"Зардал бүр хүний сайн сайхны төлөө байх" - Надад бол таалагдаж байна
11 жил өмнө

Айлд эрэг боолтны халивнаас эхлээд хумсны хутга гээд хэрэг болох багаж хэрэгсэл захаас аваад л дутагдана. Тэгсэн саяхан Мандухай хатан компани захиалгаар хийлгэж, хэрэглэгчиддээ бэлэг болгож буй багажны иж бүрдэлийг ашиглаж үзлээ. Халив нь нарийнаас эхлээд бүдүүн хүртэл бүх төрлийн цэцгэн болон хасах халивны төрлүүдтэй, 2 талдаа гар чийдэнтэй юм байна. Хумсны иж бүрдэл нь хумсны хутга, чихний ухуур, хумсны хуурай, хямсаа гэх мэт айлд үргэлж хэрэг болж байдаг багажнуудын цуглуулга байна. Хэрэглэгчидээ гоё сайхан реклам, гял цал баглаагаар хууралгүй хэрэглэгчидийнхээ амьдралд ахуйд хэрэг тус нэмэр болох бодитой багаж хэрэгсэлээр урамшуулж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Хэрэглэгчиддээ итгэл даасан найдвартай үйлчилгээг 20 жилийн турш үзүүлж чадсан ах, эгч нараараа бахархаж байна. Ажил үйлсд тань амжилт бүтээлийг хүсье. Монгол хүн бүр үндэсний бүтээгдэхүүнээрээ гоёж сэтгэл тэнэгэр гоо сайхан амьдрах болтугай.

 

5 хоногийн өмнөхөн дөө. Мандухай хатан компанийн захирал Н.Шинэгэрэл эгч манай ажилруу орж ирээд гарахдаа, хүүхдүүд яагаад хүнгүй өрөөнийхөө гэрлийг унтраагүй юм бэ гэж асуусан. - Аа, гал тогооруу орчихоод эргээд ирлээ гэхэд, - Тэгсэн ч гэсэн, энэ өрөө хүнгүй л байгаа бол гэрлээ унтрааж байх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод бодсон: "Нээрээ бүх зүйл энгийнээс л эхлэдэг, биднийг гал тогооруу очоод 2, 3 минут юм идэх хооронд цахилгаан урсаж л байгаа. Тэр цахилгаан бол манай компанийн л мөнгө урсаж байгаа гэсэн үг шүү дээ. Цаашлуулж бодвол дэлхий ээжийн нүүрс л шатаж байгаа шүү дээ. Хүн жижиг гэлтгүй бүх зүйлийг сайн анхаарч, ажиллаж чадсанаараа амжилтанд хүрдэг биз дээ.

Сонсож байснаар Икеагийн захирал Ингвар Кампрад (Дэлхийн 11 дэхь баян хүн) бүх бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн шалгадаг, тавилгад ямар ч илүү дутуу зүйл байх хэрэггүй, илүү мод төмөр орсноороо ямар ч давуу талыг бий болгодоггүй гэж үздэг хүн байсан бөгөөд хамгийн бага материал орсон хамгийн энгийн, хамгийн зөв ашигтай орон зайг үүсгэдэг тавилгын загвараа бренд болгож чадсан гэдэг. Ингвар Кампрад үйлдвэр дээрээ тавилгын загваруудтай нэг бүрчлэн танилцаж илүү дутуу зүйлүүдийг бүгдийг нь хасуулдаг хүн байжээ. Тэрээр одоо ч гэсэн 15 жилийн настай Вольво машинаа унадаг бөгөөд ажилчидаа бичгийн цаасны 2 тал дээр бичиж байхыг компанийхээ соёл болгосон гэдэг. Мэдээж энэ бүхний цаана эх дэлхийгээ хайрлах, эрчим хүчээ хэмнэх гээд л маш олон ухаан шингэсэн байгаа шүү дээ. Энэ л эгэл жирийн, ухаалаг хүмүүсээс бид суралцаж явна даа. Амьдрал баялаг юм даа. Өдөр бүр суралцаж явна даа.