Монгол хүнийг хөгжүүлэх үзэл
11 жил өмнө

"Яруу сэтгэгч" сонины нийтлэлүүд цувралаар...

Монгол хүнийг хөгжүүлнэ гэдэг маань монгол хүн бүрээс авахуулаад, төрийн түвшинд эрхэмлэн баримтлах үзэлтэй байна гэсэн үг. Үзэл гэдгийг мэдлэгийн сан гэж ойлгоно.

1. Бид ядуу байж болно. Тусгаар тогтнол гэдэг бол бидний агуу их бахархал, юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй баялаг мөн гэдгийг хүн бүр мэдрэх явдал. Энэ нь Монгол хүний хийж байгаа ажил, хөдөлгөөн болгон хэлж ярих үг бүр нь тусгаар тогтнолын төлөө байх учиртай гэсэн философид оршино. Монголчууд тусгаар тогтнолоо алдаагүй цагт сайн сайхныг цогцлон бүрдүүлж чадна.

2. Монгол улс сайхан хүүхний царайн дээр биш, сайн хөлгийн нуруун дээр биш газар шороон дээр тогтдог гэсэн философио сэргээх явдал юм. Монгол хүн бүр өөрийн төрж өсөж, ясаа тавих өлгий нутгийн төлөө хариуцлага хүлээх учиртай юм.

3. “Хүн намайг сургах учиртай гэдэг ойлголтыг би өөрөө өөрийгөө сургах, өөрөө суралцах учиртай” гэсэн философиор солих явдал болно. Энэ бол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн Монголын уламжлалт философи юм.

4. Улс орноо өөд нь татъя гэвэл уриа дуудлага үгээр хөөцөлдөх биш, ирээдүйгээ харж, материаллаг болон эрдэм оюуны баялаг бүтээж, амьд ажил хийвэл урагшлан дэгжиж чадна.

5. Монгол хүн бүр бусдын муугийн тухай бодохын урьд өөрийнхөө мууг эхэлж тунгааж сурах явдалд оршино. Энэ нь бусдыг ялж, яллах дадал заншлаа орхиж, өөрийгөө ялж, яллаж сурах сэтгэлгээгээр солино гэсэн үг юм.

6. Бусадтай атаархаж, өшөө хорсол авах сэтгэлгээнээс ангижирч, амь насанд халгаагүй бол бүхнийг уучилж сурах философи мөн. Энэ нь идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургаж болдог тухай монгол философи билээ.

7. Эрүүл биед саруул ухаан оршдог философийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх явдал юм. Монгол хүний амин чанарыг сайжруулж монгол үндэстнийг эрүүлжүүлэх явдал.

8. Монгол хүний гайхамшигт чанарууд, тухайлбал нэн их хөгжсөн тэнцвэрээ хадгалах чадварыг улам лавшруулан хөгжүүлэх явдал юм.

9. Монголын төлөө тэмцэж явсан алдартнуудаа мартахгүй байх учиртай. Атилла, Авдай сайн хаад, Есүхэй баатар, Чингис хаан, Батмөнх даян хаан, Түмэн засагт хаан, Лигдэн хаан, Цогт тайж, Хотхойдын Чингүнжав, эдийн засагч Тогтохтөр ван, Богд Жавзандамба, Сайн ноён хаан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимид, Хайсан гүн Дэмчигдонров, Д.Сүхбаатар, А.Амар, П.Гэндэн, Т.Дэмид, Ж.Цэвээн, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, С.Аварзэд, Д.Төмөрочироос авахуулаад эх орончдын сурах бичиг гаргах явдлыг гадна талд “худалдагдсан” Шанзав Бадамдорж зэргийн уршигт хүмүүсийн үйл ажиллагаатай харшуулан, дэлхийн өнгө аяс дээр авч үзүүштэй санагдана.

10. Түүхийг судалдагтай адил алдаагаа судалж, алдаан дээрээ суралцах явдал юм. Хувь заяа ирээдүй биднээс өөрсдөөс маань шалтгаална гэсэн баталгаа шаардахгүй үнэнийг Монголын хүн бүхэн хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам байхгүй.

Дархчуул овогт Даваагийн Лхаашид

‘Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”

Гэрэл зургийн эх сурвалж:http://mongolianislam.mn/mgl/wp-content/uploads/2011/12/Mongol-Egshiglen-hamtlag-Bid-mongol-huuhduud-toglolt-2011.05.25.jpg