Монголын Төмөр Зам, Замын 3-р анги | Төмөр зам дагуу соёлын үрийг тарьлаа 2011
12 жил, 11 сар өмнө

МТЗ-ын Замын 3-р ангийн Хөдөлмөр хамгааллын инженер Л.Дэжидмаагийн саналын дагуу тус ангийн ажилтнуудад зориулсан "Хувь хүний амжилт ба ажлын бүтээмж" сэдэвт лекц зохион байгуулахаар өчигдөр орой Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнд ирлээ. Замын 3-р ангийн инженер, мастеруудад өнгөрсөн жил сургалт зохион байгуулж байсан бөгөөд тэр үеэс холбоотой ажиллаж байгаа билээ. Инженер Л.Дэжидмаа, ахлах инженер Р.Сүхбаатар нар нь "Яруу сэтгэгч" сонины уншигчид бөгөөд анх сониноос улбаалан бидэнтэй танилцаж байсан.

22:00 цаг өнгөрөөгөөд Чойрт ирж, албаны хүнээр тосуулан ажилчдын амрах байранд байрлалаа

Өнөө өглөө 9:00 цагт 69 машинтай хөдөлж, замын хэсгүүд төвлөрсөн эхний газраа ирж лекцээ уншлаа. Ажилчид их сонирхож сонсож байсан бөгөөд хувь хүний хөгжлийн мэдээллээр маш их дутагдаж байдаг нь тодорхой харагдаж байв. Зам ангийн ажилчид нь төмөр замын эвдрэл, гэмтлийг бүрэн хариуцаж, шалгаж, засварлаж ажиллах үүрэгтэй ажээ. Инженерийн хэлж байгаагаар хөгжингүй орнуудын зам засвар нь бүрэн механикжиж, нэг машинаар л бараг бүх засварыг шийддэг болоод байгаа бол Монголын хувьд бараг 100% гар ажиллагаагаар гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай санагдлаа. Ер нь МТЗ нь Оросоос шууд шахдаг хуучин технолги, зүтгүүр зэргээс шалтгаалан технологийн хувьд маш хоцронгуй явж байгаа юм байна. Харин одоо монгол захиралтай болсноос хойш шинэчлэлийн хүрээнд зарим ажлуудыг хийж байгаа тухай инженерээс сонслоо.

Тэндээс буцаж Зам анги дээрээ ирэхэд замын мастер нь зам ангийн үйл ажиллагааг танилцууллаа. Зам анги нь төмөр замын засвар, үйлчилгээ хариуцдаг гэдэг утгаараа зам дагуу хэсгүүдэд хуваагдаж ажилладаг юм байна. Нэг хэсэг нь 26 км замын аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг ажээ. Танилцаад явж байхад хүндэт самбар дээр нь өмнөх жил манай сугалтанд сууж байсан мастер ах Шилдэг мастер болсон байхыг хараад дотроо баярлаж л явлаа. Мөн гражийн хананд хэд хэдэн уран зураг өлгөөтөй байсан нь маш сонирхолтой харагдаж байсан. Сураг сонсвол энэ зам ангийг байгуулагдахад 2 зураач ажиллаж байсан бөгөөд тэдний бүтээл гэж хэлж байсан.

Хоолоо идчихээд дараагийн хэсэг ажилчидад лекцээ уншлаа. Миний уншиж байсан лекцүүдээс энэ лекц нэлээдгүй халуухан лекц болсон бөгөөд заалны уур амьсгалтай уялдан сэдвээсээ хальж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Монгол хүний үнэ цэнэ сэдвүүдрүү нилээд хазайлаа.

Ер нь галт тэрэгэнд таарсан ах нар, энд таарсан инженер, тогооч эгч нартай ярилцаж байхад, Монгол хүний хөгжлийн асуудалд бүгд л санаа зовж байгаа нь илт байсан бөгөөд Монгол хүнд итгэл найдвар, урам зориг, хийж бүтээх сэдэл тэмүүллийг өгч, хувь хүний амьдралдаа хандах сэтгэлгээг дахин шинэ сэтгэлгээнд авчирах ёстой гэсэн санааг бүгд цухалжуулж байв. Л.Дэжидмаа инженерийн хувьд маш дэвшилтэт үзэлтэй хүн гэдэг нь ажиглагдсан. Тэрээр, "Би ажилчидаа тогтмол хөгжүүлж, цэнэглэж байхыг хичээдэг бөгөөд 300000-р сургалт авъя гэхэд дарга нар нь мөнгөө харамладаг. Тэгэхэд нь бид 300000 төлөөд 300 ажилтанаа цэнэглэж, ажилчидаараа 300000000-г бүтээлгэх ёстой гэж дарга нартаа хэлдэг. Мөн энэ төсвийн байгууллагууд бүгд албан ёсоор ажилчидынхаа толгойд юм хийж, сургаж хөгжүүлэхэд мөнгөө зориулах хэрэгтэй" гэсэн санаануудыг хэлж байсан.

Чойр суурин нь чимээ аниргүй, хүн хөдөлгөөн багатай тосгонтой төстэй. Хөдөө явалгүй олон жил болсон миний хувьд анир чимээгүй, тайван, сонирхолтой л байна. Маргааш өглөө төмөр дагуу Айраг суманд байрлах замийн хэсгүүдрүү соёлын үрийг тарихаар явна даа. Яг одоо Чойр суурин дахь инжерийн албан өрөөнөөс блогоо бичиж байна.

2011.4.16 өдөр 21:21 цаг
Говь сүмбэр аймаг, Сүмбэр сум, Чойр өртөө

Өглөө 10:00 цагт Чойроос хөдлөөд Шарын голоор дайраад Дорноговь аймгийн Айраг суманд ирлээ. Замдаа инженерүүдийн эхлүүлсэн "Шашин, итгэл үнэмшил, хуурамч лам нар, бөө, хятадууд ухаад дууслаа" гэх мэт сэдэвт яриаг сонсож, мөн Замын 3-р анги нь 312 км урт төмөр замын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 320 гаруй ажилтан ажиллагсадтай хамт олон зэрэг мэдээллийг авлаа. Шарын голын ойролцоо МАК-ийн байгуулж байгаа коксжсон нүүрсний үйлдвэр баригдаж байгаа нь харагдаж байсан. Хуучин технологитой үйлдвэрүүдээс татгалзаж ийм өндөр технологитой үйлвэрүүдийг байгуулах нь зөв байгаа юм даа. Ингээд Айраг суманд байрлах замын 3-р ангийн ажилчидад лекцээ уншлаа. Хүмүүс лекцийг маш их сонирхож хүлээж авсан бөгөөд 2 цаг уншчихаад байхад л хэн ч гарч явахгүй байсан. Тэгээд "Мандухай хатан ээжүүд" аянг хүмүүст хүргэж Гэр бүлийн боловсролын лекцийг сонсгоход мөн л хүмүүс тэвчээртэйгээр сонсож байсан. 

Айраг сумыг тойроод маш их жоншны ордтой бөгөөд энэ сумын ихэнхи иргэд нь жонш ухаж амьдрал ахуйгаа залгуулдаг тухай иргэд ярьж байсан. Замд жоншны хятад үйлдвэр нэг харагдаж байсан.

Мөн энэ суманд улсын нөөцийн газар /бензин, түлш/ байрладаг юм байна. 

Одоо эндээс 23:20 цагийн галт тэрэгт суугаад Хотын зүг хөдөлнө.

Дорноговь аймаг Айраг сум замын 3-р ангийн замын мастер З.Чинбат ахын гэрээс блогоо бичиж байна. Сая Чинбат ахад блогын тухай нилээн тайлбарлаж өгч блог нээж өглөө. Интернэтийн ухааныг олох гэж нилээн хичээж байгаа ах байна. Сайшаалтай.