Зураач В.Ундраа: Бүтээлүүд минь хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргалыг мэдрүүлээсэй
11 жил, 6 сар өмнө

Шинэ үе урлаг нийгэмлэгийн гишүүн В.Ундраатай ярилцлаа. Түүнийн ертөнцөөр хэсэгхэн зуур аялсан аялал маань маш гэгээлэг, сайхан байсан. Тэрээр бүх зүйлийг өөдрөгөөр харахыг хүсдэг маш эрч хүчтэй уран бүтээлч болох нь ярилцлагын явцад анзаарагдсан юм. Түүнтэй анх уулзахад тэрээр подволкан дээр “Яруусахуйн урлан” хэмээн бичүүлсний дээр модон дээр хүүхдийн хөдөлгөөнүүдийг дүрсэлсэн байв. Ингээд бид 2-ын яриа өөрийн эрхгүй тэр зурагнаас эхлэлээ.

-Энэхүү зурагнаас яриагаа эхлэх үү?


-Олон жилийн дараа отгон хүүгээ төрүүлж үртэй болохын жаргалыг мэдэрсэн. Урлагийн хүнд байгаа орчин их чухал нөлөөтэй байдаг. Тиймээс байгаа орчин, мэдэрч байгаа бүх зүйлсээсээ сэдэвлэн “Үр минь” гэдэг зургийг зурсан. Энэхүү зурган дээрээ хүүгийнхээ хөдөлгөөнүүдийг дүрсэлсэн юм. Харин мод бол бүх зүйлийг бат бөх болгодог учраас модон дээр ургаж байгаа хүүхэд зурсан.

-Аливаа уран бүтээлчдэд ажлаа тайван хийхэд гэр бүл их чухал нөлөөтэй байдаг. Таны арын ажлыг найдвартай хийж гүйцэтгэдэг ханийнхаа талаар ярихгүй юу?

-Тэгэлгүй яахав. Миний ханийг Лувсандорж гэдэг. “New media” компанийн маркетингийн гүйцэтгэх захирал. Хэдийгээр өөр салбарын хүн ч гэлээ урлагийг маш сайн ойлгож, мэдэрдэг. Миний зурганд өөрийн санаа бодлоо хэлж, тэндээс нь уран бүтээлдээ тусгаж авах юм их байдаг.

-Та ханьдаа зориулж зураг зурж байсан уу?

-“Энд” гээд бүтээл дээрээ гэр бүлээ тэр чигээр нь дүрсэлсэн.

-Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог гэж та боддог вэ?

-Хайр, итгэлцэл дээр оршдог юм болов уу гэж боддог.

-Хайрыг өнгөөр илэрхийлбэл?

-Шар улаан.

-Таны бүтээлүүд ихэвчлэн хурц тод, гэгээлэг өнгөтэй байдаг?

-Би аливаа зүйлийн бараан талыг нь харахыг хүсдэггүй. Юмыг аль болох гэгээтэй талаас нь харахыг хичээдэг. Надаас ундран гарсан бүтээлүүд хүмүүст амьдралын хамгийн сайхан өнгө гэрэл, аз жаргал, диваажинг мэдрүүлээсэй гэж хүсдэг.

-Таны уран бүтээлийн нэг үзэсгэлэн хүүхэлдэйн хөргөөр гарч байсан. Тэдгээр хөрөг зургууд бүгд бодит хүн гэх?

-Хүнгүй зураг гэж байхгүй. Хүүхэлдэйгээр дүрсэлсэн нь хүний дотор сэтгэлд мартагдаад байсан хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлгээг гаргах үүднээс үзэсгэлэнгээ гаргаж байсан.


-Та өөрийнхөө “хүүхдийн” гэж хэлж болох гэнэн цагаахан нандин сэтгэлгээгээ хэрхэн сэргээдэг вэ?

-Миний зан төлөвшил, мөн орчны хүмүүс маань их нөлөөлдөг.

-Уран бүтээлчид нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг уран бүтээлээрээ илэрхийлэн гаргадаг шүү дээ. Таны бүтээлүүд бусдаас арай ондоо юм шиг?

-Би болохгүй байгаа зүйлийг өнгөлөг өнгөөр илэрхийлэн гаргаж байгаа. Манай “Шинэ үе урлаг”-ийн зураачид Швейцарийн төслийн шугамаар 2 жил дараалан “Байгаль орчноо хамгаалъя” гэсэн сэдвээр үзэсгэлэн гаргаж байгаа. Би энэ үзэсгэлэндээ зориулан “Цунами” гэж бүтээл гаргасан. Тэр зургандаа хар бараан өнгөөр дүрслэлгүй өнгөлөг өнгөөр яаж тусгаж болдгийг харуулахыг зорьсон.

-Уран бүтээлч болох гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Намайг сэтгэлгээний хувьд арай өөр хүүхэд юм аа гэдэг байлаа. Би 8-р ангиасаа Гандигийн нэрэмжит дүрслэх урлагийн сургуульд орсон. Эндээс миний урлагийн сэдэл эхэлсэн юм. Харин Дүрслэх урлагийн дээд сургуульд би яг жинхэнэ өөрийн хүсч байсан зүйлээ олж чадсан гэж боддог. Сургуулиа төгссөнийхөө дараа ангийнхаа хүүхэдтэй, багштайгаа хамтран үзэсгэлэн гаргаж анх удаа би зургаа зарж маш их урамшсан. Эхэндээ би бор, улаан өнгө зонхилсон давтамжтай зурагнууд их зурдаг байв. 2010 оноос илүү тод өнгөөр зургуудаа зурж эхэлсэн.

-Гандигийн нэрэмжит "Дүрслэх урлагийн сургууль"-д сурч байхдаа өөртөө илүү олон сэдлүүдийг олж авсан гэж ярилаа. Энэ ямар сэдлүүд байв?

-Монгол зургийн арга барилыг ялангуяа Рсунка дүр төрх буулгахыг олж авсан.

-Анхны бүтээл гэдэг хүнд мартагддаггүй шүү дээ. Таны анхны зураг?

-Миний аав сийлбэрч, зураач хүн байсан. Хүүхэд байхаас л аавынхаа урлан бүтээхийг ажиглаж, хүрч, мэдэрч урлагт эргэлт буцалтгүй орсон доо. Хүмүүс манай ааваар хөрөг их зуруулдаг байлаа. Тийм болохоор миний анхны зураг аавыгаа дуурайгаад хөрөг юм уу бурхан байсан болов уу гэж боддог. Нэг удаа аав маань бурхан бүтээсэн юм. Түүнийг нь баримлын шавраар дуурайлгаад хийчихсэн чинь “Яанаа миний хүү бурханг хамаагүй хийж болдоггүй юм шүү дээ” гэж хэлсэн. Би ер нь аавынхаа хийсэн болгоныг дуурайж хийдэг хүүхэд байж дээ.

-Аавын тань танд өвлүүлж өгсөн хамгийн том өв?

-Авьяас. Намайг охин хүүхэд болохоор сийлбэрээр дагнуулаагүй. Гэхдээ би одоо гар хуруугаа зүсээд ч хамаагүй сийлбэр хийж сурсан бол одоо сийлбэрчин болчихсон байх.


-Авьяаслаг уран бүтээлчийг төрүүлж өсгөсөн ээжийн тань талаар сонирхмоор байна?

-Миний ганц улаан фэн. Намайг хамгийн сайн ойлгодог бас шударга шүүмжлэгч бол ээж минь. Намайг том болоод ирэхээр аав маань шүүмжлэхээ больсон. Учир нь намайг гомдоочих вий гэж болгоомжлоод. Тиймээс аав ээжид миний бүтээл дээр хэлэх гэснээ хэлдэг байсан юм. Ээж маань надад аавын хэлснийг дамжуулдаг байсан.

-Вьетнам улсад зохиогдсон эмэгтэй зураачдын үзэсгэлэнгээс ганзага дүүрэн ирсэн гэсэн?

-Нийт 23 орны 213 зураач оролцсон тус үзэсгэлэнд арван мундаг зураач эгч нартайгаа оролцсон. Миний хувьд “Зөөлөн салхи” гэдэг бүтээлээрээ оролцсон. Тэнд маш сайхан нэг үйл явдал болсон юм байна. Олон улсын зураачдын бүтээл цугларсан үзэсгэлэн миний зургаар эхлээд Насанцэнгэл эгчийн зургаар дууссан. Манай зураачид үзэсгэлэнгийн багана нь болж өгөхийн зэрэгцээ заал болгонд зургийг нь байршуулж байсныг харах үнэхээр сайхан санагдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр бид нар шаазангийн үйлдвэртэй нь танилцаж хоёр дөрвөлжин тавган дээр анх удаа зураг зурж үзлээ. Нутаг буцахын өмнөх нэг арга хэмжээн дээр бидний тавагнуудыг өрөөд тавьчихсан байсан. Тэнд миний зурсан зураг дээр шагналт байр гэснийг хараад үнэхээр их баярласан. Насанцэнгэл эгч маань 4-р байранд, түүний охин бид хоёр шагналт байранд орсон юм.

-Хаанахын зураачид илүү санагдсан бэ? Өөртөө тусгаж авахаар зүйл хэр их байв?

-Манай зураач эгч нар их сайн юм байна лээ. Вьетнамуудад лакан зураг дэлгэрсэн нь ажиглагдсан бол Солонгос, Японд орчин үеийн хийсвэр урлаг түлхүү хөгжсөн санагдсан. Мөн Оросын зураачид их чадварлаг.

-Гадаадад зохиогддог олон уралдаанд оролцож байсан уу?

-Олон үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээ явуулж байснаас биеэрээ оролцож байгаагүй.

-Өөрийн тань авч байсан хамгийн том шагнал?

-Tiger translate уралдааны уран зургийн төрөлд 3-р байранд орсон.

-Зураачдыг нийгмээсээ нэг алхам түрүүнд явдаг гэж ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Хийсвэрлэж сэтгээд байхгүй зүйлийг байгаа юм шиг зурчихдаг болохоор нийгмээсээ арай түрүүлээд харчихдаг юм болов уу гэж боддог.

-Та зурагныхаа сэдлийг хаанаас олж авдаг вэ?

-Орчин тойрноосоо мэдэрч байгаа бүх зүйлээс.

-Зургийг яаж ойлгох ёстой юм бэ?

-Тэр хүний л ойлголтын л асуудал л даа. Тайлбарлаад өгчихвөл өөрийнхөө үзэл бодлыг тулгаж өөрийнхөөрөө сэтгэхэд нь саад болчихдог юм шиг санагддаг. Тэгээд ч тайлбарлаад хэлчихээр үзэж буй хүндээ ямар ч кайфгүй байдаг. Тиймээс өөр өөрсдийнхөөрөө л ойлгох хэрэгтэй. Манайд зургийн боловсролыг багаас маань олгоогүй болохоор энэ тал дээр жоохон дутагдалтай. Гэхдээ одоо хүүхдүүдэд зургийг ойлгох тал дээр хичээл ордог юм шиг байна лээ.

-Зураач хүний хамгийн чухал хэрэгсэл бол яах аргагүй бийр. Таны хамгийн үнэтэй авсан бийр?

-Одоохондоо үнэтэй бийр аваагүй байгаа. Аавын минь бийрүүд бий. Сая үзэсгэлэнд оролцож байхдаа Вьетнамаас нэг бийр авсан.

-Уран зураг танд юу өгсөн бэ?

-Утга учиртай, зорилготой амьдрал, хайр дурлал, ажил мэргэжил, зорилго гээд бүх юмыг өгсөн.

-Монгол ахуйг зургандаа их тусгасан байдаг?

-Өв соёлоо битгий мартчихаасай гэж бодсоны үүднээс монгол ахуй соёлоо уран бүтээлдээ тусгадаг.

-Таны хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулж бүтээсэн бүтээл “Хатад” гэж бүтээл байдаг. Хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Тийм ээ, нэг жил байх. Гэхдээ өдөр болгон зурган дээрээ ажиллаагүй. Хэдэн өдөр бодож байж хаана нь юу зурах вэ гэдгээ олж бага багаар нэмсэн бүтээл.

-Голлох сэдвүүд?

-Би нэг сэдэвт баригдах дургүй. Миний уран бүтээлийн сэдвүүдэд байгаль, хүн, хайр, гэр бүл гэсэн сэдвүүд багтдаг.


-Хар бараан өнгөөр илэрхийлсэн зураг зурж байсан уу?

-Хар өнгөтэй зураг нэг л байгаа. “Хас цэцэг” гэдэг нэртэй харанхуй дотроос цойлж гарч ирсэн чонон дээр суусан хаан хатан хоёрын дүрслэл. Гэхдээ бараан өнгөөр зураад эхлэхээр би өөрийгөө хайрцаглачих юм байна гэж бодсон. Тиймээс л тод өнгөнүүдийг сонгож уран бүтээлээ хийдэг.

-Хүндэлж явдаг зураачдаасаа нэрлээч гэвэл?

-Төгс-Оюун, Насанцэнгэл, Хонгорзул, Шатарсайхан, Нурмаажав, Гунгаасүх гээд олон зураач нар байна.

-Зураг зурахаас өөр авьяастай юу?

-Би багадаа их ичимхий хүүхэд байсан. Тиймээс өөрт мэдрэгдсэн мэдрэмжээрээ шүлэг бичдэг. Гэвч бичсэн бичвэрүүдээ хадгалахгүй устгадаг байсан нь одоо бодоход их харамсалтай. Аавдаа, нөхөртөө хүүхдүүдээ зориулж бичсэн хэдэн шүлэг байгаа.

-Таны цаашдын зорилго?

-Миний бие даасан үзэсгэлэн 9-р сарын 9-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарна. Тэнд 70 гаруй бүтээл тавигдана. Мөн 9-р сарын сүүлээр 10-р сарын эхээр Вьетнамын үзэсгэлэнд төрсөн сэтгэгдлээрээ хамтарсан үзэсгэлэн гаргана. Харин дараа жилээс аавтайгаа хамтарсан гэх юм уу үзэсгэлэн гаргана. Аавын минь үлдээсэн гоё бүтээлүүд их бий.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Д.Төгс