Монгол Улсын брэнд имижийн тухайд
11 жил өмнө

Саяхан үүд хаалгаа нээсэн 21-р зууныг “технологийн зуун”,” биологийн зуун”, “соёлын зуун”[Солонгосын Өнгө Судлалын Холбоо, Одоо бол Өнгө, 2002] гэхчилэн олон янзаар онцлон тодотгож байгаагаас соёлын тухай асуудал нь үнэхээр сүүлийн үед хөгжингүй улс орнуудын анхаарлын төвд байх болсон ба өөрийн улс үндэстний түүх соёлын давтагдашгүй онцлогийг олж тогтоохынтулд шинжлэх ухаан, урлаг, соёлын өргөн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаатай өчүүхэн миний бие өмнөд Солонгос улсад эрдмийн мөр хөөж, номд шимтэн суухдаа олонтаа таарсан билээ. Аливаа улс үндэстэн бүр улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, техник технологи гээд өөрийн онцлог давуу талыг тодотгон стратеги боловсруулдаг ч сүүлийн үед соёлын давтагдашгүй чанарт анхаарлаа хандуулах болсныг тэмдэглэх нь зүйтэй[И Хун Иг,Соёлын тусламжтайгаар Улсын имижийг сайжруулах нь, 2004]. Энд үндэсний соёлын өвөрмөц онцлогийг зөв тодорхойлж, үндэсний брэнд, хот төлөвлөлт зэрэгт зөв тусгаж чадвал бид өөрийн үндэстний дархлааг тогтоож түүх, өв соёлоо нандигнан дээдэлсэн Их Хөх Монгол улсаа хөгжүүлэхэд нэн чухал дэм болох болов уу. Үүний тулд эхний ээлжинд олон нийт өргөн хүрээнд санал асуулга явуулах мөн хэвлэл мэдээллийн хуудаснаа манай орны талаархи ямар мэдээллүүд давамгайлж байгаа зэрэгт харьцуулсан судалгаа хийж Монгол улсынхаа дэлхийн ард түмний хувьд ямар имиж ойлголттой байгааг тодорхойлох хэрэгтэй бөгөөд үүн дээрээ үндэслэн цаашдын ажлуудаа төлөвлөх нь зүйтэй юм.

Дээрхээс үндэслэн одоогоос хэдэн жилийн өмнө имижийн нэгэн судалгааны ажлаа эхлүүлснээс дурдвал “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” гэсэн сэдэвтэй бөгөөд эхний шатанд Монгол улсаа харилцан хөрш залгаа орших Хятад, Солонгос, Япон улсуудтай харьцуулан авч үзэхдээ, Буддын шашны соёл тодруулбал өнгөний имижийн хувьд ямар онцлог ялгаатай болох тал дээр хийсэн судалгаа байсан юм. Судалгаанаас харахад Япон, Солонгос улс хоорондоо төстэй ойрхон байхад Монгол, Хятад хоёр улсын Буддын шашны өнгөний имижийн орон зай нь Хосолмол өнгөний имиж скейл (Combination Color Image Scale) дээр өргөн талбайгаар давхцан гарсан байдаг[Ш.Мандалмаа, Чеи Ин Гю, Солонгос, Монгол, Хятад, Япон улсуудын Буддын шашины Өнгөний имижийн харьцуулсан судалгаа,2007 ].
Скейлээс харахад Монгол Буддын шашны өнгө нь бусад гурван улсынхтай хамгийн их давхцал үүсгэсэн байсан нь манай улс эртнээс дээрхи улсуудтай дайн байлдаан болоод соёлын өргөн харилцаатай байсныг нотлох мэт. Энд дурьдахгүй өнгөрч болохгүй нэгэн зүйл ажиллагдсан нь манай Монгол лам нарын хөх өнгөний хэрэглээ буюу хөх цэнхэр өнгийн нудрагатай лам дээл хувцас байсан юм.
Ер нь бид өөрсдийгөө хөх монгол гэх дуртай, үнэндээ ч эзэн Чингис хааны сургаалд “Хөдлөхийн дээд Хөх Монгол”[С.Бадрал,Монголчуудын эртний уран зураг дахь хөх цэнхэр дээл хувцасны учир,2010] гэсэн байдаг. Үнэхээр бид Хөх Монгол юм бол бидний “хөх” өнгө яг ямар “хөх” өнгө юм болоо. Гүн хөх, цайвар хөх, хүйтэн хөх, хүнд хөх, бүдэг хөх гэх мэтээр нэрлэж ялгаж болох ч дэлхийн дүрслэх урлаг, өнгөний нэрлэгээнд Туркийн хөх, Азурын хөх, Ренесансын хөх, Францын хөх, Миланы хөх, Вашингтон хөх[Ким Жүн Буг, Фейшн трэнд өнгө, 2003] зэрэг олон янзын хөх өнгөнүүд дунд Монгол тодотголтой хөх өнгө бий билүү. Үүнийг мөн л судалгаа, цуцашгүй эрэл хайгуулын тусламжтайгаар нээн олж болох буйзаа. Хэзээ нэгэн өдөр удахгүй бид Монгол үндэстний өнгөний палетте хөтөч(Guide)-тэй, Монголоор нэрлэгдсэн хөх өнгөтэй, улсын имиж стратегитэй болно гэдэг нь эргэлзээгүй бизээ. Энд ахин хэлэхэд өнөөдөр манай улсын хувьд өөрсдийнхөө бусдаас ялгарах өвөрмөц онцлог шинж чанарыг олж, улсын имиж болгон дархлах асуудал нь эрдэмтэн судлаач, уран бүтээлчдийн хойшлуулалгүй хиймээр ажлуудын нэг болооод байна. 

Эртний түүхт Их Хөх Монгол Улс маань мандан бадрах болтугай.

 

Ш.МАНДАЛМАА

Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн
Өнгө судлаач, имижмакер

Байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх.

http://facebook.com/mandalma
http://facebook.com/MongolColor
https://twitter.com/MongolColor

Зургийн эх сурвалж:http://www.facebook.com/NMCSteam