МОНГОЛ ҮЛГЭР- ШИЛДЭГ ҮЛГЭРҮҮД ЦУВРАЛ сургалтын арга зүй
6 жил, 1 сар өмнө

 “МОНГОЛ ҮЛГЭР”

  1. 1. Үлгэрийн ач холбогдол
  2. 2. Үлгэрүүд
    1. 1. Монгол гэрийн домог | Орчлонг танин ухаан
    2. 2. Хүслийг биелүүлэгч Мөнх Амгалан хаан | Муу санаа бие отно
    3. 3. Удган модны үлгэр | Байгальтай харилцах ухаан
    4. 4. Өнчин хүү мангасыг дарсан үлгэр | Амьдралыг таних ухаан
    5. 5. Цэцэн бэрийн үлгэр | Эмэгтэй хүний ур ухаан
    6. 6. Уран бэрийн нүүдэл | Уран удмын алтан хэлхээ
      1. Монгол гэрийн домог- Орчлон ертөнцийг таних
      2. Хүслийг биелүүлэгч Мөнх Амгалан хаан- Эрдэм мэдлэг, муу санаат бие отно
      3. Удаган мод- Байгальтай харилцах ухаан, Шунал ихэдвэл шулам болно
      4. Мангасыг дарсан Баатар хүү | Амьдралын ухаан
      5. Уран бэрийн нүүдэл- Цэцэн ухаан
      6. Цэцэн бэрйин үлгэр | Ураг төрлийн алтан хэлхээ
      7. 3 эрдэм Шатар, лимбэ, бичиг үсэг | Эрдэм ухааны ач тус| Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим
      8. Бадарчин
      9. Уул усны домог
      10. Эцэг эхээ ачлах
      11. Амьтны үлгэр
      12. Эрийн 3 наадам
      13. Бирдэд Хаан болох хүслээ усаар арилжсан түүх, Өгөх авахын хууль
      14. Хаан өлсөж яваад идсэн амттай хоолоо хайгаад олдоггүй
      15. Ялаа 3 өдөр амьдардаг
    1. 1. МОНГОЛ ГЭРИЙН ДОМОГ

    Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдарч байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. Газар харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг хүнд заяажээ. ... Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ,

    "Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно" гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ.

    Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг өмнийн тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ.

    Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ.

    Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэр орж, хөвгүүдээ тойруулан суулгаж,

    -Төрөх нэг өдөр байхад, төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай гээд насан өөд болжээ.

    Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Тэгтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ. Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд хана, унь хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй.
    Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй.

    Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй.

    Униа боож овоохойлчихоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хойрч хөлдүүс болгох дөхөж гэнэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран айсуй. Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ.

    1. 2. ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ МӨНХ АМГАЛАН ХААН

    Эрт дээр үед Мөнх Амгалан гэгч нэгэн хаан байжээ. Тэр хаан "Төр гүрэндээ гуйлгачин хүн, золбин нохой байлгахгүй. Хэн юу хүссэнийг заавал биелүүлнэ. Хэнд ч үгүй гэсэн ам гарахгүй" гэж тангарагласан юм байжээ.  Гэтэл зэргэлдээ хөрш нэгэн гүрэнд гурван муу санаат хүн байдаг байжээ. Тэр гурав даян дэлхийг муу санаагаараа чадна. Тэр битгий хэл хүн нэг бүрийг ч хорлож давна гэж бодож явцгаадаг байж. Тэгээд тэр гурав явж явж нэгэн өдөр нэг газар болзон уулзаж хэн яаж явснаа ярилцдаг гэнэ. Тэр нэгэн жилийн зуны цаг тэр гурав уулзжээ. Тэгэхэд  нэг нь,

    - Манай энэ урд гүрэнд Мөнх Амгалан хаан гэж их баян чинээлэг хаан байна. Тэр хаан юу ч хүссэн заавал биелүүлдэг. Үгүй гэж хэлдэггүй гэнэ. Гурвуул очиж тэр хааныг "Үгүй" гэж хэлүүлж нэг чадъя. Юуны тулд гурван муу санаат нэрийг авлаа. Харин яавал "Үгүй" гэж хэлүүлэх вэ? гэж гэнэ.

    - Үгүй гэж хэлүүлэх амархан. Хүн хийж бүтээх байтугай санаанд багтахгүй юм гуйя. Тэгэхэд “үгүй” гэж хэлэхгүй яадаг юм бэ? гэж нөгөө нь хэлж гэнэ.

    – За тэгвэл юу гуйх вэ? гэж гурав дахь муу санаат асуужээ. Би даян дэлхийг торгоор бүтээе түүнийг бүтээж гүйцэх торго өгнө үү? гэж гуйя. "Үгүй" гэдэг байгаадаа гэж нэг дэх муу санаат хэлжээ.

    - Тэгвэл би гадаад далай гэдэг том далай нааш цааш явахад замд саад болоод байна. Түүнийг гурилаар зуурч хатаая. Далайг дүүргэх гурил аль гэж гуйя гэж хоёр дахь нь хэлжээ. Гурав дахь муу санаат нь,

    - Сүмбэр уул гэж хад шороогоор бүрхэгдсэн өнгө царайгүй муухай уул байх юм. Түүнийг алтаар бүтээе. Тэрнийг бүрхэх алт өгнө үү гэж гуйя. Тэгэхэд бид гурав нэг нэг чаддаг байгаа даа гээд гурван муу санаат явж Мөнх Амгалан хаанд бараалхажээ.

    Бид гурав даян дэлхийд нэг юм бүтээн босгох гэж ирлээ гэхэд Мөнх Амгалан хаан учрыг айлдана уу? гэжээ.

    – Би даян дэлхийг торгоор бүтээе. Түүнийг бүтээж хүрэхүйц торго өгнө үү? гэж гуйж явна гэж нэг дэх нь хэлжээ. Нөгөөдөх нь,

    - Би гадаад далайг дүүргэх гурил өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Гурав дахь нь,

    - Би сүмбэр уулыг бүтээх алт өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Мөнх Амгалан хаан "Үгүй" гэж хэлж болохгүй, өгье гэхээр өгч болохгүй зүйл болохыг мэдээд жаахан гайхаж сууснаа,

    - За та гурав, хорин нэг хоноод ир дээ. Ихээхэн зүйл гуйж. Гэсэн ч яахав вэ? Би бүтээж өгье дээ гээд явуулчихжээ.

    Явуулчихсаныхаа дараа тэр гүрнийхээ бүх эрдэмтэн мэргэдийг цуглуулаад манай гүрнийг чадах гэж ийм гурван гуйлгачин ингэж ирлээ. Эдний гуйлт хийж бүтээх байтугай, санаанд багтамгүй зүйл байна. Ингэхээр би юу гэж хэлж буцаавал дээр бол гээд долоо хоног хэлэлцжээ. Гэтэл тэр хурлын дундаас ордонд ойрхон гэртэй нэг түшмэл хүн би хариад ирье гэж чөлөө аваад явжээ. Тэднийд урьд тарваганы нүхэн дээрээс найман жилийн өмнө олсон одоо найман настай нэгэн хүү байдаг байжээ. Тэр хүү аавыгаа ороод ирэхээр,

    - Аав аа та нойр хоолгүй өдий хоног юугаа хийгээд байдаг юм бэ? гэж асууж гэнэ. Эцэг нь,

    - Чи төрийн хэрэгт оролцох болоогүй гээд алгадчихсан чинь унагачихжэээ. Тэгээд гарах гэж байхад нь хүү уйлж байснаа больчихоод,

    - Аав аа "Харанхуйг эвдье гэвэл гэрэл багаддаггүй юм шүү, хадыг эвдье гэвэл багаж мууддаггүй юм шүү" би явлаа гээд явчихжээ. Замдаа түшмэл "Намайг төрийн хэрэгт орлоо гээд алгадчихаар далимдуулаад явлаа гэж байгаа юм биз дээ. Бас л сүрхий үг хэлж байна шүү. Өөрийгөө хэлж байгаа юм болов уу?" гэж эрэгцүүлэн бодсоор ордонд оржээ. Хурал дээр сууж байгаад нэг түшмэлд болсон явдлыг хэлж "Үгүй мөн сүрхий үгтэй хүүхэд шүү" гэж ярьж байтал эзэн хааны дуу гарч,

    - Долоо хоног хуралдлаа. Одоо долоо хоног тарья. Ингэхдээ бага бага гэлгүй, хөгшнийг хөгшин гэлгүй энэ хэргийг ярьж, тэдний хэлсэн зөвөлгөөнийг цуглуулъя. Хүн хүний ухаан янз бүр байдаг гэжээ. Тэгтэл нөгөө хүүхдийн тухай яриаг сонсож суусан түшмэл босч сая манай энэ түшмэл хариад ирэхэд түүний найман настай хүүхэд ингэж хэлсэн байна гээд болсон явдлыг ярьж гэнэ.

    Ингээд нөгөө хүүхэд дээр түшмэл очиж гурван санаа муутын гуйсан гуйлтыг хэлж гэнэ. Хүү хэлжээ,

    - Та нар бага юманд их санаа санаж их зовлон эдэлж байна. Тэр гурван муу санаатыг буцаахад амархан. Одоо аав очоод хааныг ганцаараа байхад нь ингэж хэл "Тэр гурван муу санаат хорин нэг хонохгүй, арван дөрөв хоноод ирнэ. Тэднийг ирэхэд ертөнцийн "гурван хэцүүг" олж ир гэж хэл. Энэ дэлхий дээр байгаа батлагдсан гурван хэмжүүрийг эхлээд авч ирэг. Даян дэлхийг торгоор бүтээе гэж хэн хэллээ? Хичнээн торго өгөх вэ? Хавтгай, дөрвөлжнөөрөө хичнээн чий* хэрэгтэй байна. Түүгээр чинь хэмжиж торго өгье гээд явуул.

    Сүмбэр уулыг хэн алтадъя гэлээ. Түүнд нь сүмбэр уулыг ёроолоос нь орой хүртэл буулгаад жигнээд ир. Хичнээн жин болж байна? Түүнийгээ мэдээд ир, тэгэхээр тэр хэмжээний чинь алыг өгье гээд явуулчих.

    Гадаад далайг дүүргэх гурил гуйсанд нь түүнийгээ хэмжээд ир гээ. Гадаад далай загастай жараахайтай, шавартай устайгаа хичнээн жин болох нь вэ? Хэмжээд ир. Тэгэхээр чинь тэр хэмжээний гурил өгье гээд явуулчих. Тэр гурав дахиад хэзээ ч эргэж ирэхгүй байх аа гэж хүү хэлжээ.

    Хаан ганцаараа байж байтал арван дөрөв хоноод нөгөө гурав чинь ирж гэнэ. Хаан та гурав ертөнцийн гурван хэцүүг олж ир гээд явуулчихжээ. Тэр гурав гурван хэмжүүр олоод ирж гэнэ. Тэгэхээр нь Хаан хүүгийн зааж өгснийг хэлээд явуулчихжээ. Үүнээс хойш одоо хүртэл гурван муу санаат уул, газар, далайг хэмжээд барахгүй байдаг гэнэ.

    Далайг яндан хэмжиж байгаа нь энэ гэж дээшээ нэг хараад доошоо нэг хараад байдаг шанаган хорхой болчихоод ажиллаж байгаа нь тэр гэнэ. Газар дэлхийг хэмжиж байгаа нь төөлүүр өт гэж хоёр үзүүр нь хоёр тийшээ тэлж явдаг шар өт болсон гэдэг. Тэр өт болоод хэмжиж яваа нь тэр гэнэ. Сүмбэр уулыг жигнэж байгаа нь дээшээ нэг гарч доошоо ойчиж явдаг нэг муу аалз байдаг. Тэр болоод жигнэж байгаа нь энэ ажээ.

    1. 3. УДГАН МОДНЫ ҮЛГЭР

    Эрт урьд цагт нэг удган модны хаяанд өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь өглөө, орой хоёр удган модыг тойрч улсын өргөсөн өргөлийг авч амь зуудаг байжээ. Нэг өдөр эмгэн нь,

    - Галд хийх цучил түлээгүй боллоо. Чи ууланд гарч түлээ авчир! гэж өвгөндөө хэлсэнд өвгөн сүхээ авч гараад "Тэр хол ууланд яаж явган хүрэх вэ? Ойроор нь удган модны гишүү мөчрийг цавчин авч хоногийн түлээ аргалъя" гэж бодоод удган мод хүрч сүхээ далайвал,

    - Өвгөн чи, сагсагар сайхан гишүү мөчрийг минь бүү цавч! Чамд хүссэн бүхнийг чинь өгье гэж мянган гишүү, буман навчаа сэрчигнүүлэн хүний хэлээр хэлсэнд өвгөн мэл гайхаж цэл хөхөрч гэнэ.

    - Удган ээж минь та юу ярина вэ? Эрүү өвдөг нийлсэн эмгэн бид хоёр өндөр ээж таныхаа өргөн сугыг түшиж өглөгийн эздээс танд барьсан өргөл барьцыг идэж амь зуудаг билээ. Одоо цучал ч түлээгүй гал алдахад хүрээд таны хатсан гишүү мөчрийг авч, гал залгах гэсэн юмаа, гэж өвгөн хэлсэнд удган модны хатсан гишүү мөчир гэнэт ногоорон гөлөглөж ... навч нахиа навцас бавтас хийж,

    - Өвгөн чи гэртээ харь! Мөнх тэнгэрийн ивээлээр гэрт чинь гал залгах түлээ мундахгүй бий болно гэжээ.

    Өвгөн гэртээ ирвэл, гадаа нь уул овоо шиг түлээ овоорон байсанд нүд нь орой дээрээ гарч саяын үйл явдлыг эмгэндээ тоочин,

    - Удган мод хүссэн бүхнийг чинь өгье гэлээ гэж ярьсанд эмгэн,

    - Тэнгэр харах нь тэр. Бид зуны дэлгэр сайхан цагт хар цай ууж сууна шүү дээ. Чи саалийн ганц үнээ гуйж ирээч! гэсэнд өвгөн удган мод руу алхаж гэнээ. Тэр "Эмгэн үнээтэй бол сүүтэй цай ууна гэнэ. Тэр ч санадаг санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа тийм, морь гуйя. Хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ?" гэж бодож гэнээ.

    Удган мод мянган мөчир, буман навчаа сэрчингүүлэн өвгөнийг угтаж,

    - За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэхэд өвгөн,

    - Эмгэнд минь саалын ганц үнээ хэрэгтэй гэнээ. Өндөр ээж минь эмгэнд саалийн ганц үнээ хайрла! Бас би хэдий болтол гахай явган, нохой нүцгэн явах вэ? Надад чөдрийн ганц морь хайрла! гэсэнд,

    - Өвгөн чи харь! Хүссэн бүхэн чинь мөнх тэнгэрийн ивээлээр сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл уяан дээр нь чонон чихтэй цолмон нүдтэй, хун цагаан морь дүүхэлзэж байна гэнэ. Бас эмгэн нь сэлмэн эвэртэй, газар шүргэсэн дэлэнтэй үнээ сааж сууна гэнэ. Өвгөн,

    - Сайхан морь оо, мөн сүүтэй үнээ еэ! гэж дуу алдсанд эмгэн,

    - Тэнгэр харах нь энэ ээ. Амандаа орсон өөхийг хэлээрээ түлхэж болохгүй гэдэг. Чи бушуухан удган модонд очиж араараа дүүрэн ай түмэн адуу, өврөөрөө дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа гуйгаад ир. Мал малын захтай болъё. Малтай бол баян, баян бол ноён гэж гэнэ. Өвгөн "Эмгэн тал дүүрэн таван хошуу малтай болох гэнэ. Малтай бол баян, баян бол ноён. Тэр ч санадаг л санаа. За би удган модноос юу гуйх вэ? Аа, тийм. Орд өргөө гуйя. Орд өргөөгүй ямар баян ноён байх вэ?" гэж бодож гэнэ.

    Удган мод мянган мөчрөө арвалзуулан буман навчаа шидлэн өвгөнийг угтаж,

    - За өвгөн чи, ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,

    - Эмгэнд минь араар дүүрэн ай түмэн адуу, өврөөр дүүрэн үй түмэн тэмээ, хонхроор дүүрэн хой түмэн хонь, хадаар дүүрэн хай түмэн ямаа хэрэгтэй гэнэ. Малтай бол баян, баян бол ноён! Эмгэнд минь тал дүүрэн таван хошуу мал хайрла. Бас орд өргөөгүй ямар баян ноён байх вэ? Өвгөн надаа орд өргөө хайрла! гэвэл удган мод,

    - Өвгөн чих харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ.

    Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөө сүндэрлэж байна гэнэ. Бас тал дүүрэн таван хошуу мал налайж байна гэнэ. Өвгөн,

    - Сайхан өргөө вэ? Мөн их мал аа! хэмээн дуу алдсанд эмгэн,

    - Тэнгэр харах нь энэ ээ! Энэ олон малыг чинь харахад хөгшин бие минь хөшиж, эмгэн бие минь эцнэ шүү дээ. Чи бушуухан удган модонд очиж "Эмгэнд минь арван найман насыг нь буцааж өгөөч!" гэж гуйгаад ир гэж гэнэ.

    Өвгөн "Эмгэн минь ахиад арван найман настай болох гэнэ. Тэр ч санадаг л санаа. Үгүй тэр залуу болчихвол намайг хөгшин гэж голно. Аа тийм, би бас удган модонд хэлж арван наймтай залуу болъё" гэж бодож гэнэ.

    Удган мод зуун гишүүгээ тачигнуулан, мянган мөчрөө шидлэн өвгөнийг угтаж,

    - За өвгөн ямар хэргээр ирэв? гэвэл өвгөн,

    - Талаар дүүрэн таван хошуу малаа харахдаа эхнэрийн минь хөгшин бие нь хөшиж, эмгэн бие нь эцэх гэнэ. Түүнийг ахиад арван найман настай болгож хайрла! Бас намайг арван найман настай болгож хайрла! гэсэнд удган мод,

    - Өвгөн чи харь! Хүссэн чинь сэтгэлчлэн бүтнэ, гэлээ.

    - Өвгөн гэртээ ирвэл оосор бүчгүй орд цагаан өргөөнийхөө үүдэнд туурга нэвт туяатай, тунж ягаан хацартай хүүхэн зогсож байна гэнэ. Гэтэл өвгөний нугас ус нь тарчигнаж, нуруун бие нь тэнийж, гар хөл нь хөнгөрч ганган эр болоход,

    - Залуу болох сайхан аа! гэж баясан хэлбэл эмгэн,

    - Тэнгэр харах нь энэ ээ! Залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэх нэг шуурганд барагдана. Алт, эрдэнэгүй ямар баян ноён байх вэ? Чи удган модонд очиж алт эрдэнэ гуйгаад ир гэж гэнэ. Өвгөн "Нээрээ алт эрдэнэгүй ямар баян байх вэ дээ? Тэр ч  санадаг л санаа. Удган модноос алт эрдэнэ гуйна. Тэгээд өөртөө юу гуйх вэ? Хүссэн бүхнийг бүтээдэг, морин толгойтой молор эрдэнэ гуйя" гэж бодож гэнэ.

    Удган мод нааш цааш савлан зуун гишүүгээ шидлэн өвгөнийг угтаж,

    - За өвгөн чи ямар хэргээр ирэв? гэвэл,

    - Эмгэн бид хоёр залуу ч боллоо, малтай ч боллоо. Мал мал гэхэд нэг шуурганд барагдана. Алт эрдэнэгүй ямар баян байх вэ? Удган ээж минь, эмгэнд алт эрдэнэ хайрла. Бас надад хүссэн болгоныг бүтээдэг морин толгойтой молор эрдэнэ хайрла! гэсэнд удган мод,

    - Өвгөн чи харь! Хүссэн болгон чинь сэтгэлчлэн бүтнэ гэж гэнэ. Өвгөн гэртээ ирвэл эмгэн нь алт эрдэнээ тоолж барахгүй дэнсээр дэнсэлж байна гэнэ. Дэргэд нь морин толгойтой молор эрдэнэ хэвтэнэ гэнэ. Өвгөн,

    - Ямар их алт вэ? гэж дуу алдсанд эмгэн,

    - Улс амьтан мэдвэл алт эрдэнийн минь хулгайлж дээрэмдэж авна. Чи бушуухан удган модонд очиж үзсэн хүн үнхэлцэгээ дэлбэртэл айх, харсан хүн халуун цөсөө хагартал айх тийм дүрээр бид хоёрыг дүрлүүлж өгөөч гэж гуй! гэв. Өвгөн "Энэ ч бас санадаг л  санаа" гэж бодож гэнэ.

    Удган мод гозгор хар гозууль болоод газар савлан яхир шахир дуу гарган өвгөнийг угтаж,

    - Өвгөн чи ямар хэргээр ирэв? гэж асуужээ.

    - Алт эрдэнэ ихтэй боллоо. Улс амьтан мэдвэл хулгайлж дээрэмдэж авна. Тиймээс бид хоёрыг үзсэн хүний үнхэлцэг дэлбэрэх харсан хүний халуун цус хагармаар дүртэй болгож хайрлаач! гэж гуйсанд,

    - Өвгөн чи харь! Хүссэн хэрэг чинь сэтгэлчлэн бүтнэ гэжээ. Өвгөн гэртээ ирвэл эхнэр нь аврага том могой болоод алт эрдэнэ дээрээ цагираглан исгэрч хэвтэнэ гэнэ. Өвгөн сандарч,

    - Могой! гэж уулга алдтал өөрөө бас могой болчихож гэнэ ээ.

    1. 4. ӨНЧИН ХҮҮ МАНГАСЫГ ДАРСАН НЬ

    Эрт урьд цагт нэгэн өнчин хүү амьдран суудаг байжээ. Өнчин хүүгийн суугуул нутагт нэгэн айхавтар мангас бий болж хүн зоны ундны эх үүсвэр болсон худгийг нь эзэмшээд суув гэнэ. Хошуу нутгийн зон олон уух усгүйдэж мал сүрэг нь харангадаж, хүүхэд хөгшид ядарч туйлдан бурханы оронд хальж эхэлжээ. Хошуу ноён мангасыг дарж хошуу нутгаа аварсан хүнд хошууныхаа бүх баялагыг өгнө гэж зар тараасан тул олон баатар эрс мангасыг дарахаар явсан боловч нэгэн ч эргэж ирсэнгүй ээ. Хошуу ноён “Энэ ёроор бүх ард иргэд минь харангадаад үхчихвэл би гэдэг хүн хэнийхээ ноён болж суух билээ” гэж сэтгээд Мангасыг дарсан хүнд Хошуу ноёныхоо суудлыг өгч, хошууны бүх эд баялагыг эзэмшүүлнэ хэмээн дахин зар тараав гэнэ.

    Өнчин хүү айл хотоор хэсэж аяга тараг олж уугаад гэлдэрч явтал ноёны зарчин таарав гэнэ. Зарыг сонссон хүү “Би ер нь тэр Мангас гэгчтэй нь тулалдаад үзвэл яадаг бол. Амиа алдвал миний хойноос харамсах хүн үгүй. Аз таараад мангасыг дарвал хошуу ноён болох хувь хүлээж байдаг. Ямар ч байсан үзээд алддаг хэрэг ээ. Нэг сайн цадаж аваад үхсэн ч гомдолгүй” гэж сэтгээд хошуу ноёныд очиж мангастай тулалдах болсноо айлтгажээ. Хавийн амьтан хүүг баалах нь баалж, өхөөрдөх нь өхөөрдөж, өрөвдөх нь өрөвдөж, ноёны айлдсанаар хүүг гэдэс гартал хооллож гэр дүүрэн амраажээ.

    Маргааш өглөө нь хүү мангасын эзэн суусан худагруу сэтгэл шулуудан алхажээ. Худаг тэгнэн хэвтэж байсан мангас хүүг хармагц улайран дайрлаа. Урьд өмнө нь ийм аймшигт амьтан харж байгаагүй бяцхан хүү тулалдах ч сэхээгүйгээр ухаан жолоогүй зугтаж гарав. Араас нь мангас архиран хүрхэрэн хөөв. Хүү ухаан жолоогүй зугтаж яваад хулганы нүхэнд бүдрээд ойччихов. Хүү “Ингээд тараг уудаг ходоод ч үгүй болж өөрөө мангасын хоол болж дээ” гэж харуусах агшинд гартаа таарсан чулууг аваад эцсийн найдвар гэж дотроо шившээд арагш шидэв гэнэ. Шидмэгц цааш сэхээрэн гүйтэл хөөж байсан мангасын хөлийн чимээ үл сонсдовой. Хүү гайхаад эргэн харвал мангас шидсэн чулуунд оногдон үрэдхийн унасан байв. Хачин юм даа, тийм аймшигт мангасын амь ийм хэврэгхэн байх гэж гайхахын сацуу мангасыг би дарсан юм чинь хошуу ноёны суудалд залрана гэсэн бодол харван орж магнай тэнийн баярлаж хошуу нутгийн зүг баярт мэдээгээ дуулгахаар түргэвчлэн алхах гэтэл нүдний үзүүрт нүд булаам гялбаа үзэгдмэгц нягтлан ажвал үхэдхийн унасан мангасын цаахан талд мангасын орд өргөө алт эрдэнэсийн өнгөөр туяаран гялбаж, мал хуй нь зах нь харагдахгүй бэлчээрлэн байна гэнэ.

    Хүү “энд ийм их баялаг байхад би хошуу ноёны эрх ямбаар яах ч билээ” хэмээн сэтгэл нь хувирч мангасын орд өргөө рүү яаравчлан алхав гэнэ. Мангасын өргөө рүү орвол таван тансаг амттан ширээ дүүрэн дэлгээстэй. Харсан хүн хүртэхгүй байхын аргагүй зоог, умдаан дүүрэн байна. Хүү захаас аван идэж эхлэв гэнэ. Идэж эхэлмэгц хүүгийн хумс уртсаж гарт нь үс ургаж эхлэв. Хүү өөртөө үс ургаж байгаад эхлээд гайхсан боловч хорхойсон идэх тусам үзэшгүй муухайгаар хувирч байгаагаа сэрэмжлэх сэхээгүй болж улам бүр шунахайран идэж байлаа. Хүү төд удалгүй өөрийнхөө дарсан араатантай адилхан аймшигт Мангас болон хувирвай.

    Урьд нь мангасыг дарахаар явсан бүх баатрууд мангасыг дарсан боловч бүгд мангасын эд хөрөнгөд шунахайран тэндээ мангас болон үлдсэн юмсанжээ.

    1. 5. ЦЭЦЭН БЭРИЙН ҮЛГЭР

    Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн,

    - Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ....
    Өвгөн хэрхэх учраа олохгүй их л айж, “Яана ийнэ” гэж гайхаш тасран харьсанд охин нь,
    - Тэр юухан байх вэ?! Аав санаа зоволтгүй гээд арга зааж өгчээ.
    Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хааныд очоод,
    - Хаантан минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч соёрхоно уу? гэж хашгирсанд хаан,
    - Чи хаана байна? гэж асуухад өвгөн,
    - Би гэрт ч биш, гадаа ч биш, хана туурга хоёрын тань завсар байна гэв.
    - Чи хэзээ ирэв? гэсэнд өвгөн,
    - Өдөр ч биш, шөнө ч биш, үүрээр ирлээ гэж.
    - Хаагуур явж ирэв? гэсэнд,
    - Би замтай газраар ч биш, замгүй газраар ч биш, замын далангаар явж ирэв гэж.
    - Юу амсөж ирэв? гэхэд,
    - Хувцастай ч биш, хувцасгүй ч биш, торон нөмрөгтэй ирлээ гэв.
    - Үнсэн чөдөр яаж зангидав гэсэнд! өвгөн,
    - Өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай соёрхвол авч морио чөдөрлө дөө гэсэнд хаан,
    - За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ.

    Өвгөн “Манай хаан болохоо байжээ. Одоо яана ийнэ билээ?” гэж цөхрөн, охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь,
    - Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ.
    Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хаяа хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж “Нохой хорь!” гэсэнд хүүхэн тооноороо багана гаргаад гарч ирэн,
    - Манайд морилж болдоггүй! гэв.
    - Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад,
    - Манай аав нярайлсан гэжээ.
    - Эр хүнээс хүүхэд гардаг юм уу? гэсэнд,
    - Эр үхрээс сүү гардаг юм уу? гэж хүүхэн асуув. Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан “Яасан цэцэн хүүхэн бэ? гэж мунхаг тайж хүүдээ авч өгөв.
    Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод дуудан хэлэв,
    - За хүү минь хаан аавдаа хойно урдаа хоёр толгойтой морийг тохож өг гэжээ.
    - За гэж гараад хойно урдаас нь хоёр морийг зөрүүлж баглаад олом, жирэм тасчиж бүр ядав.
    - Манай аав намайг хойно урдаа хоёр толгойтой морь тохож өг гэв. Би тохоод ядчихав гэж авгайдаа хэлжээ.
    - Та боос гүү тохоод уячих гэж хэлэв. Хэлсэн ёсоор уяжээ. Хаан үүнийг нь хараад таалан дахин хэлэв,
    - Аавдаа модон хайсанд(тогоо) мах чанаж өг гэжээ. Хөвгүүн за гэж гараад хамаг хотгор модон сав бүгдийг түймэрдээд тун ядав.
    - Намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд ядчихав гэв. Тэгэхлээр авгай нь,
    - Яргай шоронд мах шарж болгоод авч ороод барьж орхигтун! гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Эцэст нь хаан, мөсөн хүн хийлгэж тавьчихаад,
    - За хөвгүүн тэр мөсөн хүнээс үг сураад ир гэжээ. Мунхаг тайж очиж суугаад дуу гаргаж ядав. Хэмх цохиж балбачихаад эхнэртээ хэлэв,
    - Мөсөн хүнээс намайг үг сурч ир гэлээ. Сурч ядчихаад балбачихав гэж хэлэв. Эхнэр нь,
    - Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зудтай гурван сард байдаг билээ. Зуны зургаан сард харьдаг билээ гэж мэдүүлчих гэжээ. Тайж тэгж мэдүүлчихэв.
    Хаан “Аа миний хөвгүүн цэцэн авгай аваад сайн ухаан оржээ. Миний хүү өдий чигтэй болсон тул хаан сууринд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ.” гэж бодоод сэтгэл амар ан гөрөө хөөж яваад харь улсын нутагт мэдэлгүй ороод баригдаж гэнэ. Тэр улсын хаан манай хааны улсыг дагуулахаар хоёр элч илгээхээр шийджээ. Хаан хэлэв,
    - Манай хошуу хартай, хэцүү хошуу юмаа. Хоёрхон хүнд намайг ийм байна гэж очтол дагаж өгөхгүй болох, би та нарт сайн байна гэж нэг бичиг хийж өгье. Тэгвэл болно гээд нэгэн бичиг хийж өгөв.
    - "Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа арван хүн түшлэгтэй байна. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй өдрийн мянган түмэн хонин хүнстэй байна. Их жаргалыг эдэлж байна. Эвэртэй малаа өмнөө туугтүн, эвэргүй малаа ардаа туугаад ирэгтүн. Эргүү улаан бяруугаа нутагт нь хаяж орхигтун. Хар туулайгаа сахигтун! Цагаан туулайгаа эвхэгтүн. Манай нутгийн савдаг болох хоёр улиас бий. Нэгийг нь нутгийн голд цавчиж унагагтүн. Тэр хоёр улиасыг эс унагавал манай нутгийн савдаг нэхнэ. Миний байх нутаг хүртэл түүний нэгээр түлш хийж ирцгээ гэжээ. Миний хөвгүүний хөл доор нэг торгон хар хуурай бий. Түүнийг миний бэр мэднэ. Тэр торгон хар хуурайг авахуулаад хуурайдуулж, авдар савыг нь задалж үзэгтүн гэжээ."

    Тэр хоёр элч хүрч очоод бичгийг хүн амьтанд үзүүлэв. Олон амьтан үзээд “Нүүнэ манай хаан сайхан жаргаж байна” гэжээ. Тэгэхэд бэр гадаа байж байгаад тэр бичгийг надад аваад өгөөч гэжээ. Аниргүй авахуулан үзээд,
    - Та минь! хаан аав жаргалтай байна, нүүнэ гэж хэлэлцэнэ та. Над болбол хаан аав жаргалтай биш, зүдүүртэй байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлжээ. Дороо ногоон торгон олбогтой гэсэн нь газрыг хэлж. Ардаа арван хүн түшлэгтэй гэсэн нь мутрыг нь ард нь хүлжээ. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй гэсэн нь хоёр мэлмийн нулимс байна. Өдрийн өдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөндөө баригджээ.
    Эвэртэй малаа урдаа туугтүн гэсэн нь жад сэлэмтэй нь өмнөө гарагтүн гэжээ. Эвэргүй малаа ардаа туугтүн гэсэн нь жад сэлэмгүй нь ард нь явагтүн гэжээ. Эргүү улаан бяруу бий түүнийг нугагтаа хаягтүн гэсэн нь энэ тайжийг хэлжээ. Хар туулайг сахигтүн гэсэн нь шөнө явагтун гэжээ. Цагаан туулайг эвхэгтүн гэсэн нь өдөр бүгэгтүн гэжээ.

    Манай нутгийн савдаг хоёр улиас гэсэн нь энэ хоёр хүн болно. Нэгийг нь цавчиж унагаагаад нөгөөгөөр нь түлш хийж ирэгтүн гэсэн нь (нэгийг алаад) нэгээр нь газарчлуулж ирэгтүн гэжээ гэв.
    Олон улс за гээд өнөө хоёрыг барьж нэгийг нь цавчиж алаад нэгээр нь газарч хийж яваад шөнө очиж, баригдаж байсан хаан ааваа хулгайлан тайлж аваад цаадах дайсан амьтныг хядаж орхиод аавыгаа гаргахын далимаар тэр гүрнийг эзлээд хаан суун жаргав.
    Хойно нэгэн цагт цэцэн мэргэн хаан өвгөрч хаан ширээ төрийн хэргийг хүүдээ шилжүүлэх гэтэл хүү нь тэнэг тулд сэтгэл төвдөхгүй арга тасраад хэдий бүсгүй хүн төрийн эрх барих ёсгүй боловч үнэхээр цэцэн бол төрийн эрхийг бэрдээ шилжүүлж хүүгээ төр түшүүлэх санал төрж, бэрийнхээ үнэхээр цэцэн эсэхийг шалгахаар шийдэж гэнэ.
    Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд "араг, савар, адуу, хомоол, хонь, хуц, чоно, гол, мод, идэх” гэсэн арван үг хэлэхийг цээрлүүлж эдгээр үгийг хэлбэл толгойг авна гэж зарлиг буулган араг үүрүүлж, савар бариулаад адууны хомоол түүлгэж, хонинд явуулсан юм байжээ. Тэгтэл хуцыг нь чоно барьж, гол гатлуулаад модны ёроолд идчихсэн байжээ.
    Цэцэн бэр үүнийг хаандаа айлтгах гэтэл өнөөх цээртэй арван үгийг хэлж толгойгоо авахуулахад хүрэх тул арга олж айлтгасан нь,
    - Би үдмэлийг үүрээд, матмалыг бариад, гүймлийн гээмлийг түүж явсан чинь майлдгийн ахлай данхлайг урсгалыг гатлуулаад, ургамлын дэргэд ульмар жамиж орхижээ гэсэнд хаан ихэд баясан бэрийн үнэхээр гайхалтай цэцнийг мэдэж хаан ширээндээ суулгаж амар сайхан жаргажээ.

    1. 6. УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ

    Эртээ урьдын цагт урагшгүй хаантай нэгэн улс байжээ. Мөн тэр улсад шатар тоглохдоо хэнд ч хожигддоггүй нэгэн мангас байдаг байж. Тэр мангас хаантай сар бүр тус улсын нэг хүнтэй шатар тоглох тохироог хүчээр тулган хийсэн юм гэнэ. Тохироо ёсоор хожсон нь... хожигдсонийхоо толгойг авах учиртай юм байж. Олон жилийн турш ийнхүү тоглоход мангасыг хожих хүн гараагүй аж. Улсын хүн ам ч ихэд хорогдож. Ингэсээр нэгэн өдөр шатар тоглох ээлж Арилдий өвгөнд тохиожээ. Арилдий өвгөн ажилсаг, уран, цэцэн нь дэндсэн нэг бэртэй юм гэнэ.

      Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,

          - Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож.Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.

  3. 3. Үлгэрийн тайлбар
  4. 4. Үлгэрийн Мандал зураг
  5. 5. Үлгэр Мандалаг хэрхэн ашиглах заавар