Монголын За- Андагаар буй заа
8 жил, 11 сар өмнө


Б.Ренчин гуайн ийм нэртэй номыг би бараг сарын өмнө уншсан юм. Энэ ном Б.Ренчин гуайн 1950 оноос хойш бичсэн өгүүллэг, нийтлэл, дурсамжуудын түүвэр л дээ.

Энэ номноос номны нэр болсон "Монголын За-Андагаар буй заа" гэсэн нийтлэл надад их таалагдсан тул өөрийнхөө блогтоо сэтгэгдэлээ хуваалцахаар шийдэв.

Түүний бичсэнээр Монголын нууц товчоонд "Монголун жа андагаар буй заа" гэсэн өгүүлбэр байдаг аж. Үүнийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлбэл Монголын За-Андагаар буй заа гэсэн өгүүлбэр болно. Утгачилвал Монголчууд за гэж хэлсэн л бол андгай, тангараг өргөсөнтэй адилтган үздэг байжээ.

Хамгийн сонирхолтой нь Б.Ренчин гуай за гэсэн үгээ тангараг мэт үзэхийг хамгийн том боловсрол юм шүү дээ гэж бичсэн байх юм. Яагаад боловсрол гэж хэлсэн юм болоо гэж нилээд гайхсан. Минийхээр бол боловсрол гэдэг тал бүрийн мэдлэгтэй байх тухай ойлголт. Ер нь бид чинь гадаадад сургууль соёл төссөн, хэл, устай нэгнийгээ тэр их боловсролтой хүн гэж ирээд л ярьдаг биш бил үү. Гэтэл яагаад ганцхан хэлсэндээ хүрдэг хүнийг боловсролтой гэж хэлж байгаа юм бол оо? Энэ асуулт бараг миний тархинд 1 сар байсан байх аа. кккк

Энэ номыг уншсаны дараа би "за" гэж хэлсэндээ байнга хүрдэг билүү гэж өөрөөсөө асуусан. Харамсалтай хэлсэндээ хүрээгүй тохиолдлууд олон. Бүр заримыг нь аль хэдийн мартсан байна. Тэгээд яг одооноос эхлээд за гэж хэлсэндээ хүрдэг хүн байх гээд хичээгээд үзье гэж өөртөө хэлсэн.

Даанч энэ тийм ч амар зүйл биш ажээ. Хамгийн энгийн жишээ: нэг найзтайгаа уулзая гэж хэлчихээд яг очих гэхээр өөр ажил гарчихна. Аль эсвэл хэн нэгнээс чадна гээд нэг ажил авчихна. Нөгөөдөхийгөө хийх гэсээр байгаад цагийг нь дөхүүлчихдэг. Тэгээд л амждаггүй гэх мэт. Нэг уулзалтанд очно гээд хэлчихсэн байтал гэнэт илүү чухал ажил гараад ирнэ. Зарим за гэж хэлсэн зүйлдээ "чадал" ч хүрэхгүй байх тохиолдлууд гарах юм.

Тэгэхээр "за" гэж хэлсэндээ байхын тулд наад зах нь ажлаа төлөвлөдөг байх шаардлага гарч байгаа юм. Энэ нь ирээдүйд юу болохыг тодорхой хэмжээнд таамаглана гэсэн үг. Таамаглахын тулд туршлага хэрэгтэй. Бас хэн нэгэнд за гэж хэлээд нэг ажил хийхээр боллоо гэхэд тухайн ажлыг нь хугацаанд нь амжуулахын тулд залхуурлаа даван туулахаас эхлээд өөрийгөө удирдах чадварт суралцах шаардлагатай болчихож байгаа юм. Нөгөө талаас зарим чадахгүй, амжихгүй зүйлдээ шударгаар "үгүй" хэлж сурахыг ч бас шаардана. Ер нь тухайн нэр үгийн утгыг үйл үгнээс нь хаймаар юм шиг санагддаг. Боловсрол гэдэг үгийн үйл үг нь "боловсрох". Боловсрох гэдэг үг нь аливаа амьтан нас бие гүйцэх, жимс ургамал бүрэн гүйцэт ургах гэх мэт утга илэрхийлнэ. Ингээд бодоход боловсорч байж л за гэдэг үгэндээ хүрч чадах юм байна.

Тэгээд эцэст нь мань хүнтэй санал нэгдэхээр шийдсэн юм.

(Нээрээ нэг япон судлаач ах япончууд бол будааны соёлтой хүмүүс гэж ярьж байсан. Учир нь будаа ургаад илүү сайн болох тусмаа бөхийдөг юм байна л даа. Яг тэрэн шиг япон хүн ч гэсэн боловсрох тусмаа бөхөлздөг гэж.)

Б.Ренчин гуайн ачаар би өөртөө "боловсрол" гэдэг үгийг шинээр нээсэндээ баяртай байгаа. Боловсрол гэдэг чинь зүгээр л "За" гэж хэлсэндээ л хүрэх юм байна шүү дээ гэж. Бүр "боловсрол" тэр чигээрээ шүү.

Эх сурвалж: http://abatorgil.blogspot.com/