О.Дашбалбар: ЗҮҮДЭНДЭЭ Ч БИ ЧИНГИС ХААНЫГ ДУУДНАМ
10 жил, 11 сар өмнө

Надтай, надгүй ч амьдрал үлдэнэ

Наран мандаж, саран ургаж ээлжилнэ.
Ганцхан заяасан Эх орныхоо төлөө
Гаргуунд нь гаргая, энэ биеэ!…

Эх орон минь ногооны талбай болж,
Эцэг дээдсийн минь ясыг харийнхан гишгэлж,
Цугаараа гутамшиг болохыг үзсэнд орвол
Цусаа дуустал тулалдаад унасан нь дээр!…

Манай голоос дайсан морио усалж
Манай газраас алтыг нь зөөхийг хүсэхгүй!
Ухаан дутаж, эв эвдэрснээс бид мөхөж
Уруудаж доройтож, дэлхийн доог болохыг хүсэхгүй!

Эцэг дээдэс Чингисийн минь сүнс харж буй…
Эх орон минь малын хашаа болохыг хүсэхгүй!
Манай хүүхнүүдийг харийнхан бузарлахыг тэвчсэнд орвол
Магнайд нь сум зоогоод тулалдаанд боссон нь дээр!

Томоогүй үрсийг минь харийнхан боолчлохыг харсанд орвол
Толгойд нь сум зоогоод тулалдаанд боссон нь дээр!
Хуурамч хорвоо хөөрхий Монголыг минь шоовдорлож
Хумхийн тоос мэт адлавч, бид ялагдашгүй!…

Хэцүү бэрх энэ цагт Монгол хүн болсондоо
Хэзээ ч би харамсахгүй, хэлтгий заяаг тэгшилж
Хэврэг биеэ Эх орондоо эцсээ хүртэл зориулж
Хэрэг гарвал тулалдааны талбарт унана!…
Дээдсийн минь зүрх бидний цээжинд цохилж
Дэлхийг донсолгосон морьдын төвөргөөн сонсдоно.
Зүүдэндээ ч би Чингис хааныг дууднам
Зүүрмэглэх агшиндаа ч Мухулай баатрыг үгүйлнэм.

Монгол хүн бууж өгдөггүй,
Монгол үндэстэн буцаж ухардаггүй,
Монгол орныг бурхан орхидоггүй, 
Морьтон ард минь үүнийг сана!… 
1991-7-6