Мотороо сайн байлгая гэвэл…
12 жил, 8 сар өмнө

Зүрх нь ямар нэгэн байдлаар өвддөггүй хүн олъё гэвэл одоо цагт нилээд их хайх хэрэг гарна.Зүрхний шигдээс маш их залуужиж байна гэх.

Зүрхээ хэвийн ажиллагаатай байлгахыг хүсвэл түүний тухай наад захын мэдлэгтэй байлгүй болохгүй.

Биеийн эс бүхэнд нэг бүрчлэн хүрч үйлчилдэг тээврийн систем болох цусан хангамжийн судаснуудын торон сүлжээний төв нь зүрх юм. Ядрахыг мэдэхгүй насос болох зүрх нь цусыг уушиг руу шахаж хүчилтөрөгчөөр баяжуулаад цааш нь бүх биеэр тарааж,эсүүдийг хэрэгтэй бүхнээр хангаж тэжээдэг.

Зүрх нь зүрхний булчингаас бүтдэг. Энэ булчин насос нь минутат 75 орчим, өдөрт 100 мянга орчим удаа агшиж цусыг шахна.

Зүрх нь босоо битүү таславчаар 2 хэсэгт хуваагдана. Энэ 2 хэсэг тус бүр нь хоорондоо холбогдсон хоёр тасалгаанд дахин хуваагдах бөгөөд дээд тасалгааг тосгуур, доод тасалгааг ховдол гэдэг.Тосгууруудын хана нимгэн,ховдлуудын хана зузаан. Зүүн ховдлын хана нь баруун ховдлынхоос зузаан байдаг. Учир нь зүүн ховдол цусыг биеийн бүх эрхтэн, бүх хэсгүүд дундуур шахдаг байхад баруун ховдол нь богинохон зайнд уушиг руу шахна. Зүрх агшихад цусыг буцаахгүй хавхлаг тосгуур ховдол хоёрын дунд байна. Түүнчлэн цус баруун ховдлоос гарах хэсгийн уушигны артерт, зүүн ховдлоос гарах хэсгийн гол судасны эхэнд хавхлагууд байдаг.

Цус шахах ажиллагаа 2 үе шаттайгаар явагдана. Эхний шатанд хоёр ховдлын булчин суларна. Баруун тосгуурт эрхтнүүдээс ирж байгаа хүчилтөрөгчөөр ядуу цус, зүүн тосгуурт уушигнаас ирж буй хүчилтөрөгчөөр баяжсан цус орж, улмаар ховдлууд руу шилжинэ. Үүний дараа хоёр ховдол агшина. Ховдол, тосгууруудын хоорондох хавхлагууд хаагдаж, баруун ховдлоос цус уушигны артериар дамжин уушиг руу, зүүн ховдлоос гол судас /аорт/- аар дамжин биеийн бүх хэсгүүд рүү шахагдана.

Хурдан алхахад юмуу биеийн ачаалал бага зэрэг нэмэгдэхэд, эсвэл сэтгэл догдлоход, хүйтэн агаар амьсгалахад, цадатлаа идсэний дараа цээж өвчүүний араар хүчтэй хорсож, зүрх тань хавчигдан шахагдсан мэт өвдөж, энэ өвдөлт нь зүүн гар, хүзүү, эрүү эсвэл зүүн дал руу  шархиран дамжих болсон бол та зүрхний бах/стенокарди/-тай болсон гэсэн үг. Энэ нь зүрхний цус хомсдолтын үндсэн шинж тэмдэг болдог.

Зүрхний бахтай хүн өвчнийхөө тухай ярихдаа гараа цээжиндээ наах буюу зүүн эгмээ илдэг. Өвдөлт өгч байгаа үед дотор муухайрах, огих, ухаан алдах, гар хөл хөрөх шинж тэмдэг илэрч магадгүй.

Зүрхний тараагуур судсаар цусны урсгал багассаны улмаас зүрхний булчингууд хүчилтөрөгч болон шимт бодисоор гачигдахыг зүрхний цус хомсрол /ишемическая болезнь сердца/ гэдэг байна.

Тосны болон ширхэглэг эдийн товруунууд зүрхний судасны хөндийг нарийсгаж судасны хатуурал /атеросклероз/ болсон нь дээрх эмгэг үүсэх үндсэн шалтгаан болдог. Судасны хатуурлын үед тараагуур судасны цус нэвтрүүлэх чадвар муудсанаас зүрх өөрөө хэлмэгддэг. Товруунууд үүссэнээр цус бүлэнтэн, судас нөжөөр бөглөрөх эрсдэл эрс нэмэгдэж, зүрхний хүчтэй өвдөлт болох аюултай.

Судас хатуурах эрсдэлт хүчин зүйлд удамшил, цусны өндөр даралт, илүү жин, архидалт, тамхи их татах, чихрийн шижин, стресс, хөдөлгөөний дутагдал, цусан дахь холестерин, триглицеридын өндөр агууламж зэрэг хамаарна.

Судас цүлхэнтэх, халдвараас шалтгаалсан судасны үрэвсэл, тэмбүү, зүрхний тараагуур судасны төрөлхийн гажиг зэрэг нь зүрхний тараагуур судсаар урсах цус хомсдоход нөлөөлдөг. Түүнчлэн зүрхний тараагуур судасны агшилтаас цус хомсдож болно.

Зүрхний булчингийн тэжээлийн дутагдлаас сэргийлэх, ийм эмгэгийг эдгээхэд амьдралын зөв дадал зуршлууд шийдвэрлэх нөлөөтэй.

Хэт цэвэршүүлсэн /хогон хоол/ хүнсийг буруу найрлагаар байнга идэх, амьтны гаралтай царцанги хатуу өөх тос, давс их хэрэглэх, хоолыг ашиггүй технологоор бэлдэх,үйлдвэрт савласан удаан хадгалах буюу элдэв хүнсний нэмэгдлүүдтэй хүнс, түргэн хоол зэрэг нь зүрх судасны эмгэг үүсэх үндсэн шалтгаануудад хамаарна.

Зүрхний өвчтэй хүн татгалзвал зохих хүнсний тоонд цагаан гурил, өндөг ихтэй гурилан бүтээгдэхүүн, тос чихэр ихтэй нарийн боов, хоёроос дээш хувийн тослогтой өтгөн сүү, цөцгий, зөөхий, цөцгийн тос, өтгөн сүүний цагаан идээ, мөхөөлдөс, чихэрлэг түрхлэгүүд, щоколад, өндөгний шар, уураг тархи, өөхтэй тарган мах, борц, шууз, хорхог, боодог, хиам, консерв, өтгөн хар шөл, загасны түрс, шош, вандуй, давсалсан даршилсан хүнс, өтгөн цай, кофе ордгийг бараг бүгд мэднэ.

Зүрх муутай хүнд нэн зохимжтой үдийн хоолноос нэгийг жишээ болгоход:

Нэг стакан шар буурцгийн сүүнд Геркулес гэж нэрлэгддэг хошуу тарианы нэвс 2 хоолны халбага, нимбэгний шүүс 1 хоолны халбага, уургийн бал 1 хоолны халбага хийж уугаад, улаан манжинг нарийхан савхан хэрчиж, оливын тос, жан-юугаар амталсан зуушийг бүдүүн гурилын мантуутай идвэл өег бөгөөд өгөөжтэй, хөнгөхөн атлаа маш чанартай хооллолт болно.  

Эрүүл мэндээрээ гоёцгооё