхийн дөрвөн тивийн  20 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж, жилээс жилд, сараас сард үйл ажиллагаагаа өргөжүүлж, маш олон тооны хэрэглэгчид нэмэгдсээр байна. Хамгийн гол онцлог нь 5000 гаруй жилийн турш Хятадын хаадуудын хэрэглэж байсан жорыг орчин үеийн нано техонологийн аргаар боловсруулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Компаний дэргэд өөрийн гэсэн хоёр эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Нэгд нь үндсэн бүтээгдэхүүнүүдийнхээ туршилтыг хийдэг институтыг Хятадын удирдагч нарыг, тэр дундаа Комунист намын удирдагч байсан Мао Цзедуныг олон жилийн турш эмчилж байсан, Хятадын уламжлалт анагаах ухааны бэлгэ тэмдэг,нүүр царай гэж нэрлэгддэг, ордны хаадуудын эмч нараас гарал үүсэлтэй, удам залгасан эмч Тан Южчи удирдаж ажиллуулдаг. Олон зууны турш хааны ордныхныг эмчилж, уламжилж ирсэн, эрүүл байлгах, урт удаан наслуулах хадгалж ирсэн нууц жороо 1992 онд ОУ-ын хэмжээнд, хүн төрөлхтний эрүүл мэндэд зориулъя гэдэг маш зоригтой, удмынхаа ёс заншлыг эвдсэн алхам хийснээрээ ОУ-ын ШУ-ы “Альберт Эйнштэний нэрэмжит шагнал”-ыг хүртсэн нэр төртэй хүн энэ институтыг удирдан ажиллуулж байна.

Сүлжээний бизнесийг бидэнд ойлгогдохоор энгийнээр тайлбарлаж өгөөч. Бусад бизнесүүдээс юугаараа ялгаатай байдаг юм бол?

Хүний эрүүл мэнд гэдэг мөнгөөр хэмжигдэх зүйл биш л дээ. Хамгийн чухал хөрөнгө бол эрүүл мэнд. Гэхдээ эрүүл мэнд доройтох юм бол зайлшгүй мөнгө хэрэгтэй болно. Өнөөдөр мөнгөгүйгээр бүтэх юмгүй, амьдрал гэж байхгүй болсон цаг үед бид амьдарч байна. Тэхээр мөнгө сайхан амьдарч, эрүүл байж, өөрийнхөө хүссэнээр эрх чөлөөтэй амьдрахын тулд зайлшгүй хэрэгтэй. Сүлжээний бизнес бол агуу том шинжлэх ухаан. Өнөөдөр дэлхийн зах зээлд албан ёсоор хийгдэж эхэлснээс хойш 60-аад жилийн нүүр үзэж байгаа үнэхээр шалгарсан, ялангуяа хэрэглэгчдэд илүү өгөөжтэй шалгарсан арга гэдэг нь нэгэнтээ нотлогдчихоод байна. Монголд орж ирээд 15 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа харьцангуй залуу бизнес гэж болно. Уламжлалт бизнесээс шал өөр. Хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Сэтгэл зүрхнээсээ бие биендээ харилцан туслалцах үүднээс сайн сайхны төлөө хийгдэх ёстой, харилцааны, хүн ёсны бизнес юм. Би хувьдаа гэхэд өнөөдөр дэлгүүрээр бараг үйлчлүүлдэггүй. Яагаад гэвэл би 11 дэх жилдээ сүлжээний бизнест ажиллаж байгаагийн хувьд сүлжээний маркетингаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа компаний бүтээгдэхүүн хамгийн чанартай гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан. Шууд худалдааны компаний бүтээгдэхүүн нь үйлдвэрээсээ шууд хэрэглэгчид очдог гэдгээрээ онцлогтой байдаг. Ямар нэгэн шат дамжлага дамжилгүйгээр, илүү зардал гаргалгүйгээр ирж байдаг. Тийм ч учраас бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудал гарвал үйлдвэрт шууд мэдэгдэнэ гэсэн үг. Үйлдвэр бүтээгдэхүүнээ хүний гар дээр шууд өгч байгаа учраас чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй шүү дээ. Сүлжээний бизнес 2 янзын шугамаар яваад байх шиг байна. Нэг нь бүтээгдэхүүнээ шууд дистрибьютерээрээ дамжуулж зах зээлд гаргаад сүлжээний маркетингаар борлуулж байгаа нэг хэлбэр. Нөгөө нь тодорхой хэмжээгээр сүлжээний компанид ажиллаж байгаад амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдөө эрж хайгаад ямар нэгэн үйлдвэртэй гэрээ хэлэлцээр байгуулдаг. Тэдгээр хүмүүс ухаантай, мэдлэгтэй, өөрсдөө үйлдвэргүй ч гэсэн сайн бүтээгдэхүүнтэй үйлдвэртэй гэрээ байгуулж ажилладаг. Гэхдээ үүний нэг эрсдэлтэй тал нь, жишээлбэл би өнөөдөр нэг бүтээгдэхүүнийг 10$-оор авдаг байсан бол хэн нэг нь 12$-оор авах санал тавьж үнийг нь цохиж авах боломжтой. Мэдээж үйлдвэрлэгч аль өндөр үнэ хэлсэнд нь бүтээгдэхүүнээ өгөх сонирхол төрнө. Үүнээс болоод хийсэн гэрээгээ цуцлах, эсвэл гэрээгээ богино хугацаагаар хийн ажиглаж байгаад үнэхээр гүйлт ихтэй, борлуулалт сайтай байвал мэдээж илүү үнэ хэлсэнд өгдөг. Тэгэхээр анхны зуучлагч байсан хүний гар дээр бэлэн бүтээгдэхүүн байхгүй болж хэрэглэчид бүтээгдэхүүнээ авч чадахаа байна. Эсвэл үнэ нь нэмэгдэнэ. Үүнээс болоод бас эргэлзээ тээнэгэлзэл гараад байх шиг санагддаг юм.  Гэхдээ нэгэнт л 21-р зуунд хүлээн зөвшөөрөгдсөн энэ бизнесийг хийх сонирхолтой хүмүүс олон байгаа. Илүү зав чөлөөгөө ашиглаж эдийн засгийн боломжийг эдэлье гэсэн хүмүүс олон бий. Энэ хүмүүст би 11 жилийн турш энэ бизнесийг эрхэлж байгаа хүний хувьд судалгаагаа их сайн хийх хэрэгтэй, “энэ үнэхээр үйлдвэрлэгч байна уу үгүй юу, өөрийн логотой өөрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа нь үнэн юм уу” гэдгийг харах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Гэхдээ бизнесийг нь хийе гэсэн бол шүү дээ. Хэрэглэгч байхын тулд бол хамаагүй л дээ. Сайн бүтээгдэхүүн байвал тухайн үедээ авч хэрэглээд л яваад байна биз.

 Орчин  үеийн эрдэмтэн, эдийн засагчид хамгийн их орлого олж болох салбар бол эрүүл мэндийн салбар гэж үзэж байгаа. Тэр дундаа өвдсөн хойно нь хүмүүсийгээ эм тариагаар бөмбөгдөх биш урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх талаар хийж байгаа үйлдвэрлэл үйлчилгээ л хамгийн их орлоготой, үр ашигтай байх юм гэдгийг нотолж байна. Манай компаний хувьд “Та нар энийг уу, ид, мөнгөтэй бол” гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн сэтгэл зүйтэй их ажиллаж байна. Тухайн хүнд байгаа нөөц бололцоонуудыг сэрээх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх сургалтуудыг явуулдаг. Мэдээж хүн амьдралдаа, өөртөө итгэлтэй болоод ирэхээр заавал бидэнтэй байх биш, аль ч салбарт очсон сэтгэл зүйн хувьд бэлэн болсон байдаг. Манай хамт олны дундаас олон амжилттай хүмүүс байгаад, тэд нар маань надад талархаж байгаагаа хэлэхэд нь би маш их баярлаж байдаг. Энэ л мөнгө олохоосоо илүү их том амжилт гэж би боддог.

Сүлжээний бизнесийн талаар буруу ойлголтууд байдаг. Үүнийг та юунаас болсон гэж боддог вэ?

Тиймээ. Монголчуудын дунд их өрөөсгөл ойлголт яваад байдаг. “Сүлжээний бизнест их мөнгө олдог, түрүүлж орсон хүмүүс нь баяждаг” гэдэг ч юм уу... Миний ажигласнаар сэтгэл зүйн хувьд, хариуцлага хүлээх чадварынхаа хувьд ч гэсэн бэлтгэгдээгүй хүмүүс их мөнгө олно гэдэг утгаараа юу юугүй сонссон мэдээллүүдээ шүүрч энэ бизнесийг хийх гэж оролдоод, түүнийгээ хөтөлж явах чадвар, суралцах ухаан нь дутсанаас болж жинхэнэ утгаар нь авч явж чадалгүй энэ бизнесийн нэр хүндийг унагасан гэж боддог. Тэр хүмүүс өнөөдөр ганцаараа эхлээд тодорхой хугацааны дараа өөрийнх нь баг хэдэн мянга болоод өсөөд ирэхээр өөрийгөө ч бэлдэж, өөрчилж чадаагүй хүн чинь маш том хамт олон, баг, бизнесийг удирдаад явж чадахгүй бизнесээ дутуу орхих, шантрах явдлууд гардаг. Үүнийг нь хүмүүс тухайн компани дампуурсан мэт ярьдаг. Хүмүүс 90-ээд оны дундуур Монголд орж ирж байсан олон сүлжээний компаниудыг дампуурсан гэсэн ойлголттой байдаг. Гэтэл тэдгээр компаниуд дэлхий дахинд хүчирхэгжээд, эгнээгээ тэлээд л сайхан явж байгаа. “Vision” компанийг хэлж болно. “Vision”- ийг хүмүүс аль хэдийн байхгүй болсон гэж боддог. Гэтэл өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, олон хэрэглэчдээр эгнээгээ тэлээд дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь толгой цохиж байгаа компаниудын нэг хэвээрээ байгаа. Гагцхүү Монголд үргэлжлүүлээд авч явж чадах боловсон хүчин байгаагүйгээс болоод өнөөдөр хүмүүсийн дунд байхгүй болсон юм шиг санагдаж байгаа юм. Энэ бол нэгдэх асуудал. Нөгөөтэйгүүр “Би хийгээд авъя. Жаахан бужигнуулаад авъя” гэсэн бодлоор өөрийн хэрэгцээг хангачихаад “Бусад нь надад хамаагүй” гэсэн ойлголтоор ханддаг хүмүүсээс болж байна. Бужигнуулж байгаад больдог. Эсвэл шинэ сэргэг юм гараад ирэхээр дагаж ороод л хэсэг хэсэг хүмүүсийг бужигнуулаад явдаг хүмүүс байдаг. Гэх мэтчилэн хүчин зүйлсүүдээс болж буруу ойлголтууд байдаг болов уу гэж боддог. Гэхдээ сүүлийн 5,6 жилд хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байна. Ямар ч гэсэн энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн бизнес юм байна. Ядуу буурай улс оронд хийгддэг бизнес биш, өндөр хөгжилтэй орнуудад ч  гэсэн нийт бараа эргэлтийн 70-аас дээш хувиудыг хийдэг, боломжийг жирийн хүмүүст олгодог бизнес гэдгийг ойлгодог болчихоод байна. Миний болон манай компаний хувьд хамгийн чухал нь хүмүүсийгээ зааж сургах, сэтгэл зүрхийг нь бэлтгэх, үнэхээр “Чи чадна” гэдэг хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлдэх явдал гэж боддог. Манай бизнес ахицтай явж байгаа амжилтын гол үндэс бол хүндээ хүрч байгаа сургалтын ач гэж боддог.

Та анх сүлжээний бизнест хөл тавиад 11 жил болсон гэлээ...

Намайг 11 жил сүлжээний бизнес эрхэлдэг гэхээр олон хүмүүс асуудаг л даа. “Сүлжээ сүлжээнд орж гүйгээд, тэнд сайн энд сайн гэхээр сайн дээр нь очиж бужигнуулдаг” гэсэн яриа байдаг юм шиг байна лээ. “Та их олон газар, түрүүнд нь ажиллаж олон хүн бужигнуулдаг гэнэлээ” гэсэн асуултууд тавьдаг. Би энэ тухай саявтархан нэг бодож үзлээ. “Би ер нь хэдэн компаний толгой дээр гарч бужигнуулсан юм бол?” гээд бодсон чинь 11 жилийн хугацаанд 18 сүлжээний компанид элсэлт хийж байсан нь үнэн байна. Гэхдээ цорын ганц энэ ажиллаж байгаа компаниа Монголд оруулж ирсэн. Судалгаа хийж, ирээдүйтэй юм байна, жинхэнэ утгаар нь хүмүүст боломжийг нь өгч, бүтээгдэхүүнийхээ чанарын тухайд, үйлдвэрийнхээ тухайд ч, маркетинг, хүмүүст өгч байгаа давуу талуудыг харсан ч гэсэн хамгийн шилдэг нь юм байна гэдгийг 7 жилийнхээ туршлага дээр үндэслэж энэ компаниа сонгож оруулж ирсэн. Харин өмнөх 7 жилд би яг л бусадтай адил Монголд байгаа сүлжээний компаниудын мэдээлэлд очиж суугаад, “зөв үү, буруу юу” гэж бодож байгаад л, монгол хүний урилгаар тухайн компанид элсэлт хийгээд тэндээс мөнгө, эрүүл мэндээ олох санаатай, боломжийг хайгаад л явж байсан . Над шиг ийм амьдралыг туулсан хүмүүс олон байгаа. Харамсалтай нь ихэнх нь замынхаа дундаас буцаад, амжилт олж чадаагүй болохоор эргээд хуучин байдалдаа орж уламжлалт бизнесээ хийгээд, эсвэл юу ч эрхлэхгүй сууж байдаг. Миний хувьд гэвэл дэлхийн баячуудын 80% нь сүлжээний бизнесийн өгч байгаа боломжоор л амьдралынхаа боломжийг олж авсан гэдэг утгаар нь ямар ч гэсэн “Хүн хийж чадаж байхад монгол хүн яагаад хийж чадахгүй гэж, би ч гэсэн оролдоод үзье” гэсэн бодлоор л 11 жил тууштай явсныхаа үр шимийг хүртэж байна. Одоо бол миний хүрэх амжилт гэхээс илүү намайг дагаад явж байгаа хамт олон, монголчууд маань аль болох илүү боломжид хүрэх нөхцлүүдийг бүрдүүлж өгөх зорилготой л ажиллаж байна. Хүн хүсэх л юм бол хийж болдог, маш амархан юм байна гэдгийг амьдралаараа нотолж чадсан учраас би энэ компанидаа байгаа хүмүүсийг миний болоод компаний бий болгож өгсөн боломжуудыг ашиглаад хурдан, түргэн амжилтанд хүрээсэй гэж боддог. Энд миний хувийн амжилтаас илүү хамт олны минь амжилт эн тэргүүнд байх ёстой гэдэг л бодолтой ажиллаж байна. Ер нь зах зухаасаа хийж байгаа ажил минь зөв гэдэг нь нотлогдож л байх шиг байна.

Таны баг хэдэн хүнтэй байна. Танай компани хичнээн гишүүнтэй вэ?

Саявтархан компаниас гаргасан статистик мэдээгээр 5000 орчим хэрэглэгч байна гэдэг судалгаа гарсан. 4 жилийн хугацаанд 5000 монгол хүн манай компаний бүтээгдэхүүнийг их бага хэмжээгээр хэрэглэжээ. Гэхдээ яг бизнесийг эрхлээд, 100% сэтгэл зүрхээ зориулаад явж байгаа нь бол 200 шахуу тооны хүмүүс байдаг. Нийт компаний хувьд дийлэнх нь тэтгэврийн болоод дунд насныхан байдаг бол манай Монголын багийг хамгийн залуу баг гэж нэрлэдэг л дээ. Саяхан Москвад болсон компаний ойн баяраар манайхан 30-аад хүн оролцоод ирлээ. 6000 хүн цугласан тэр том концертын их танхимд сууж байхад тайзан дээр гарсан хүмүүсийн дундаж нас 50-аас дээш байсан. Тэндээс харахад Монголын баг их залуу юм байна гэдгийг ажигласан. Нөгөө талаар олон жил сүлжээний бизнес хийгээд явж байхад гадаад дотоодод болж байсан олон сургалтууд, баяр ёслолын үйл ажиллагаанд оролцож байлаа. Энэ жилийн баяраас онцлог ажиглагдсан нь амжилттай ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс байлаа. Тэр дундаа эмнэлгийн дунд шатны ажилтнууд ч биш анагаах ухааны өндөр цол зэргэмтэй, нийгэмд тодорхой байр сууриа эзэлсэн, нэр хүндтэй хүмүүс маш их орж ирсэн байна. Тэднийг сонсоход хичнээн эмч байсан ч хүн л юм чинь өвдөлгүй яахав. Магадгүй өвчтөнөөсөө илүү хүндээр өвчилдөг. Тэгэхээрээ хортой эмээ хортой гэдгийг нь мэддэг учраас тэр бүр хэрэглэдггүй.. Тэгвэл тэд нар олон жил хяналтанд нь байсан нь өөрсдийнх нь үйлчлүүлэгчид эрүүл чийрэг болсон байхыг хараад өөрийнхөө эрүүл мэндийг хайж орж ирсэн байгаа юм. Бүтээгдэхүүнүүд сайн гэдгийг мэдмэгцээ өөрсдийнхөө эмчилгээ сувилгааныхаа ажилд өргөн хэрэглэж байгаа юм байна. Би бүтээгдэхүүнийг сайн гэдгийн талаар олон жишээ хэлж болно. Үүнээс нэг л жишээ хэлье. Өнгөрсөн оны намар, ОХУ-д орж ирдэг хүнсний нэмэлт тэжээлийг 40 жил судалсан, манай компаний зөвлөх эмч, АУ-ы доктор Алла Гирреч гэж эмч зөвхөн манай бүтээгдэхүүнүүдийг 45 хоногийн турш хэрэглээд улсынхаа 2,3 том комиссоор орж эрүүл мэндээ шалгуулж “зөвшөөрсөн” гэсэн хариу авч,  “шүхрээр бууж үзэх юмсан” гэсэн хар багынхаа мөрөөдөл болсон хүслээ биелүүлж, баргийн хүний гаргаад байхааргүй шийдвэрийг 72 насандаа гаргаж, 4000м-ийн өндрөөс шүхрээр буусан баатарлаг үйлс хийлээ. Хамгийн сонирхолтой нь буусны дараа нөхөн сэргээлт хийх шаардлага байгаагүй. Маргааш нь шууд л Магадон руу нисээд лекцээ унших гээд явсан. Баримтат киног нь хүртэл би авчраад сургалтандаа үзүүлж байна.

Ямар нэгэн бүтээгдэхүүнгүйгээр мөнгөөр элсдэг сүлжээнүүд байдаг. Энэ бас л сүлжээний нэг төрөл үү?

Хүн л юм болохоор мөнгөтэй болох янз янзын л арга чаргыг хайдаг. “Яавал хурдан баяжих вэ?” гэсэн бодлын үүднээс сүлжээний бизнесийн хэлбэрийг ашиглаад ийм бизнес явуулдаг. Тийм юманд бид нар хууртаж болохгүй. Энийг мэргэжлийн хэллэгээр “Санхүүгийн пирамидууд” гэж нэрлэдэг. Нэг ёсондоо би чамд мөнгөө авч ирж өгнө, чи “тэдэн хүн аваад ирвэл тэд болгож өгье” гэсэн үг. Монголд 10-аад жилийн өмнөөс байсан. Одоо ч байдаг. Тэр болгон явцгүй. Жишээлбэл манайд ирээд хэрэгтэй гэсэн бүтээгдэхүүнээ аваад, түүнийх нь төлөө ажлын байрыг нь интернэт орчинд нь нээж өгөөд, өөрөө хичнээн хүнд тус болж, эрүүлжүүлснээрээ урамшил шагнал авч байдаг. Энд ямар ч эрсдэл байхгүй. Бүтээгдэхүүнээ худалдаж авлаа. Гарсан үр дүнг нь бусад нь хараад “Би бас уумаар байна, залуужмаар байна, чамтай адил эрүүлжмээр байна” гэж ирээд бүтээгдэхүүнээ худалдаж авч байгаа  шүү дээ. Гэтэл мөнгөөр хийдэг юманд их ч бай бага ч бай мөнгийг нь авчихаад оронд нь юу ч өгөхгүй л байгаа ш дээ. Эргэлтэнд ороогүй байгаа юм чинь өсөж үржиж хүн бүрийг баяжуулна гэдэг ойлголт эрүүл ухаантай хүнийг бодоход байхгүй. Мэдээж тэр хүнд, өөртэй нь адил мөнгөө авчраад өгөх хүн тэр бүр олдохгүй шүү дээ. Харин энд бол бүтээгдэхүүн сайн байсан учраас худалдаж л авсан. Ялгаагүй эмийн санд байсан чиг л, дэлгүүт байсан ч авах л байсан. Харин хийсэн худалдан авалтыг нь тэмдэглэж бүртгэж аваад л түүнийг нь урамшуулж байгаа хэрэг юм. Манай компаний хувьд үргүй зардал гаргадаггүй. Жишээлбэл барааны савангийн реклам их байдаг. Яс юман дээр тэр саван манай өөрийн үйлдвэрлэдэг байсан бандгар, бор саванг гүйцдэггүй шүү дээ. Гэтэл минут, сек, доллиор хэмжигдэх үнэтэй рекламийг олон давтамжтай гаргаснаар хүмүүс зах руу орохдоо өөрийн эрхгүй тэр саван руу л гар нь явдаг шүү дээ. Асар их зардал гаргаж борлуулалтаа хийж байна. Харин бидэнд бүтээгдэхүүнээ борлуулах шаардлага байхгүй. Худалдаж авснаа л сайн хэрэглэ. Хэрэглэснээр л эрүүл мэндийн үр дүнгүүд гарна. Гарсан үр дүнг чинь хараад хүмүүс аяндаа өөртэй чинь адилхан байхыг хүснэ гэдэг зарчим явагддаг. Манай компаниас үргүй зардал нэг ч гарахгүй байгаа учраас нийт цэвэр ашгийнхаа 70% орчмыг эргээд урамшуулал болгон өгдөг. Жишээ нь одоогийн байдлаар цагаан сарын дараахнаас зөвхөн монголчуудад зориулж 3 сарын хугацаанд аль болох олон хүмүүст эрүүл мэнд, эдийн засгаар хүчирхэг, эрх чөлөөтэй болоход нь туслах юм бол өдөр тутмын хэрэглээний зүйлүүдийг бэлэг болгон өгье гэж байна. Хамгийн эхний ээлжинд нөүтбүүк, өшөө итгэлтэй болоод олон хүнийг хамруулбал унах унааг нь өгье гэж байгаа юм. Асар үнэтэй, том оврын машин байх албагүй шүү дээ. Автобус, такси хүлээж зогсоохгүйн тулд хамгийн бага шатахуун зарцуулдаг, хэрэглээг чинь хангах машин өгье гэж байгаа юм. Тэгээд бид нар үүний төлөө ажиллаж байна.  Хоорондоо шогчлоод “За машиныхаа 4 дугуйг авчихлаа” гэдэг. Нэг хоёр долоо хоногийн дараа их биеэ аваад, мотороо тавьчихвал хөдөлөхөд бэлэн болно доо. 7 сарын 1-нд Монголд анх удаагаа компаний том баяр болон гэж байна. Олон лидерүүд ирнэ. Энэ баярын үеэр олон Монголчууд нөүтбүүк, машинуудын эздүүд болох байх гэж бодож байгаа.

Машин гэснээс таныг сүлжээний бизнест Монголд хамгийн анх удаа машинаар шагнагдаж байсан гэж сонссон юм байна.

Аль ч сүлжээний компаний маркетинг дээр шат дараалсан урамшлууд байдаг. 2005 оны 6 сарын 18-нд  Монголд сүлжээний бизнес эрхэлдэг хүмүүсээс анх удаагаа Nissan X-trail маркийн автомашинаар шагнагдаж байлаа. Энэ бол мэдээж тодорхой хэмжээний ажил хийж, тодорхой цол хэргэмд хүрээд авсан гэсэн үг шүү дээ. Би энэ үйл явдлыг “зүгээр нэг дэвтэр дээр байдаг урамшил биш, хийж чадвал авдаг юм байна” гэдэг итгэлийг төрүүлсэн гэж боддог. Ар араасаа олон хүмүүс машин унаатай болсон.  2 дахь удаагаа би “Fohow” корпораци үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс жилийн дараа зэрэг түвшнээрээ олгогдох ёстой машины болзлыг хангасан. 2005 онд авсан машин маань нэг хүний гараар байгаа учраас машинаа солилгүй явж байсан . Тэгээд бодоод байсан чинь нэгэнт л болзлоо хангасан юм чинь машинаа авсан нь дээр юм байна гэж бодоод 2011 оны Volks Wagen Touаreg загварыг нэмэлт тоноглолынх нь хамт захиалчихаад байж байна.. 7 сарын 1-ний баяр дээр албан ёсоор гардаж авна даа. Чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ, хувиа бодолгүй, бусдын төлөө ажиллаж чадвал энэ бүх боломжуудыг эдэлж болдог. Хамгийн гол нь сэтгэл зүрхээ л өг. Ажил бол хэцүү биш.

Монголд олон сүлжээний компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл “Тэр сүлжээ чинь муу, манайх сайн” гэх яриа байдаг. Уг нь сүлжээ бүр л өөрийн гэсэн маркетингтай, онцлогтой бүгдээр нь л мөнгө олох боломжтой гэж бодох юм.

Миний хувьд “Би сүлжээчин болсон” гэж хэлж байгаа найзуудыгаа сонсоод тэдний өмнөөс баярладаг. Хүмүүсийн дунд их сөрөг ойлголттой байгаа энэ үед асар их эр зориг гаргаж ийм сонголт хийж байгаа бол маш том алхам юм. Амжилтанд хүрсэн ч бай үгүй ч бай сонголт хийх бол нэг том алхам. “Маш их эсэргүүцэл бэрхшээлийг сөрж гарч ирж чадаж байгаа” гэж боддог учраас би сүлжээчиддээ маш их хайртай. Тийм ч учраас манай ажлын байран дээр, надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүс бусад сүлжээгээ муулж ярьдаггүй, сөрөг мэдээлэл цацдаггүй. Би анхны өдрөөс л ”Бид бол нэг мэргэжлийн хүмүүс. Энэ мэргэжлээ чи сонгосон л юм бол мэргэжил нэгт нөхрөө муулах ёсгүй. Тэр хүмүүсийг муулбал өөрийнхөө сонголтонд итгэлгүй байна л гэсэн үг. Харин тэдэнд амжилт хүсэх ёстой. Тэд амжилт гаргаж чадвал та ч гэсэн амжилтанд хүрэх сайхан нөхцөл бүрдэнэ гэсэн үг” гэж хэлдэг. Үнэхээр хүндэтгэлтэй хандаж, өөрийнхөө хамтран зүтгэгчээ гэж боддог.

Таны орлого нууц биш бол ямар байдаг вэ?

Нууцлаад байх юм бол байхгүй ээ. Бид татвараа байнга төлдөг. Өнгөрсөн оны байдлаар миний багийнхан 50 гаруй сая төгрөгийн орлогын татвар төлсөн байна лээ. Бид 10%-ийг нь урамшууллаас нь суутгаж аваад л аваачаад тушаачихдаг. Миний нэрээр төлөгдсөн орлогыг татварын байцаагч нар хараад Монголд нилээдгүй орлоготой хүн юм байна гэж боддог байх. Дүүргүүдийн татварын байцаагч нар утасддаг. Яагаад ч юм миний ажлаа байрладаг, амьдардаг газрыг мэдсэн байдаг. Амьдарч байгаа газраараа төлөх ёстой ч гэдэг. Оффис чинь байгаа газраараа, эсвэл сургалтын танхимаараа төл гэдэг. Гэхдээ нэг л сан руу орж байгаа юм чинь миний хаана байрлах хаанаас төлөх нь хамаагүй. Төлөх нь л гол шүү дээ. Тэдний сонирхлыг татаж байна гэдэг чинь бас л боломжийн орлоготой байгаагийн шинж байх гэж бодож байна. Гэхдээ би орлогоо өөртөө зарцуулахаасаа илүү өөрийн хамт олон, намайг дагаад итгээд явж байгаа хүмүүсийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр илүү зориулдаг. Заримдаа гэрийнхэнтэйгээ зөрчилдөх ч тохиолдол байдаг. Тэгэхээр би сайн татвар төлөгч. Шударга татвар төлөгч./инээв/

Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Танд манай уншигчдад, ялангуяа сүлжээний бизнесийг сонирхож байгаа хүмүүст хэлэх үг байна уу?

Хэлэх дуртай үг минь... Бусдынхаа амжилтанд атаархах хэрэггүй. Хэн нэг нь ямар нэгэн юм хийх гээд явж байгаа л бол амьдрах гээд л ядаж явж байгаа шүү дээ. Хүн мөнгөгүй, орох оронгүй, унаагүй байж болно. Гэхдээ бие биенийгээ хүндэлж, бие биенийгээ хайрлаж байх нь л хамгийн чухал. Чи хэнийг ч нийгмийн анги давхраагаар нь биш хүн гэдэг үүднээс нь хайрлаж, хийж байгааг нь хүндэлж, баярлаж талархаж л явбал таны ч гэсэн амьдрал сайн сайхан болно гэж хэлэх дуртай. Яг яс юман дээрээ их муу хэлүүлээд байгаа хүмүүс арай л илүү юм хийгээд байгаа учраас хүмүүсийн анхаарлыг татаал байх шиг байгаа юм. Тэр дундаа монголчууд бид цөөхүүлээ. Улам л бие биенийгээ түшиж, дэмэндээ, заавал гадаад дотоод явалгүй, газар нутгаа ухаж хөндийлөлж эх дэлхийгээ уурлуулах шаардлагагүйгээр тэрнээс илүү боломжууд байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр дундаа сүлжээний бизнес маш олон боломжийг, үйлдвэрлэгдсэн, шалгарсан арга хэрэгсэл байсаар байхад өөрийгөө зовоох шаардлагагүйгээр биенээ хайрлаад тусалж чадсанаар өөрийгөө аз жаргалтай болгох боломж байдаг юм шүү. Тийм учраас сөрөг өнцгөөс нь биш, эерэг өөдрөг талаас нь харж баярлаж явж байгаарай гэж хэлэх байна.

“Мөнгө” сэтгүүл

2011 оны 3 сарын 8