Д.УРИАНХАЙ: ДЭЛХИЙ ГЭДЭГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ӨШИРХӨХ ШИНЖТЭЙ ЭРГЭЛДЭХ БОЛЧИХЛОО. ЭНЭ БОЛ ЭД МАТЕРИАЛЫН ХЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХОР УРШИГ
12 жил, 6 сар өмнө

-Бид тантай нийгэм-эдийн засгийн хөгжлийн зарим философи асуудлаар ярилцлага хийхийг хүссэн юмаа.Асуултандаа шууд оръё.Та хүн төрлөхтөний өнөөгийн материаллаг хэрэглээний мөн чанар, ач холбогдолд хэрхэн ханддаг вэ? Үүний хэрэг тус, хор уршигийн нь талаарх утгаар асууж байна!

-Шууд асуулт шууд хариулт нэхэх байх! Ний нуугүй үнэнээ хэлэхэд, хүмүүсийн материаллаг хэрэглээний энэ их эрчимтэй өсөлтөнд би эерэг гэхээсээ илүү сөрөг үзэл бодолтой ханддаг. Хүн төрлөхтөн материаллаг хэрэглээндээ хэт туйлшхангуй ач холбогдол өгч байгаагаас хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааны нь хэрэгцээнээс ч, ахуй амьжиргааны нь бодит хэрэгцээнээс ч хэтэрхий илүүдэн тасарсан өнөөгийн хэрэглээ эрүүл сэтгэлгээний гадна гарчихлаа. Дэлхийн улс орнуудын, ялангуяа хөгжингүй гэж үнэлэгддэг эдийн засагтай орнуудын үйлдвэржилтийн явц, хурд, техник технологийн үсрэнгүй дэвшил хүнд жинхэнэ хэрэгтэй хэмжээнээсээ хол давчихаад байна.Би хэдэн жилийн өмнө нэг эдийн засагч эрдэмтний хийсэн тооцоог нэг сониноос харж байснаа саналаа.Тэнд өгүүлэхдээ, “Өнөөгийн хүн төрлөхтөний материаллаг хэрэгцээг хангахад 10 сая гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай гэсэн тооцоо гарч байна!” гэсэн байсан. Солиотой их тоо! Бахархал төрөхөөсөө илүү “Хүн гэдэг амьтан ийм арчаагаа алдсан дорой амьтан юм уу, эсвэл, бирд, шуламын төрөлд ойртчихоо юу?” гэж гунихаар тоо.Миний бодоход, хүн төрлөхтөнийг эд агуурсын үйлдвэрлэл, хэрэглээгээ зөв гольдролд оруулахыг байгал-экологийн даац шаардаж эхэллээ.Үүнийг нийгмийн оюунлаг давхрага сайн ойлгож мэдэрч байна. Даанч ажил хэрэгч, прагматик хүмүүс, улс дамнасан сүлжээтэй корпораци,банк-санхүүгийн эзэд, газар өмчлөгчид “зааны арьстай”, “хүмүүн бус” сэтгэлгээтэй болохоороо сэнхрэхгүй, сайн мэдэхгүй байх шиг байна. Магадгүй, “После нас хоть потоп!” гэж бодоод тоодоггүй байх! Өнөөдөр зөвхөн Монголын амьдралыг тодорхойлж байгаа ч биш, даяаршлын үерт хамагдаж байгаа, дэлхийн амьдралыг тодорхойлж байгаа үйлдвэрлэлийн эрчимжилт, техник иехнологийн галзуу дэвшил нцсийн үр дүндээ хүн төрлөхтөний хөгжил бус, тэнэглэл болж хувирч байна шүү дээ. Сая би хэллээ шүү дээ, эдийн засагч эрдэмтэдийн “нээснээр”, өнөөгийн “иргэншсэн” ноёд хадагтай нарын материаллаг амьдралын өдөр тутмын бодот хэрэглээг хангахад доод тал нт нэг живаа нэр төрлийн бараа таваар шаардагдах болсон гэж! Ийм их хэрэгцээ үүсчихээд байгаа юм.Над шиг ядуу монгол иргэний ухаанаар бодох юм бол, “хүн төрлөхтөн толгой дараалан эргүүтжээ!” гэж бодож болохоор санагдаж байна. Энэ макрозагварын үзэгдлийг жижигсгээд жишээ татвал, монгол айл “цагаан сар”-аа хонины ууц, айраг архитай ёслохын тулд орон гэрээ зараад үнээр нь сар шинийхээ эхний өдрүүдийг согтуу өнгөрөөчихөөд шинэ хуучрахаар орох оронгүй үлддэг гэдэгтэй л адил юм.

-Нийгмийн зорилго нь хүний хэрэглээг бүрэн хангах явдал биш гэж та үзэж байгаа юм уу? Орчин үеийн нийгэмд хүмүүс материаллаг өмч хөрөнгийг хуримтлуулж аз жаргалтай, амар тайван амьдралаа баталгаажуулах гэж тэмцдэг нь нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл, шаардлага биш гэж үү?

-Хүн төрлөхтөн өнөөдөр “Хөгжил”-ийг буруу ойлгоод, энэхүү буруу ойлголтынхоо үндсэн дээр зорилгоо буруу тодорхойлоод байна л даа. Баялагийн тухай ойлголт нь ч, амьдралын утга учир, зовлон жаргал, гоо сайханы тухай ойлголт нь ч буруу байгаагаас хүн төрлөхтөн буруу амьдарч, харамсалтай алдааны түүх бүтээж байна. Эд хөрөнгийн бодит ач холбогдолгүй, шулуухан хэлэхэд, утгагүй тэнэг хэрэглээнээс үүдэж буй үйлдвэржилтийн дампуу хурдац, дэлхийн эрдэс тогтоцыг эвдэж, ирээдүйн амтдралын нөхцөлийг маань хамгийн хүчтэй хорлож буй гай гамшиг болчихоод байна шүү дээ. Хэрэв глобаль тогтолцоонд бодож үзэх юм бол бидний шүтдэг, хүсдэг үйлдвэрлэлийн хөгжил, “тансаг хэрэглээ”, “чамин ахуй” маань эргээд хүн төрлөхтөний амьдрах орчины “нэг номер”-ын дайсан болж хувирах хандлага үүсчихээд байна. Яалт ч үгүй тийм хэмжээнд хүрчихсэн. Том үйлдвэр, банк, орд харш, газар эдлэнгийн эзэд өөрсдийгөө өмч хөрөнгөтэй болохоор их баян хүн, амьдралын баталгаатай, аз жаргалтай гэж ойлгоод байгаа юм, хөөрхий! Энэ эмгэнэл олон нийлмэл хүчин зүйлийн үр дүн байх. Тэдний дунд хүний амьдралын бодит үнэний талаарх алдаатай ойлголт, нэг хүчин зүйл нь болж заавал оролцоно. Хөрөнгө, баялаг бол бодит хүч мөн нь мөн, эзэмшигчийнхээ үнэ хүнд, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох үзүүлэлт яах аргагүй мөн гэдэгтэй өнөөгийн нийгмийн нөхцөлд маргах ч юмуу, үгүйсгэхэд хэцүү нь үнэн. Гэхдээ энэ үгүйсгэх аргагүй үнэн л бидний амьдралын гол драма болж байгаа юм.Яагаад гэвэл, үнэмлэхүй бодит үнэний түвшинд бодоод үзвэл, энэ ертөнцөд үнэхээр амьдралын үгүйсгэгдэшгүй баталгаатай, өвчин зовлон, үхэл хагацлаас үеийн үедээ дархлаатай, хорвоогийн хатуу үнэний гадна амьдарч чадах тийм баян ч юмуу, арга чадалтай хүн ганц ч байхгүй! Чухамдаа бол, хүн бүгд хэн нэгтэйгээ ав адилхан гуйлгачин юм. Сая надад МУГЖ Д.Сосорбарам энэ аксиомыг ойлгуулна лээ. Тэр “Үлэмжийн чанар” гэдэг жинхэнэ урлагийн гайхамшигт увьдас чанарыг шингээсэн ая дуу, яруу найргийн цогц бүтээлээ бэлдэж байх явцдаа надтай нэг өдөр уулзаад ярихдаа, “Энэ дэлхийн ямар ч баян хүн үнэн чанартаа гудамжны гуйлгачинтай л адил гуйлгачин! Яагаад гэвэл, хүн эхээс төрөхдөө чармай нүцгэн чарлан төрж, ижийнхээ ангир уургийг, халуун хайр сэтгэлийг гуйж төрдөг, өсөхөөс өтөлтлөө ертөнцөөс амьдрал, эрүүл мэнд, аз жаргал гуйж аж төрдөг, эцэст нь, үхэхдээ Бурханаас аврал гуйсаар үхдэг. Хүний амьдрал гуйлгаар эхэлж, гуйлгаар төгсдөг” гэж хэлж байсан. Энэ бол “Хутагтын дөрвөн үнэн”-тэй тэнцэх үнэн юм. Вольтеоийн нэг айхтар үг ч байдаг.”Сайтар бодвоос, хүн бүгд хувцасныхаа цаана нүцгэн” гэж! Ингэхлээр, одоо хүн төрлөхтөнд хөгжлийг ойлгох цоо шинэ ойлголт хэрэгтэй байна. Хөгжлийг зөвөөр ойлгоод эхэлбэл, нийгмийн зорилго нь эцсийн бөлөгт, хүний эрүүл сэтгэлгээний гаднах хэрэглээг хангах бус, утга учиргүй хуримтлал, “нэмүү өртөг”-ийн үйлдвэрлэл бус, хүний “дотоод ертөнц”-ийн дээд хөгжил буюу махбод, сэтгэл санааны ариусал, гэгээрлээр энэ биеэрээ Бурханы мөн чанарыг олох явдал гэдгийг танин мэдэж дотоод хүчнийхээ ид шидэнд хүрэх болно.

-Тэгвэл хөгжлийг юугаар хэмжих хэрэгтэй болох нь вэ? “ДНБ-ний өсөлт”, “Хэрэглээний сагс”, “Өрхийн төсөв”, “Үл хөдлөх хөрөнгө”, “Хүн амын дундаж наслалт” зэрэг хөгжлийн бодит үзүүлэлтүүдээр боловсруулж, шинжлэх ухаанчаар хэрэглэж болох уу?

-Эдийн засагт хэрэглдэгдэж буй наад үзүүлэлтүүд чинь цөм хийсвэр! Нэг нь ч нийт ард түмний амьдралын түвшиний баталгаа биш! Өнөөдрийн эдийн засгийн ухаан ч нарийндаа шинжлэх ухаан биш, зүгээр л бараа бүтээгдэхүүний зарлага, орлогын харьцааны тооцоонд тулгуурласан практик үйл ажиллагаа байгаа юм. Нийгмийн цөөнхөд өмч хөрөнгийн илүүдэл, хуримтлал үүсч буй үйл явцыг ард олонхийн ядуу, дунд давхрагаас нуун далдалсан, эдийн засгийн бодит үнэнээс нийгмийн сэтгэлгээг зувчуулсан, улс төрийн арга бодлого гэж хэлсэн ч болно. Зүй нь, нийгэм-эдийн засгийн хөгжлийг үйлдвэрлэл-хэрэглээний өсөлт гэж ойлгох бус, хүний мөн чанарын хөгжил, дотоод, нуугдмал чадавхийг нь гадагш гаргахад үйлчлэх “био дэлбэрэлт”-ийн эерэг чанарт үйл явц гэж ойлгоод ирэх цагт хүний бэлгэ билгүүний хөгжил өөрийнхөө чинад мөн чанар, бодит шинжээ иоэрхийлэх үзүүлэлтээ өөрийнхөө шаардлагын дагуу өөрөө боловсруулж гаргана. Өнөөгийн хүн төрдөхтөний мэдлэг, оюун, мэргэжил чадварын түвшинд энэ боломжгүй, энэ бол юун тэр интеграл, деффиренциал, дээд доод цагираг, радикал, тензор тэгшитгэл мэтээс нь хамаагүй доод түвшиний оюуны бодож олох асуудал!

-Танд хувьд тань ямар нэг төсөөлөл, дөхүүлээд хаячих баримжаа байхгүй байна уу?

-Алга! Гэхдээ нэг юм хэлчихье, тэнгэр газар шиг хол зайтай зөрөөд талийчихгүй байх! Юу гэвэл, хүний нинж сэтгэл, хайр энэрлийн хэмжээ, түвшин тэр хүнийхээ нийгэмд үйлчилж чадах хүч, хүчдэлийг заах байх. Үүнийг хэмжиж илэрхийлэх боломжтой гэж санаж байна. Яагаад гэвэл, хайр бол хүний биеэс гарч буй бодитой био цэнэг, эрчим хүч! Бид физикт элдэв цэнэгийн хүчийг тодорхойлж чадаж байгаа биз дээ. Тийм үү? Харин хэлэхэд, хайрын гал мөн чанар бол өглөг, тус юм шүү! Бодитой ач тустай бүтээлээр хайр илэрч гардаг юм. Өнөөдрийн энэ үйлдвэрлэлээ маш их эрчимжүүлж, зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэлтээ өрсөлдөн нэмэгдүүлж байгааг, нэг талаас, үйлдвэрийн эзэд, бизнесмэнүүд хэрэглэгчдийнхээ элбэг хангалуун амьдралд зориулж хийж байгаа ажил, хэрэглэгчдэд тавьж байгаа анхаарал халамж, хүндлэл, бүүр сайнаар хайр ч гэж ойлгож болох юм. Прагматик харилцаа талаас нь хандвал тэгж ойлгохоос аргагүй. Гэтэл буруу халамж, буруу хайр шиг хорлонтой юм хүний амьдрал, түүхэнд эс байх аж.Миний ойлголтоор, хүн төрлөхтөний түүхийг өнөөгийн зөрчил, системийн хямрал, хөгжлийн мухардал, байгал орчины сүйрэл зэрэг гамшигт хүргэсэн буруу зам мөрд оруулсан “гэмт хэрэгтэн” нь энэхүү ухваргүй материаллаг хэрэглээг зориудаар хөөрөгдөн “хоосруулж”, тэгээд түүнийгээ цаг алдалгүй хангаж ашиг олох зорилготой хэт үйлдвэржилт, техник технологийн бизнес үйл ажиллагаа шүү дээ. өнөөгийн хүн төрлөхтөний “нийгмийн амьдрал” гэгч аврага их мөрөн хаа хаанаа химийн хорт бодис, аюул ослын гайгаар дүүрэн булингартай урсаж байгаагийн гэм бурууг эндээс л эрэх хэрэгтэй! Хүн төрлөхтөн өнөөдөр үйлдвэр -үйлчилгээ, техник-технологийн дэвшил, фикик-химийн шинжлэх ухааны хэрэгтэй, хэрэггүй нээлтүүдээсээ болоод байгал-эхийнхээ дайсан болж хувирлаа шүү дээ.Хүн бүтээгч бус бүрэлгэгч амьтан гэдгээ улам л ил тод харуулдаг боллоо.

-Ярилцаж суух зуур нэг л сөрөг ч гэмээр бодол төрөөд байна л даа.Үйлдвэрлэл хүний материаллаг хэрэглээг хангах үүрэг, зорилготойгоосоо илүү хүний хөдөлмөрийн процессыг механикжуулж, цаг хожих, бүтээгдэхүүний чанар үзэмжийг сайжруулах, биеийн хүчийг нь бүрэн хөнгөвчлөх зориулалттай юм биш үү? Энэ зориулалт хор уршигаасаа илүү ач холбогдолтой юм шиг санагдаад байна. Энэ бодлыг минь та, тантай маргаж зөрж байна гэж бүү бодоорой, зүгээр л асуулт гэж ойлгоорой!

-Орчлон материйн механик хөдөлгөөн, харилцан үйлчлэлийн үйлдэл дээр орших тогтнохоосоо илүүтэй энергийн хүч, үйлчлэлийн үйлдэл дээр оршин тогтнож байх шиг байна.Үүнтэй яг адилхан, хүний амьдралд ч эд материалын материаллаг чанар, өнгө үзэмж, ач тусын ашиглалт, хэрэглээн дээр оршин тогтнохоосоо илүүтэй өөрийнхөө сэтгэл, оюуны эрчимийн хэрэглээ, ашиглалт, хангамжаар тэтгэгдэн оршин тогтнож байдаг. Хүний сэтгэл оюун, “хий бие” буюу сүгс чанар бол маш хүчирхэг “материал”! Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй энэ “материал”-ын хэрэг тусыг бид бүрэн дүүрэн ойлгохгүй, өгвөл зохих ач холбогдолыг нь өгч мэдэхгүй байгаагаас ашиглалт нь буурах, яваандаа бүүр тэг /0/ рүү унах хандлагатай болчихож! Энэ бол хүн өөртөө байгалаас өгөгдсөн хамгийн гол “хөрөнгө оруулалт” биеийн хүчний чадвар, сэтгэл санааны эрчимийн чадавхиа алдсаар гадаад орчины эсэргүүцлийн өмнө сөхрөхөд хүрнэ гэсэн үг! Хүн төрлөхтөн яаж иргэншилээ ч, яаж мэргэжилээ ч, яаж суурьшиж автоматжилаа ч байгалын хүчийг хэзээ ч дийлэхгүй, хэзээ ч ялагч болж чадахгүй!Хүн хөдөлмөрийнхөө процесст техник хэрэглэж амьдралдаа дэвшил гаргаж байгаа нь үнэн. этэл, нөгөө талдаа, хүний өөрийн нь чадвар рудиментжиж байна.Хүний эд эрхтэний ажиллах чадвар, гадаад орчны үйлчлэл нөлөөлөлд хариу өгөх, тэмцэх чадамж үлэмж сулдаж, анх өгөгдсөн үүрэг зориулалттай функцээ гүйцэтгэж чадахгүй болж байна. Энд би, хүний эд, эс, эрхтэний үйл ажиллагаа зогсонги, үхэнги байдалд орж, нцнстээ ажиллахаа болих үйл явцыг “рудиментжих” үзэгдэл гэж ойлгоод энэ гадаад үгийг хэрэглэж байна. Монголоор “эд эрхтэн сорвижих” үйл явц ч гэмээр юмуу, мэдэхгүй! ишээ нь, мухар олгой, үс гэзэг мэтийн эд эрхтэнүүд байна. Мухар олгой чинь үүрэггүй биш, нэн чухал үүрэгтэй л эрхтэн байсан байж таараа шүү дээ, мэдээжээр! Хүний биед огт хэрэггүй эрхтэнийг байгалын зүй тогтол хүний биед зүгээр авчирч наахгүй!Хүний үс гэзэг ч ялгаагүй, уг нь мундаг их үүрэгтэй, “ажил”-тай эрхтэн байсан юм гэсэн шүү дээ. Сансараас, тэнгэрээс, Бурханаас мэдээ, хэл барьж авдаг “антен” байсан юм гэсэн.Бурхад цөмөөрөө алд дэлэм үстэй зурагддаг тигтэй байдаг нь цаанаа тийм учиртай юм гэсэн. Бурхадын үсийг төвдөөр “зүгдор” гэдэг юм гэсэн.Бодвол, “антен” гэсэн шиг утгатай юм байлгүй. Гэтэл одоо хүүхнүүд, харчуулын үс чинь ердөө л гоёо болж хувирчихаад байгаа ш дээ. “Үс сайхан бол зүс сайхан” гэсэн ойлголттой! Ингэхлээр, хүн төрлөхтөн техникийн дэвшлээр хөдөлмөрөө хөнгөвчилж цаг, хурд, тав тух хожиж байгаа ч маш үнэтэй юмаа алдаж байгаа! Алдах алдахдаа аугаа ганц хэрэгтэй юм,-биеийн хүчнийхээ чадвар, сэтгэлийн хийгээд сэтгэлгээнийхээ эрчимийн хөгжлийг алдчихаж байна.Энэ бол хүн төрлөхтөний ирээдүйн хувьд мөхөлтэй тэнцэхүйц хохирол юм.Амьд хүн “робот хүн” болж хувирах ирээдүйн төлөв харагдаж эхэллээ. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн улангасал, хуримтлал, хэрэглээний тансаглал, бараа таваарын тоо хэмжээний гүйцэгдэшгүй хурдтай өсөлтийн явц хүн төрлөхтөнийг эцэстээ ийм хохирол, гажуудалын эмгэнэлд хүргэж буйг ойлгоход хүнд хоёр толгойны хэрэггүй, энэ байгаа ганц муу бөндгөрөө ажиллуулахад л хүрэлцээтэй юм. Энэ муухай эмх замбараагүй төвлөрөлт, суурьшилт, үйлдвэржилт, технологижилт, компьютержилт, интернетжилт, гар утасжилт, мессежилт, “чаатлалт”, ресторанжилт, эрх чөлөөжилт, корпорацжилт, олигархижилт, амтай бүхний улстөржилт, эрх чөлөөт цагаачлалт гээд тоочиж баршгүй нүх сүвтэй өнөөгийн хүчтэй даяаршингуй амьдралын хэв загвар, зам мөр хүн төрлөхтөнийг орвонгоор нь “чулуу хөөлгөж”, нэг их олон жил оодруулахгүй газрын хөрснөөс арчуулна шүү!Үүнийг урьдчилан харахад хүнд заавал ч үгүй билгийн мэлмий хэрэггүй, зүгээр л бидэнд бэлэн байгаа хоср усан нүд минь л хангалттай.Даанч, харамсалтай нь эсрэгээрээ ч байгаад байгаа харагдана.Удтал ийм байх бололтой л үргэлжлээд байна шүү дээ.

- Хүн төрлөхтөн өөрөө өөрийгөө устгана гэдэг үзэл бодол тодхон сонсогдож байна. Та айхтар пессимист үзэл тээж яваа юмуу даа? Ингэж асуусанд минь та эмзэглэхгүй байх аа?

- Юундаа эмзэглэх вэ? Чи миний үнэнийг л олоод хэлж байна. Гэхдээ би, “айхтар пессимист үзэл”-д автчихсан хүн ч биш, бас, тийм сүрхий оптимист үзэлд дэвшчихсэн ч хүн биш.Эдийн засагч мэргэжилтэйн хувьд нийгэм –хүний амьдралын үнэнийг бодитойгоор харах, өөрийнхөө харсанд өөрийнхөө дүгнэлт хийх л бодолтой явдаг. Дэлхийн сэтгэгчидийн заримаас нь хүн төрлөхтөн өөрөө өөрийгөө сөнөөх тухай хэлсэн үг зөндөө дуулддаг. Өнөөдөр өчүүхэн намайг Хүн, Дэлхий хоёрын харилцаа өчүүхэн бус хэмжээгээр зовоож байна. Монгол газар нутагт хүн болж төрөөд тэндээ өтөлж суугаа нэг ном бичгийн мөр хөөсөн өвгөний л сэтгэл юм даа, чааваас!

Оюун ухаантай, Бурханы хамгийн төгс “бүтээл” гэж шүтэгддэг хүн төрлөхтөн өнөө гараг дэлхийнхээ ганц аранга, ганц “илүүдэл бүтээгдэхүүн” болж хувирах талдаа болчихоод байна. Уг нь бид өөрсдийгөө орчлонгийн “титэм” бүтээгдэхүүн гэж бодоод байдаг шүү дээ.Гэтэл юун “титэм”, юун “төгс бүтээл”!Хатуухан хэлэхэд энэ ачит дэлхийнхээ өрийг өшиглөгч болчихлоо.Бид газар дэлхийгээ юугаар гийгүүлсэн бэ, юугаар ч гийгүүлээгүй! Хог, хаягдлаар л дүүргэж чадаж байна.Хүн төрлөхтөн, үндсэндээ, новш үйлдвэрлэгчид л болж хувирсан.Дэлхий гараг маань нарны аймагт гав ганц! Магадгүй, 20-30 тэрбум настай, 5-109 гэрлийн жилийн радиустай, манай галактикт ганцаархнаа ч байж мэднэ. Юутай ч эрдэмтэдийн тооцоолсноор манай галактикийн энэ их орон зайд дэлхий дээрхи шиг амьдрал үүсэх магадлал -тэй тэнцэнэ гэдэг. Гадаад ертөнцийн үргэлжлэл, орон зай хязгааргүй, харин, дэлхий гарагийн маань радиус ч, гадаргуу, нидэр, тэр бүү хэл, огторгуйгаар орчих таяг тойрог зам нь ч хэмжээ хязгаартай, хэдхэн хүчин зүйлсийн математик тогтмолуудын харьцаан дээр оршин эргэлдэж байгаа!Энэ тогтмолуудын харьцаа өөрчлөгдөхөд л дэлхий сөнөнө: Ингэхлээр, ганцхан ширхэг байгаа газар дэлхийгээ хайрлая л даа, цөлмөхөө больё л доо, хамтдаа аль болох удаан хугацаагаар нараа тойроод эргэлдье л дээ! Хайрлах гэдэг ухаалгаар харилцахаас эхэлнэ.Хорлохгүй байх, амгалан сайхан байлгах, орших зүй тогтлыг нь сайтар ойлгож зохицох, энэрэн нигүүлсэх сэтгэлээр тус болж нэгдэхээс эхэлдэг зүйл юм.Иймд хүн төрлөхтөн ирээдүйд өнө удаан оршин тогтнох уу, эсвэл, өөрөө өөрийгөө устгаж мөхөх үү?гэдэг асуудалд хэн нэг нь оптимист байх, нөгөө нь пессимист байх нь чухал биш, хүн төрлөхтөн өөрийнхөө бурангуйг, аймшигт алдаа хийж буй үйл ажиллагаагаа зөв харж, зөв ойлгож, шинжлэх ухаанчаар үнэлж, физиологи хэрэгцээнээсээ давсан хэт их хэрэглээнд шунаж буй донтмол амьдралдаа хатуу дзгнэлт өгч амьдрах цаг нэгэнт тулжээ.Дэлхий гараг маань сүүлийн жилүүдэд хүн төрлөхтөнийг айлгадаг боллоо.Хүн төрлөхтөнийг цаашид хөрсөн дээрээ тээж, тэжээж тэтгэхээсээ ч татгалзаж байгаагаа шууд мэдэгдэж эхэллээ.Аюултай дохио, сануулга Дэлхийгээс үе үе ажиллагааны уршигаар Дэлхийн цаг уур ноцтой өөрчлөгдлөө. Хүн төрлөхтөний “үйлдвэрлэж” буй “хүлэмжийн хий” элдэв бусын хэрэглээний “үл хязгаарлалт”-аас үүсч буй агаар мандалын бохирдол, хэрэгтэйгээсээ хэрэггүй нь их зориулалттай баахан сансарын хөлөг, хиймэл дагуулуудаас болж цоорч буй озоны давхрагын сиймийлт, агаарын халалтаас шалтгаалаад хайлж эхэлсэн хойт, урд мөсөн тив, олон мөсөн арлаас нүүрлэж буй “усан галав”, галт уулс, газар хөдлөлтийн идэвхижилт, цөлжилт, үй олон ан амьтад, өвс ургамлын усталт, гамшигийн хэмжээнээс хэд дахин хэтэрч буй хүчтэй далайн хар шуурга, элс шорооны түйрэн, угалз зэрэг байгалийн “гэсгээлийн”-ийн аюул хүн төрлөхтөний амьдралын бодот үнэн боллоо. Ийнхүү, хэт үйлдвэрлэл, эрхэмсэг хэрэглээний хор уршиг хүмүүсийг газар дэлхийтэй антигонист харилцаанд оруулчихлаа. Өнөөдрийн баримжаагаар бол эх болсон газар дэлхий маань хүн төрлөхтөний “эрлэг”-т хувирах тийм хүсэшгүй ирээдүй холгүй байх шиг бодогдоно. Яагаад гэвэл, хүн төрлөхтөн ижил нэгэндээ дайсагнагч төдийгүй, дээр хэлсэнээр, адгуус амьтад, ургамал ногоо, агаар ус, ер нь, энэ Дэлхийд Бурханаас бүтээсэн бүх юмс, бүх бүтээлийн дайсан болж “хөгжжээ”.Хүн төрлөхтөнийг юу ингэж, ийм муухай муйхар, шунаг, хорлонтой хэрэглэгч, бүрэлгэгч, гараг дэлхийн дайсан болгов?гэвэл, үндсэндээ, ганцхан юм,- өсч хөрөнгө, эдлэл хэрэглэлд улайрсан хүсэл шуналын “вирус”! “ДОХ” бол хүний адгууслаг хуял тачаалд ирж буй “Шийтгэл”. Харин эд хөрөнгийн энэ “вирус” бол хүний ёс суртахуун, хүн чанарын уналтанд ирж буй “шийтгэл”! Үүнийг бид үргэлж санаж, бие биедээ, ялангуяа, энэ уул-уурхайн олборлох үйлдвэрийн эзэд, санхүүжүүлэгчид, улстөрийн эрх баригчид, ашиг сонирхолын хууль боловсруулагчид, бизнесменүүд гэгч олз ашгийн хорхойтнуудад байнга сануулж байх хэрэгтэй! Эс санаваас, эс сануулваас нэг л өдөр юмуу шөнө Бурханыг дуудах гэтэл л аль хэдийнээ хожимдсон байх болно.

-Шунал гэдэг үг дурьдагдлаа. Хүний ахуй амьдралыг тавлаг, эрүүл саруул, гоо сайхан байлгах хэрэгцээг хангах хэрэглээ, шунал хоёрт зохих хэмжээний ялгаа бий байх л даа. Тэгэхээр шуналыг юу гэж ойлговол зохилтой вэ? Хүсэл, шунал хоёрыг яаж зааглах вэ?

-Ертөнцийн оршин байх нөхцөл нь тэгш хэм юм. Эдийн засгийн нэр томъёогоор хэлбэл, “баланс” гэж хэлж болохуйц юм.Тэгэхээр, би бодохдоо, ертөнцөөс болоод нийгмээс авснаасаа багыг буюу дутууг алив хүн эргүүлээд ертөнцөд болоод нийгмээс авснаасаа багыг буюу дутууг алив хүн эргүүлээд ертөнцөд болоод нийгэмд өгөх, өгснөөсөө илүүг өөртөө авч хэрэглэх сэтгэл хүнд үүссэн байхыг шунал гэж л боддог.Өөрөөр хэлбэл, хүн өөрөөсөө гадагш гаргаснаасаа илүүг дотогшоо оруулах буюу өөртөө гаргаснаасаа илүүг дотогшоо оруулах буюу өөртөө авах гэсэн сэтгэлийн чанар юм. Ийм чанартай сэтгэлээр өдөөгдөж байгаа сэтгэхүй болоод үйл ажиллагаа л өнөөгийн энэ илүүц хэрэглээ, үйлчилгээ, бараа борлуулалтыг хэрэгжүүлж байна. Оюунлаг гэгээн, бас, зайлшгүй бодот хэрэгцээнээс илүү гарсан хэрэглээ бол цэвэр шунал! Шуналын биежсэн хэлбэр гэвэл, зөв, өхиун амьдрах боломжоос нь даван гаарсан хувийн өмч хөрөнгийн хуримтлал юм. Эзэндээ аймшигт гэсгээл чирж ирэх нүгэл! Бүхний дээр…бүүр цаана нь Бурхан байгаа шүү дээ. Бурханы хүч, “үйлийн үр”-ийг ойлгосон цагт л хүн төрлөхтөний амьдрал орчлонгийн зүй тогтолд нийцэж, орчлонгийн макро оршихуйгаар цагаатгагдана. Эс ойлговол, өнөөгийн бидний шинжлэх ухаан, компьютер, нано, торсион чадвартай техникээр ч тооцоолж чадахааргүй нүүцтэй цаг хугацааны мужид устгагдана. Өөрөө ч, өөрийнхөө үйл явцаар устах, цаанаас … дээрээс албан хүчээр устгах хоёр үйл явцын хүч нэг цэгт давхцана. Хүний хүсэл мөрөөдөл бол ариун, гэгээн үйлд чиглэсэн чанартай буяны сэтгэл юм. Хүний хүслийг Бурхан таалдаг, сайнаар шагнадаг, харин шуналыг бол үл таалах тул хорьдог. Хорихоор ч барахгүй гэсгээдэг юм.

-Ирээдүйд хүний шунал, сувьдаг сэтгэл хорогдох ч юмуу, эсвэл бүр арилах болов уу? Та ямраар харж байна?

-Би сүрхий оптимист хүн биш. Ирээдүйг жигтэй их гэгээн тунгалагаар төсөөлж чаддаггүй. Хүний амьдрал, түүхэнд хамгийн тодорхойгүй юм, цаг хугацааны хувьд –Маргааш! Өөрөөр хэлбэл, Ирээдүй! Түүхэн дүгнэлтүүд голдуу Ирээдүйг ирээгүй байхад нь бус, ирээд өнгөрсөн хойно нь л гардаг. Түүх өнгөрсөн үйл явдлын л шинжлэх ухаан! Ирээдүйг футурлоги судалдаг.Гэхдээ футурлогид дүгнэлт гаргах бодитой магадлал хадгалсан материал хомс. Энэ “цоорхой”-г нь зөнчид, бясалгагчид, үзмэрчид, экстрасенсорууд, сүнс дуудаж уулздаг контактерүүд зэрэг гоц увьдаст, хувилгаан чадварт хүмүүс зөн сэрэхүй, бэлгэ билгүүн, онцгой нууцлаг чадамжаараа нөхөж, өөрсдийн онгод сахиусандаа үзсэнээ ч юмуу тэдний хэлснийг дамжуулж хэлдэг. Эсвэл, гүн бясалгалаар мэдсэнээ, хоосон чанарын агаараас оносноо мэдээлдэг. Надад тийм чадвар байхгүй. Харин надад итгэл, горьдлого байна аа. Эргэлзээ ч байна. Итгэл, эргэлзээ хоёр бодол сэтгэлд минь “энх тайвнаар зэргэцэн оршдог”. Ихэнхидээ итгэл найдвар жин дардаг юм. Яагаад гэвэл, би Бурханд найддаг. Бурханд ертөнцийн зүй тогтолд, эерэг чиглэл нь давамгайд, тэгээд бас, хүний оюун ухааны гэгээ, хүч давамгайд туйлаас итгэж, хүний хайр сэтгэлийн эерэг, бурханлаг, эрчимийг шүтэж амьдардаг л даа. Гэхдээ л, хүний шунал, сувьдаг сэтгэлийн талаар эрэгцүүлэхээр сэтгэл барайх гээд зовоодог. Шунал бол өөрөө хорогдоно, бүүр арилна гэж лав байхгүй. Түүнийг хүн, оюун сэтгэлийнхээ гэгээрэл, ариуслаар л өөрөөсөө үлдэн хөөх ганц замтай. Өөр арга байхгүй. Хүнийг эрлэгт барьж өгдөг хамгийн “найдвартай” цалам, гох дэгээ чинь, юуны өмнө, шунал шүү дээ. Хамгийн нуугдмал, яг л маш сайн мэргэжилтэй тагнуул шиг дайсан гэсэн үг! Ийм “дайсан”-ыг дарахад маш хүчтэй тэмцэл, хүчтэй “зэвсэг” хэрэгтэй! Тэр “зэвсэг” бол бодь сэтгэл юм. Аугаа их хүнийг ч өчүүхэн болгож чаддаг гол хорлогч бол шунал, мунхаг, муу санаа гурав.Үүнийг Будда багш хувилгаан увьдасаараа бясалгаад нээсэн. Энэ нээлт бол хүн төрлөхтөний ухамсар оюуны болоод шинжлэх ухааны аугаа том нээлтүүдээс хамгийн аугаа нь бөгөөд хамгийн чухал ач холбогдолтой нээлт нь юм. Бусад нь яахав, хүний дотоод хөгжилд энэ нээлт шиг ач тустай байж чадахгүй! Шинжлэх ухааны нээлтүүд ихэнхидээ юунд чиглэсэн байна? гэвэл хүний амьдралд байгалийг захируулах, аль болох ихээр, амар хялбараар ашиглуулах, хүний амьдрах нөхцөлийг хөнгөлж бэрхшээл тотгор багатай болгоход чиглэсэн байдаг. Шинжлэх ухааны нээлтүүд хүн төрлөхтөнд хэрэг тус болохдоон ч болсон, гай тотгор болж, хор хөнөөл тарихдаан ч тарьсан. Тус, хор нь түүхээс тодорхой. Хүнийг жинхэнэ Хүн болгоход байгалийн шинжлэх ухааны нээлтүүд гавьтай тус болсон нь бага, харин Шигмуни Бурханы айлдсан шунал, буруу хүсэл, сувьдаг сэтгэлийн горын тухай сургаал бол авралын дээдээр ачлах суут нээлт юм. За, нэг иймэрхүү санаа бодол л толгойд орж ирж байна. Ер нь наад асуулт чинь, их хэцүү асуулт байна л даа. Бүрэн дүүрэн хариулт олоход бэрхтэй байх. Тэгэхдээ, санаандгүй бодоход, хүний бэрх, магадгүй, хариу олдохгүй байсан асуултууд ч, байсан байж мэднэ ш дээ. Тэд л хүн төрлөхтөний амьдралыг урагш, сайн үр дүнтэй өндөрлөг рүү нь ахиулж өгч байсан байж магадгүй.

-Хүний үнэт зүйлсийг ямар нэгэн үзэл бодол, эсвэл, урлаг, гоо сайханы оюунлаг мэдлэгээр хөгжүүлж ч юмуу төлөвшүүлж болох уу?Хүнийг хүн байлгадаг хамгийн үнэт чанарт юу юу багтах ёстой вэ? Орчин үед хүмүүс бараг цөмөөрөө цаг завгүй ажилладаг. Гэтэл, яагаад нийгмийн харилцаанд илт эерэг өөрчлөлт харагдахгүй байна вэ?

-Харин тийм ээ, наадах чинь бас л, хэцүү асуулт! Орчин үеийн хүмүүсийн амьдралын арга, хэлбэрээс зайлшгүй ургаж нийгмийн сэтгэхүйгээс хариулт нэхэж эхэлсэн асуулт! Би хэдийгээр судалгаа шинжилгээ эрхэлдэг хүн биш боловч энэ асуулт өнөөдөр ганц би ч биш, хүн төрлөхтөн өөрөө өөртөө хариулах ёстой асуулт болж тавигдаж байна. Тэгэхдээ, хүн төрлөхтөн урьд өмнөхөөсөө илүү ухаантай болж, бурханлаг чанарыг олчихсондоо ч бус, ахуй хэрэглээнийхээ зохисгүй хэмжээ, хэт техникжилтийнхээ хор уршигт нэрвэгдэж буй нь энэхүү асуулт руу өөрийн эрхгүй чирээд авчирчихлаа.Өнөөдөр хүн төрлөхтөн зөвхөн Авагч, Ашиглагч, Хэрэглэгч, а, үйл ажиллагаа нь буюу үйлдвэрлэл, үйлчилгээ нь хүнийг хөгжүүлэгч бус, харин ч эсрэгээр ажиллах чадварыг нь доройтуулагч, муу заншил зуршил руу уруу татагч, хүний мөс жудаг, хүн чанарыг нүдэнд үзэгдэхгүйгээр мэрэгч “бичил харх”, хүн төрлөхтөний амьдрал үргэлжлэх үндсэн нөхцөл, -байгал дэлхийг маань бүрэлгэгч “хар хүч” болж эргэх үе шатандаа орчихож! Хүмүүсийн хэрэглээний геометр өсөлт, “гэрлийн хурд”-тай нэмэгдэж буй нь үйлдвэржилт, техникжилтийн эрчимтэй явц хүнийг Бурханаас улам бүр холдуулж, хүнийг хүн болгодог үнэт чанаруудыг нь булшилж, улам бүр адгуусан шинжит амьдралын загвар хэвшил рүү ойртуулсаар ирэв. Гэтэл хүнд, хэзээ ч юунд ч алдаж хоосолж үл болох үнэт зүйлс бий юм. Юу юу вэ? гэвэл, юуны түрүүнд нийгэмд, бусдад Бурханаас дутуугүй тус бүтээж чадах чадвар нь байна. Хүний бусдад тус бүтээхүйн эхэн нь ачит ижий аавынхаа ач буяныг хариулж баярлуулахаас эхэлнэ. Ижий аавдаа өөрийнхөө бие, сэтгэл, оюун ухаанаар олж эзэмшсэн мэргэжил, чадварынхаа бүтээгч, тус хишиг хүртээгч үр шимийг бодитой гарган бэлэглэж, энэ хорвоод хүн болгож төрүүлсэн хоёр ачтанаа жаргаахаас л нийгэмд бүтээх тус эхэлнэ.

Хүний бие бол матери! Сэтгэл оюун нь эрчим лүк /энерги/ юм. Сэтгэл хийгээд оюун санаа гэгч энергийн үйлч, бодит илрэлийг буюу биежсэн гадагшлалтыг би хайр гэж бодоод байдаг юм. Хүний хайр буюу дотоод ертөнцийн нь эерэг цагаан эрчим, эрүүл, хүчирхэг бие, нинж сэтгэлээс үүссэн гэгээн саруул оюун ухааны бусдад тус бүтээж чадах чадварыг л хүний амьдралын үнэт зүйлс гэж ойлгох нь зөв байх. Эдгээр үнэт чанарыг дотроо агуулсан, тэгээд, өндөр түвшинд мэргэжсэн хөдөлмөр, цаг зарцуулалтын идэвхитэй шаргуу ашиглалт л хүний амьдралын утга зорилгыг тодорхойлно. Энэ бүгд хамгийн ариун зорилготой үйлд ашиглагдах ёстой! Зорилго хэзээ ариун чанартай болох вэ? гэвэл, бүх биеийн хүч, оюун ухаан, сэтгэл санаа бусад олны аз жаргалд тус болох буяны үйл болж чадсан цагт л сая ариун мөн чанарыг олно. Жаахан утопи утгаар хэлбэл,ард олныхоо төлөө өөрийгөө баатарлаг байдлаар ч, /хэрэгтэй цагт ч/ энгийн жир, өдөр тутамын амьдралынхаа ажил хөдөлмөрийн байдлаар ч өөрийгөө бүрэн дүүрэн золих золиос гэж хэлж болно. Харин энэ золиос бол үнэмлэхүй дээд ухамсартай, дотоод гэгээрэлд хүрсэн сэтгэлтэй, гар бие харамгүй хөдөлмөрийг шаардсан гэгээн зовлонтой байдгаараа золионы шинж чанартай болж буйучиртай юм. Хүнээс өөрөө өөртэйгөө тэмцэх асар хүчирхэг тэмцэл шаарддаг зовлонтой байдгаараа ч хүнийг нийгэмд жинхэнэ үнэ цэнтэй хувь хүн болгож, олон нийтэд тодруулдаг. Жинхэнэ хүний талаар ойлгоход, нэг зүйлийг ярихгүй бол болохгүй нь! Бид бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэхүй гэдэг ойлголтын векторыг өөрчлөх шаардлагатай болчихлоо. Урьд нь бид бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэхүйг өрөөсгөлөөр, дан шугаман ойлголтоор ойлгож иржээ. Ихэнхидээ, эд баялагийг бүтээх хөдөлмөрийг бүтээлч хөдөлмөр, тэр хөдөлмөрийг хөнгөвчлөх, хүмүүсийн үйл ажиллагаанаас аль болохуйц их материаллаг ашиг орлого олох, бие махбодынхоо хэрэглээг нэмэгдүүлэх сэтгэлгээг бүтээлч сэтгэлгээ гэсэн ойлголттой удаан амьдрав.Гэтэл энэ биш байжээ. Хүний ойлголтын вектор гадагшаа чиглэсэн, гадаад ахуй юмс руу тун их хурд, эрчтэй довтолсон хөдөлгөөнийг “хошгируулсан” буруу вектор байж! Жинхэнэ бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ гэдэг бол хүнээс гадаад юмс, ертөнц рүү биш, тэднийг амьдрал ахуйдаа хэмжээ хязгааргүй ихээр хэрэглэх арга, замын эрэл рүү биш, харин, хүнээс хүний дотоод руу, дотоод ахуйнхаа чадамж нөөцийг эрчимтэй ашиглах, оюун санаа сэтгэл зүрхнийхээ эрчимийг задлах “дотоод” хөгжил рүү тэмүүлсэн чиглэлтэй үйл ажиллагаа, сэтгэлгээг л “бүтээлч” гэж ойлгох ёстой байжээ. Бид өвлийн жаварт даарахгүйн тулд үслэг, зэрлэг ан амьтадыг шудаж, дулаан дээл, онондой /хүрэм/ хийж өмсөх бус өөрсдийнхөө оюун санааны энергийг эрчилж, цэнэг орныг нь хүчтэй нягтруулж, дотоод гүндээ төвлөрөн бясалгах арга замаар өөр дотроосоо /өөрийнхөө биеэс/ дулаан гаргах зориулалттай байгалын увьдасаа хөгжүүлэх ёстой байсныг эс ойлгожээ. Хүн цадахын тулд юм идэх, баярхан тансаглах ямар ч хэрэггүй, цаг, зам хожихын тулд автомашин, галт тэрэг, дуунаас аурдан тийрэлтэт онгоц үйлдвэрлэх, бас, од эрхэст аялахын тулд дэлхийн татах хүчнээс гарах сансарын хөлөг зохион бүтээх ч хэрэггүй, хүн хүндээ сайхан харагдаж дур хүслийг нь булаахын тулд алт, алмааз, арьс савхиар гоёх ч, үнэт орд харш босгож, ихэмсэглэх ч хэрэггүй байсан.Зөвхөн дотогшоо хөгжөөд, “дотоод энерги”-ээ задлах, ивээл өгөөжтэй “дэлбэлэх” ухаан аргад суралцаад л, бодол санааныхаа “хий хүч”-ээр гэгээрлийнхээ рид шидээр орон зайг гэрлийн хурдтай тэнцэх хурдаар туулаад, цөмийн энергитэй тэнцэх дулаан, цахилгааныг биеэсээ ялгаруулаад, радио долгионы давтамжтай ав адил урт богино био долгион бодол санаагаараа цацан, амьдралдаа хэрэгтэй бүх мэдээлэл, дуу дүрсийг дамжуулаад байж чадах үнэмлэхүй дээд хөгжлийг олох үйл явцыг л жинхэнэ хөгжил, дэвшлийн зам болгон сонгож авах ёстой байсан юм байна. Ийм боломж ч байж, харамсалтай нь, үүнийг бид алдаж хохирчээ. Хүн төрлөхтөний түүх ихэнхи тохиолдоо алдааны түүх болж үлджээ. Хүнийг хүн байлгадаг дээр яригдсан хүний үнэт чанарт хүчин зүйлүүдийг хамгаас илүү зөв, хурдан хөгжүүлдэг юм нь байгал дэлхийтэйгээ хайр энэрлээр шүтэж барилдсан гүн нүнзгий мэдрэмж, бурханлаг гүн ухаан, урлаг, гоо сайханы бүтээлүүд юм. Хүний жинхэнэ дээд хөгжилд эдийн засаг-технологийн мэдлэг, улстөрийн хуурай ухааны боловсролоор хэзээ ч хүрэхгүй.Нийгмийн харилцаанд ч эерэг өөрчлөлт гарахгүй, цаашдаа харин ч улам муудна.

-Эцэст нь, “Зөвхөн Монголдоо…” гэж дуулдаг шиг, зөвхөн Монголдоо хамаатай ганц асуултаар ярилцлагаа өндөрлөе! Монголын өнөөгийн нийгэм- улстөрийн амьдралд болж буй үйл явцуудын талаархи бодол сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Та манай нийгмийн харилцаатай “Иргэний үл эвлэрэл” зарласан цорын ганц иргэн маань шиг санагдаж байна.

-Энэ асуудлаар ч би маш их дуугардаг даа.Нохойгоор бол мөн ч их хуцаж, мөн ч их боргож, мөн ч их ягьж дээ. Онол, сэтгэмж, эргэцүүллийн хоёр дэвтэр хэвлүүлжээ. Дахиад дэвтэр ширээний шургуулганд хэвтэж байна. Тэнд нийгэм”улстөрийн асуудал хөндсөн өгүүлэл олон бий. Бурхан шашны ном сургаалд айлдахдаа, “Адаг дордосыг асарваас аугаа хүчин хурах!” гэж байдаг юм. Энэ бол төр, засгийн үйл ажиллагааны чигийг заасан үг. Ямар нийгэм ирээдүйтэй вэ? гэвэл, хүн нь хүндээ энэрэхүй сэтгэлээр шүтэн барилдсан нийгэм зөв ирээдүйтэй бөгөөд түүхийн нөр хугацаанд оршин тогтнох үндэстэй юм. Ямар төр засаг хүчтэй вэ? гэвэл ард бүгдэд ивээлтэй, өөрөөр хэлбэл, нийгмийн дийлэнхи олонхийг бүрдүүлдэг ард доодосыг асрагч төр засаг л хүчирхэг, мэргэн, шудрага байх юм. Харин хүн амын хөрөнгөлөг цөөнхийн эрх ашгийг хамгаалсан, хувийн өмчинд дулдуйдсан, мөлжлөг, албадлага, эд мөнгөний хүчирхийлэлд эрхшээгдсэн харилцаатай зах зээлийн /ялангуяа Монголынх шиг/ нийгмийн тогтолцоонд хөгжлийн урт нас байхгүй. Шалтгаан нь, хүн хүндээ хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлээр шүтэн нэгдэх бус, хүн нь хүнээсээ харьссан, нэг нэгнээ дарамталсан, шулсан, нэг нэгнийхээ хүч хөдөлмөр, хайр, итгэл, ахуй амьжиргааны нөхцөлийг булаан хоосруулсан өдөр тутамын зөрчил хямрал! Энэ нийгэм үндсэндээ, антигонист зөрчилийн, шудрага бус, хүмүүнлэг бус өрсөлдөөний нийгэм! Байнгын дотоод хямрал, хар атаа хорсол, адгууслаг тэмцэл, үзэн ядалтын нийгэм юм. Ийм нийгмийн харилцааг “хүмүүнлэг”, “ардчилсан”, “эрх чөлөөт” гэж ойлгож буй үзэл онолтой төрийн тогтолцоо, үйл ажиллагаа яагаад ч ардач, үнэн ардчилсан, хувь эрх чөлөөг хангасан хүчирхэг институц байж чадахгүй! Шалтгаан нь, ард олонхийг асрах, хөгжүүлэх, жаргаах бус зөвхөн хөрөнгөт давхрага, олигархи бүлэглэлийн бохир, нууц, үндэсний эрх ашигт харш хүсэл шуналыг хамгаалж, хуулиар баталгаажуулж өгөх нолиг үйл ажиллагаа л явуулдаг юм. Ийм төрийн тогтолцоонд хэзээ ч нийт ард түмнийг нэгэтгэн зангидаж санаа сэтгэл, эрх ашиг, хүсэл зоригийн нь хүчийг багцалж чадах хүчин хурахгүй.

Ард түмэн өнөөдөр ард түмнээ дээдэлсэн, хүчирхэг, шудрага, авлигад автдаггүй цэвэр төр, засаглалыг их хүсч буй сэтгэлзүйтэй байгаа нь илт мэдрэгдэж байна.

2008 оны 12 дугаар сар.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос
Ирмүүн агентлагт өгсөн ярилцлага