“ЗҮРХЭН ЧАНАДЫН ДУУДЛАГА” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
3 сар, 1 долоо хоног өмнө

“ЗҮРХЭН ЧАНАДЫН ДУУДЛАГА” СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН

ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

Хөтөлбөрийн зорилго:

  • ü Монгол улсын ард иргэд бид өнөөдөр яаж амьдраад байна вэ?
  • ü Улс орон төдийгүй дэлхий  нийтээрээ үймрэн хямарч буй энэхүү ороо бусгаа цаг үед бид юуг бодож эргэцүүлж, юуг өөрчилж, юунд зорьж амьдрах учиртай юм бэ?                                                        
  • ü Монголчууд бидэнд амьдралын чанараа сайжруулан бодитоор өөдлөн дэвжих боломж бололцоо бий юу?
  • ü Улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлогоос үл хамааран ахуй амьдралаа өөдлүүлэн залж, сэтгэлийн амар амгалантай амьдралыг ахуйтайгаа хамтад нь сайтар тохинуун цогцлоох боломж, гарц гаргалгаа бий юу?
  • ü Байгаль дэлхийн зохист зүй тогтол алдагдаж, нутаг оронд үүсээд буй ган гачигийн шалтгааныг таньж, байгалийн эрсдэлт хүчин зүйлүүдээс нутаг орноо, хүн зон, мал ахуйгаа авран хамгаалах боломжийг хэрхэн өөрсдийн хүчээр бий болгох вэ?
  • ü Хөдөө орон нутгуудад бэлчээрийн гарц муудаж, даац хэтрэх, бэлчээр сүйдэх аюул юунаас эхтэй байна вэ? Яаж засах боломжтой вэ?
  • ü Монгол орныг моджуулан ногооруулснаар ус цаг уурын эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх нь дамжиггүй, тэгвэл байгаль экологийн тэнцвэрийг хангахад ямар дорвитой хувь нэмрийг бид оруулж чадах вэ? Ойн санг хэрхэн нэмэгдүүлж, хэрхэн хамгаалах вэ?, Хот, аймаг, дүүрэг, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд энэ үйлсэд хэрхэн нэгдэж, эх орноо үтэр түргэн ногооруулж байгалийн нөхөн сэргээлтийг газар газарт өрнүүлэх ажлыг яаж зохистой зохион байгуулах вэ?
  • ü Ардчиллын ил тод байдал, үг хэлэх эрх чөлөө хэмээх ойлголтын доор хүн та бид  үргэлж нэг нэгнээ үгүйсгэн шүүмжилж, сөргөлдөн талцаж, явцуу ашиг сонирхлоо хамгаалж, идэх уух, өмсөж зүүхэд автан өнгөнд хууртаж, амжилт хэмээх өнгөцхөн ойлголтоор амьдралын чанараа сулруулж, Монгол хөрсөнд нийцтэй бус харийн бодлого, үзэл санааны золиос болсоор байгаа байдал хэдий болтол үргэлжилсээр байх вэ?
  • ü Бид бусдыг шүүгээд өөрөө цэцэрхэж суухаас илүүтэй өөрийн хийж чадах бүхнээрээ зөв оролцоотой байж, улс орон, нийгмийнхээ  сайн сайхны төлөө өөрийгөө бүх талаар нь бүрэн дүүрэн дайчилдаг ухамсрыг хэзээ төлөвшүүлэх вэ?
  • ü Бусдаас үргэлж бурууг эрж өөрсдөө буруугүй мэт аашилж, хэрүүл тэмцлээр насаа элээж, хүүхэд залуу үеэ хэн ч бус болгон хүмүүжүүлээд буй буруу хандлагаасаа хэзээ салах вэ?
  • ü Өдрөөс өдөрт өөрийнхөө төрж үүссэн үүх түүх, үүсгэл эхлэл болох угсаа гарвалаа умартаж, амьдран орших зөв хэрэгцээ, ёс заншлуудаасаа алсарсаар буй ирээдүйн эзэд энхэр бяцхан үрсүүдээ хэрхэн хааш нь чиглүүлж, ямар итгэл үнэмшлийг ухамсарт нь суулгаж, ямар алсын хараагаар ирээдүйг нь тодорхойлж өгөх вэ?
  • ü Та бид юу сэтгэж амьдрана вэ?
  • ü Эх орон минь эзэнгүйдэж, сэтгэлтэй, зүтгэлтэй, боловсорсон чадварлаг удирдагчдаар улс орон маань илтэд дутаж, хөнгөн хуумгай бодлогоос улбаатай газар шороо минь сүйдэж, газрын доорхи баялаг гадагшаа зөөгдсөөр л байна. Энэ сөрөг нөхцөл байдалд түлхэц үзүүлээд буй хамгийн чухал хүчин зүйл нь явцуу ашиг сонирхлыг үүсгээд буй сэтгэлгээний ядуурал. Энэхүү сэтгэлгээний ядуурлаас үтэр түргэн ангижирч, оюуны болоод сэтгэлийн цэвэр тунгалаг оршихуйг хүн бүр хэрхэн өөртөө бүрдүүлэх боломжтой вэ?
  • ü Өнөөгийн нийгмийн хамгийн ноцтой асуудал болсон, архидалт, гэр бүл салалт, хүүхдийн хүчирхийлэл, аюул осол, өвчлөл, ажилгүйдэл, сэтгэлийн хямрал, залхуурал, үл ойлголцол зэрэг бүхий л сөрөг асуудлуудаас хэрхэн бүрэн дүүрэн ангижрах вэ?
  • ü Хүн бүхэн бие биедээ асар их үнэ цэнэтэй гэдэг үнэнтэй эвлэрч тэрхүү үнэ цэнийг өөрөө өөрсдөдөө бүтээж, бие биенийгээ хүндэтгэн хайрлах, байгаа бүхий л боломжоороо нэгэн нэгнээ хүлээн зөвшөөрч, эвлэлдэн нэгдэх элгэн халуун ёс журмыг хэрхэн яаж буй болгох вэ?
  • ü Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй хөгжлийн гацаа, ухамсрын төөрөгдлийг шийдэх ямар арга замууд байна вэ?
  • ü Та хэн бэ? Та хэн байж, хэний төлөө, юуны төлөө, юу хийж, яаж амьдрах гэж энэ Монгол улсын үнэ цэнэтэй иргэн болж мэндэлсэн бэ? Танд яаж амьдрахаа шийдэх ямар боломж, гарц гаргалгаа байна вэ?
  • ü Дээрх мэт хүний хүчин зүйлтэй холбоотой хязгааргүй олон асуудлыг хамгийн зөвт байдлаар засан өөрчлөх боломжийг ард олондоо сэхээрүүлэн ойлгуулж, таниулахаас гадна Монгол хүн бүр чиглэсэн нэгэн алсын хараатай, хөгжих үндсэн бодлоготой байж, өнө эртний түүхтэй  Монгол улсынхаа өвөг дээдсийн боловсруулж өртөөлөн үлдээсэн өндөр дээд түвшний онол мэдлэгт суралцаж, эх орноо бүрэн дүүрэн баттай хөгжүүлэхэд хувь хүн бүр өөрийгөө хичээнгүйлэн дайчлах нь зүйтэй хэмээх үзэл санаан дээр нэгдэж, нэгтгэх зорилго бүхий “Зүрхэн чанадын дуудлага” соён гэгээрүүлэх хөтөлбөрийг Монгол орон даяар өрнүүлж, ард олондоо оюуны үнэт хөрөнгө оруулалтыг бодитойгоор хийхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт:

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол улсын бүхий л нутаг дэвсгэрт харьяалагдан амьдарч буй ард иргэддээ хүрч үйлчлэн, тухайн хөтөлбөрт хамруулан хүн бүрийг сэхээрүүлэх зорилт тавин түүндээ хүрч ажиллана.

Санаачлагч:

Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт, ландшафтын 3Үйлсийн алтан хэлхээ3 ХХК-н захирал, Билиг бадруулагч ТББ-г үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач, Их Монгол Язгууртан ИНБ-н дэмч багш Сайн-Оюут овогтой Алтангэрэлийн Энхбаяр.

Хамрах хүрээ:

Монгол орон даяар.

Хөтөлбөрийг Их Монгол улсын халуун амь, хаадын хаадын их түүхийг оршоосон Хархорум хотын их тууриас буюу Өвөрхангай аймгийн Хархорин сумаас эхэлнэ.

Хөтөлбөрийг тухайн тухайн орон нутаг, хот, дүүргийн засаг захиргаа, нутгийн удирдлагууд, яам тамгын газрууд, соёл урлаг, шинжлэх ухаан, олон нийтийн байгууллагууд, их дээд болон ЕБС-иуд төрийн болон хувийн хэвшлүүд, албан  байгууллага,  иргэд, олон нийтийн бүлхэмүүд, олон нийт, ард иргэдийнхээ оролцоотой боломжит бүхий л хувилбаруудаар эв хамтаараа нэгдэн зохион байгуулж байна.

Хүрэх үр дүн:

  • Ø Амжилт гэдэг бусдад харагдах шинж байдал бус, амжилттай байна гэдэг зөвхөн бусдыг дагуулах, бусдыг манлайлах чадвар ч бус юм. Амжилт гэдэг өөрөө бусадтай нийцэн зохирч харилцах чадамж. Амжилттай байна гэдэг ажил үйлс, амжилттай яваа мэт харагдах зам мөр гэхээсээ илүүтэй өөрийн болоод өрөөл бусдын мөн чанарыг бүрэн таньж харилцан хамаарлын шүтэлцээг дээд зэргээр эрхэмлэн сэтгэлийн хувьд өөртөө болон бусдад амгалан зохиролтой, бие сэтгэлийн хувьд эрүүл, сэтгэлгээний хувьд юунд ч үл торон хязгааргүй боломжоор сэтгэж ухаарч, амьдралаа урлаж чаддаг туйлшрал үгүй, хэнээрхэл үгүй, байгальд ээлтэй, бусдад хүндлэлтэй, боловсорч бүрэн таньсан ухаарлын хэмнэлээр ахуйгаа тохинуулан баялаг амьдардаг эрдмээр ч, эдээр ч баян эрхэм үнэ цэнийг хэлнэ хэмээн “Зүрхэн чанадын дуудлага” соён гэгээрүүлэх хөтөлбөр таниулж байгаа болно. Тиймээс энэхүү өргөн боломжийн хүрээнд ард иргэдээ аваачих өргөн далайцтай зорилго тавьж түүндээ хамтдаа хүрнэ.
  • Ø  Хүн бүрийн амьдралд гадаад дотоод янз бүрийн учир шалтгаан ил далд янз бүрийн хэлбэрээр нөлөөлж байдаг. Энэ нөлөөлөл нь амьдарч байгаа нийгэм нь хүндээ, иргэндээ нөлөөлдөг хэмээх үндсэн ойлголтонд багтаж явдаг хэдий ч нийгмийн хамгийн энгийн нэгж хэсэг хүн нь хүндээ сайн муу олон арга замаар хамгийн их нөлөөлдөг гэдгийг тэр бүр анзаарч хүлээж авахаа больжээ. Хүн нь хүнийхээ нөлөөлөлд автан хувьсан өөрчлөгдөж байдаг нь зайлшгүй юм бол тэрхүү хувьсал өөрчлөлтийг өөртөө хамгийн зөв зохистой байдлаар хүлээн авч, эрүүл саруулаар өөрийгөө зөв залах ухаан, ухамсар хувь хүнд зайлшгүй хэрэгцээтэй байх нь нэн тодорхой байна. Иймээс уг хөтөлбөрийн хүрээнд  хүн бүхэн яаж өөрийгөө зөв хөгжүүлэх вэ? Хэмээх “тодорхой” байдлыг санал болгон, бүх талаараа зөв төлөвшин хөгжсөн ухамсартай иргэд болох сэдэлжүүлэлтийг олон нийтэд зөв түгээснээр хариуцлагатай, ухамсартай, зөв хандлага, зөв харилцаатай жинхэнэ хүн болох боломжийг олгоно.
  • Ø Энэ боломж бол хүн бүр зөвхөн өөрөө өөрийгөө анзаарч, ажин шинжиж өөрөө өөртэйгөө ажиллах арга барилд дадахуй явдал билээ. Хүн бүр өөрөө өөртэйгөө ажиллах арга барилд суралцаж, түүнийг эзэмшсэнээр өөртэй нь үргэлж харилцахыг хүсч байдаг дотоод болон гадаад дуу хоолойг сонсож сурах бөгөөд улмаар хүнийг өөрт нь олж өгдөг энэхүү дуу хоолойг ойлгож, түүнтэй нэгдсэнээр өөрийнхөө хүч чадал, авьяасны боломжоо дээд хэмжээгээр нээн илрүүлж түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болох төдийгүй, өөрийн сэтгэлээ удирдаж дадсанаар сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлж, эзэмшсэн боловсрол мэдлэгийнхээ хүрээнээс улам бүр тэлж өөрийнхөө ажил, амьдрал, эрүүл мэнд, хайр сэтгэл, гэр бүл, нийгмийн харилцааны бүхий л талбарт тэнцвэртэйгээр биеэ авч явж чаддаг, түүнд  нэгдэн оролцож чаддаг өөртөө үндэслэж, өөрийгөө урган хөгжүүлж чадсан чадварлаг ХҮН болж улс нийгэмдээ үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулах чадамжтай болно.

Зохион байгуулалт:

Хөтөлбөр нь:

  • ü Яриа таниулга,
  • ü Уулзалт, хэлэлцүүлэг,
  • ü Иргэд болон албан байгууллагуудад зориулагдсан цуврал сургалтууд (3 үе шаттай 1 үе нь 4 цуврал хичээл бүхий нийт 12 багц хичээл)
  • ü Ном, соёлын танилцуулга,
  • ü Хувь хүний зөвөлгөө, сэтгэл заслын үйлчилгээ,
  • ü Видео контент, подкаст, ярилцлага лайв зэрэг олон нийтийг сэдэлжүүлэх ажлуудыг өргөн хүрээнд, олон талт хэлбэрээр явуулж, удаа дараалан байнгын эргэх холбоотойгоор зохион байгуулагдаж байна.

Энэхүү удирдамж нь Зүрхэн чанадын дуудлага хөтөлбөрийн ерөнхий агуулгыг багтаасан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээг яаж авч явуулах, ямар цаг хугацаанд зохион байгуулагдах зэрэг тухайн нөхцлүүддээ нийцсэн удирдамж нь хавсралт хэлбэрээр тухайн нөхцөл байдалдаа зохицуулагдан тухай тухайн байгууллагад хүргэгдэж байх болно.

ЦАХИМ ХОЛБООС

https://www.facebook.com/bilig...

https://www.facebook.com/Eenee...