...ДАЯАРШИЛ...ДАНГААРШИЛ...МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВИЙН ТҮҮХЭН ҮҮРЭГ... /МИНИЙ ХУВЬД ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ ХЭВЭЭР ЭРГЭЛДСЭЭР!.../
12 жил, 7 сар өмнө

Амьдрал санаандгүй тохиолдлуудаар хахсан баялаг үйл явц болохоор амьдралын үнэн үгс дотор ч заримдаа зарим нэг чалчаа, дэмий үгс ч шургачихсан, орон зай булаалдаад явж байх нь олонтоо тааралддаг.

Нийгмийн үзэгдэл судалдаг, одоо, ирээдүйг нь хэр чинээгээрээ “оношилдог”, тэгээд, санаа бодлоо сонин хэвлэлээр цацаж, бага сага юм бичдэг, бичсэн хэдийгээ бөөнтгөж хавтаслаад ном, товхимол болгон зардаг манай ихэнхи нийгмийн судлаачид, зах зээлийн харилцааны үзэл сурталчид “Өнөөдөр дэлхий бөөрөнхий биш, хавтгай дэлхий болсон” гэж байнга бичдэг нь хэвлэлийн хуудас бүрд үзэгдэнэ. Ийм “онош” тэдний амнаас байнга унадаг нь ч чих дөжрүүлсээр удлаа. Харин өнөө “онош” тэдний өөрсдийн нь судалгаа, шинжилгээний үр дүнд гарч ирсэн онош юмуу, эсвэл, “интернет” агуулахаасаа ухаж олсон, гаднаас “импорт”-оор зээлдэн идэж буй бэлэн “будаа” нь юмуу, бүү мэд! Ямартай ч энэ онол, онош орчин үеийн дэлхийн даяаршил, мэдээллийн сүлжээ, бараа таваарын үйлдвэрлэл, борлуулалтын шахалт шаардлагаас сэдэгдсэн нь магад бөгөөд техник технологи үлэмж хөгжсөн орнуудын үйлдвэр- худалдааны эзэд өөрийн орны ард иргэдийн амьдралын хэрэгцээ, хэрэглээнээс хэтрүүлэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадагш, хилийн чинад дахь бусад орны хэрэглэгчдэд зарж зардлаа нөхөх, ашиг олох зорилгыг нь хэрэгжүүлэгч “хэрэглээний философи” юм.

Дэлхийн мэдээллийн хурд, цахилгаан- долгион харилцааны нягтрал, техник- технологийн хувьсгал чөтгөр ч атаархахуйц хөгжилд хүрсэн 21-р зуунд дөрвөн түмэн км голчтой бөөрөнхий дэлхий өнөөгийн соёлт хүмүүсийн болоод “Homo Tekhnicus”-уудын хувьд “хавтгай” болсон гэдэг үгс хэдийгээр үнэн үг боловч аанай л бас нэг чалчаа үгс юм.

Дэлхий Даяаршлын эрхшээлд хүчтэй автаж буй нь бодот үйл явц ч, даяаршлын хавтгайрал, үндсэндээ, хүчирхэг капиталист орнуудын үйлдвэр- худалдаа, банк- санхүү, хөрөнгө оруулалт, ашиг орлогын хуримтлалд хамаарах өмч эзэмшлийн зорилготой хамтын ажиллагааны ил, далд зохицуулалт юм. Энд хоёр болоод олон талын эрх, сонирхол гэрээ, хэлэлцээрээр баталгаажин зохицуулагддаг мэт ч үйл явцын нь хаа нэгтээ олон нууц механизмууд агуулагддаг.

Даяаршил нь гаднаа эдийн засаг, мэдээлэл- харилцаа сүлжээ, техник технологи, улс төрийн бүтэц, тогтолцооны загварт хамаарч буй нийгмийн эерэг үзэгдэл мэт харагдавч далдуураа үүнд орж татагдаж буй бага, буурай хөгжилтэй улс үндэстний хил хязгаарын тусгаар тогтнолд болоод аж төрөх аргын түүхэн уламжлалд ноцтой хохирол хэтдээ учруулах хүчин зүйлийн эрх эдлэн эрчимжиж буйг заавал тооцох ёстой.

Даяаршиж буй дэлхийн эдийн засгийн харилцаа, чухамдаа, зах зээлийн “хүчирхийлэл”-д захирагдсан “эелдэг мөлжлөг”-ийн “үл баригдах хулгай”-н харлцаа бөгөөд бараа таваарынхаа борлуулалтаар далдалсан үйл ажиллагааны цогц учир Монгол мэтийн “хэрэглэгч” орны эдийн засаг улс төрийн тусгаар тогтнолын үндсийг үл үзэгдэх боймоор боймлог амьсгааг нь хураалгах ирээдүй маргааш биш гэхэд нөгөөдөр тохиох нь илэрхий үнэн гэж хэлж болно.

Монгол улс дахь монголчуудын ... монгол тоотон, монгол туургатны хувь төөргийн зураг эдийн засаг талаасаа миний нүдэнд их л баргар харагдаж сэтгэлийг минь зовоож байдаг. Зөв харж байна уу, буруу харж байна уу, би сайн мэдэхгүй, зөв гэж баттай хэлж чадахгүй.

Бид 40 сая мал тоолуулсан удаатай ч, эд яах вэ, тэнгэр газрын эрхшээлд байдаг амьтад, үржих жилээ үржинэ, үхэж барагдах жилээ үхээд дуусна. Үндсэндээ, нийгмийн тогтвортой, тулгуур баялаг биш! Ардын маань хуучин үгэнд үлдсэнээр, “Баян чинь шуурганд, баатар чинь ганц суманд“ гэгчээр, өнгөрсөн үхэр бар,жилийн зуднаар 8 сая нь хиарчихлаа. Энэ янзаар ирэх жилүүдэд тэнгэр муухай аашилж хэдэн өвөл дараалаад зуд турхан хялалзвал Монгол модоо барих юм байна. Мал байлаа ч гээд ашиг шимийг нь боловсруулах үйлдвэр Монголд байхгүй, ганц нэг сортоотой эдийн засагч “Үйлдвэр барья” гэж үг дуугараад ч чих нь бөглөөтэй төр засаг нь үл сонсоно. Газрын маань хөрсөнд болоод гүнд эрдэс баялгийн аврага их нөөцтэй олон орд, уурхайнууд дарагдаастай бий нь бий. Гэвч орчлонд дуусдаггүй дундардаггүй хэмжээтэй юмсыг Бурхан бүтээгээгүй болохоор өнөөдөрдөө Монгол руу гадаадын хөрөнгө оруулагчидын шүлсийг гоожуулан шүдийг нь хавиралдуулан уралдуулж буй энэ “түүхий эд” бараг намайг үхэхээс өмнө ёроолоо харуулна.

Монгол өнөөдөр Монголыг тэжээчих үйлдвэр ч алга, зохих түвшний мэдлэг боловсролтой инженер- техникийн мэргэжилтэн, ажилчид ч алга, дэлхийтэй өрсөлдөх бүтээлч чадвар, туршлага, дотоод идэвхи эрчим ч бидэнд алга! Монголын эдийн засаг зуун жилийн дараа ч хилийн чинадаас хараат салгалах хамааралын таталцалд цөөрөмд эргэлдэх намрын навч шиг эргэлдэнэ. Дэлхийн болоод хоёр хөршийнхөө “татах хүч”-инд “салаавч тавих”, харц дальдралгүй халз ширтэлцэх хэтийн төлөв ч одон орны дуранбайгаар шагайгаад ч харагдахгүй байна. Гэхдээ энэ баргар үнэнийг үг үгүүлэн үгүүлэхэд, бидэн шиг бага загварын эдийн засагтай ихэнх улс үндэстнүүдийн оюун санааны амьдралд ч, нийгмийн сэтгэлгээ, сэтгэхүйд ч нэгэн хүчирхэг үйл явц өрнөж эхэлжээ. Энэ бол эдийн засгийн хөгжил, даяаршилийн нөгөө талд, бараг эсрэг гольдролоор “үерхэж” буй, зарим эрдэмтэд, судлаачид “Дангааршил” гэж нэрлэн томъёолж буй үйл явц!

Өнөөдөр Даяаршил ч, Дангааршил ч дэлхийн нийгмийн амьдралын бодот үзэгдэл, бодот баримт болов. Өөрийн үндэсний оюун санаагаар бүтээсэн өндөр соёлтой, цаашаа, ертөнцийн мөн чанарт нэвтэрсэн, хүний амьдралын үндсэн зүй тогтолыг гүн гүнзгий танин мэдсэн эш онолтой, хамгийн хүнлэгээр амьдрах арга ухааны түүхэн туршлагатай Монгол шиг аугаа үндэстний хувьд бол дэлхий хавтгай биш бөөрөнхий хэвээрээ хэвээрээ эргэлдэн үргэлжилнэ.

Миний хувьд, Дэлхий Бурханы бүтээсэн хэлбэр дүрс, нууцлаг хуулиараа л эргэлдсээр байгаа! Ойворгон ч юм шиг, тэнэг ч юм шиг энэ үгээ шоолуулахгүйн тулд тайлбарлахаас аргагүй нь: Монгол нутаг хэдийвээр их хэмжээний гадаргуугаар хуурайшиж, цөлжиж байгаа ч дэлхийн цөөхөн онгон зэлүүд, сонин дагшин газар усны нэг хэвээр үлдэж байгаа шиг, Монголчуудын бүтээсэн оюуны соёлын өв бөгөөс эрдэмтэд, судлаачдын тогтоосноор хүн төрөлхтний анхдагч, өвөг, өлгий соёлын нэг том ай, соёлт иргэншлийн нэн эртний хэд хэдэн эх сурвалжуудын нэг үүтгэлд яалт ч үгүй хамаарагдах түүхийн баримт, хэрэглэгдэхүүн мөн юм.

Дэлхийн бөмбөрцөг дээр дэлхийг тэгшхэн, хавтгай гадаргуутай гараг эрхэс бус олонлог утгатай хэмжээст бөмбөрцөг болгож буй Алтай, Химлай, Тэнгэр уулс, Кавказ, Альп, Анд, Кордиллер мэт өндөр оргил, уул нурууд, уудам их тал хөндий, гол мөрд, ой хөвч, говь цөл, зах замгүй их далай тэнгис, шувууны жиргээ дарахтай үгүйтэй хоржигнон шулганах горхи, булаг үүсэн байрлаж байгаа шиг дэлхий гарагыг маань түүний гадаргад шаван амьдрагч үндэстэн үндэстний соёлын улаач,-бөөрөнхий орон өлгий болгож буй соёлын өндөр өндөр сарьдгууд /Яг л өнөө Алтай, Химлай, Тэнгэр уулс, Кавказ, Альп, Анд, Кордиллер шиг! / дэлхийд сүндэрлэн оршсоор байна. Тэр сүрлэг, ноёлог өндөр соёл, иргэншлийн сонгодогуудын нэг нь монголчуудын бүтээн тээж, 21-р зуунд хүргэж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн өв гарцаагүй мөн!

Тэнгэр, Газрын завсархи орчилдонги зайд тохиолдлоор болоод тохиолдол бусаар шүтэлцэх эерэг, сөрөг харилцаанд зохицон амьдарч чадах зөв, ариун, гоо сайхан амьдралын тогтолцоог нээн олж амьдарсан үгүйшгэгдэшгүй туршлагатай, аман болоод бичгийн сонгодог утга зохиолын ховор, гайхамшигт дурсгалуудтай, хүн төрөлхтний өвөг хэл, өвөг шашин шүтлэг, аж төрөх бурханлаг хэв загварын үндсүүдийг далддаа, гүндээ шив шинэхнээр нь хадгалж үлдсэн, тэгээд уламжлан хөгжүүлж яваа үндэстний хувьд монголчуудын соёлын үнэт өв дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаанд нээгдсэн геометрийн бүх дүрс хэлбэрээр ч, нээгдээгүй, мэдэгдээгүй дүрс хэлбэрээр ч дэлхийн бусад соёл иргэншилтэй ойр нь ойр зайд, хол нь хол зайд харилцан шүтэлцсээр байх болно.

Миний бодол сэтгэмжийг хоосон цэцэрхэл, хуурай софист чалчилт гэж дотроо доог тохуу хийх сэхээтнүүд, мэдээж, зөндөө олон байхыг би гадарлаж л байна. Гэвч нэг ноцтой асуулт ургаж байна. Өнөөгийн монголчууд бидэнд хүн төрөлхтөний ирээдүйн түүхэнд гүйцэтгэх ямар нэг түүхэн үүрэг байна уу, эсвэл, үгүй юу? Дээрээс... Тэнгэр Бурханаас, Байгалиас бидэнд оноон хариуцуулсан нууцлаг ч юмуу, ил шууд утга агуулгатай ажил үйлс бий юу, үгүй юу? Бий бол юу вэ? Эсвэл монгол тоотон, монгол туургатан өнөөгийн хүн төрөлхтөнд, тэдний хөгжилд дэлхийн түүхийн хэтийн үйл явцуудад ямар ч үүрэггүй, хэрэггүй, өчүүхэн ч ач холбогдолгүй “илүүдэл” байхаасаа байхгүй нь “ашигтай” үндэстэн үү? Үүнийг бид хааяа ч бол боддог уу? Өөрөөсөө, бусдаасаа асуудаг уу?

Бодоод байтал, асуултууд цааш цаашаагаа задран, маш олноор үүсэх нь ээ: Даяаршлын  нөхцөл дэх дэлхийн анхаарлыг өөртөө татах, төвлөрүүлэх, дэлхийн үйл явцад ямар нэг үйлдэл, үйлчлэлээр, үг хэлээр нөлөөлж чадах ямар нэг онцгой бусад үндэстэнд байхгүй өвөрмөц үнэ цэнтэй, “өөрийн” гэж өмчлөхүйц орь чанартай юм. Монголчуудад юу байна вэ? “Байх”, “Байлгах” оюун санааны болоод биет үйл ажиллагааны заяамал өгөгдөхүүн боломж Монголчуудын генд, бие махбодийн нь бүтэц, физиологи ажиллагаанд бүрэн үү, Дутуу юу? Монголчууд ямар нэг үйл бүтээлийг дэлхийн өмнө дангаараа, бие даан хариуцаж хүн төрөлхтөнд өөрийн эрхгүй үгүйлэгдэхүйц том тус нэмэр болох, дэлхийгээс тийм найдвар хүлээн амьдрах чадвартай ард түмэн үү, үгүй юу? Бидэнд тийм “бүтээгдэхүүн” бий юу, огт байхгүй юу?! 21-р зууны монгол үндэстэн энэ асуултанд “тийм!”, “үгүй!” гэдгээ хариулах ёстой! “Тийм!”, “Бий!” гэж бардам баттай хариулах үндэс, үндэслэл Монголчуудын эцэг, эх дээдсийн бүтээж үр хойчдоо болоод хүн төрөлхтөнд бэлэглэж үлдээсэн соёлын их өв, сангууд бий гэж би бодож байна. Энэ өв бол дэлхийн нэгдмэл, харилцан шүтэлцээт оюун санааны интеграл онол эшийг багтаасан, хүн төрөлхтөний дотоод ертөнцийн гэгээрэл, бүх төрлийн эрчим мэдээллийн хамгийн нарийн нийлмэл, чинадлаг, хамгийн язгуур гарваллаг, хамгийн синергетик, хамгийн бурханлаг бодь Үүсгэл-Төгсгөлийн системлэгдсэн том сан хөмрөг, агуу том “агуулах” юм.

Энэ “агуулах”-ын цоож, цуургыг эдвэж хэмхлэлгүй өөрийн нь түлхүүрээр зөв онгойлгож доторхи эрдэнэсийг нь уудлах, юу юу хадгалаастай, дарагдаастай, дэлхий мэдэх нь байтугай бид өөрсдөө ч мэдэхгүй алмайж суугаа ямар нууц эрдэм ухааны арга жор байгааг ширхэгчлэн нэгжих, судлан нээх, хүн төрөлхтөний оюун санааны зөв хөгжлийн хэрэгцээ, хэрэглээнд нийлүүлэх, тэдний сэтгэлийн болоод сэтгэлгээний орон зайг прагматик явцуурлаас аврах, орчин үеийн хүмүүсийн амьдралд шинэ зорилго, тэмүүлэл, шинэ утга агуулгын ойлголт бий болгох, магадгүй, хүн төрөлхтөний ахуу, ухамсрыг өөр зам руу... хүнийг бурханжуулах дээд хөгжлийн зам руу хөтлөх хүчирхэг оньс “аварга могойн зулай дахь чандмана” мэт гэрэлтэж байж магадгүйг ч магадлах нь одоогийн бидний амин үүрэг боллоо гэж бодогдном.

Монголчуудын соёлын өвийг “агуулах” дотроос надад нэг “чандмана” байнга тэмтрэгдэж, түүнийг надад тэнгэрээс хааяа хааяа ирүүлдэг үүрийн зүүдэнд минь харуулан сануулах тул би зүүдээ марталгүй манаж хонох бөгөөд тиймээс өнөөх зүүдний “чандмана”-ийг би өөртөө “Бодь сэтгэлийн соёл” гэж нэрлэдэг. “Бодь сэтгэлийн соёл” бол угтаа, товчдоо гэгээрэл юм. Соёл зөвхөн мэдээлэл, мэдлэг, мэргэжил, боловсрол, прагматик сэтгэлгээний болоод үйл ажиллагааны чадварын хөгжил биш, хүний дотоод ертөнцийн гэгээрэл юм. Гэгээрэл зөвхөн амьдыг хийгээд юмсыг энэрэн нигүүлсэх нинж сэтгэлийн үрээр дамжин боловсорч хүний үйл ажиллагааг Бурханы мөрөөр хөтөлнө.

Гэгээрэлд зөвхөн сэтгэлийн ариуслаар л хүрнэ. Өөр боломж байхгүй. Зөвхөн ариуссан, нинж нигүүлсэлгүй үйлийн мөрд барилдсан сэтгэл л хүний оюун санааг ч, ажил үйлсийн нь агуулга зорилгыг ч ариусган бусдад гагцхүү тус буян үйлдэх, бусдын тус буянг шүтэн амьдрах ухаарлын өндөрлөгт хүргэнэ. Тийм өндөрлөгт эс хүрсэн хүний амьдралыг Амьдрал гэж нэрлэхэд туйлын хэцүү, хагас хугас, тахир татуу, бусармаг гэхээ байя гэхэд хайран цаг хугацааны яйран үрлэг болсон харамсалтай ядмаг явцуу, худал хуурмагийн үлгэр амьдрал байж байгаад дуусдаг. Тэгээд огт байгаагүйтэй адил, ор тасмартагддаг! Хүний амьдралын үндсэн утга агуулга нь эд материалын баялагт бус, өмч хөрөнгийн хуримтлал, олз ашиг, эрх засаг, газардмал нийгмийн /зах зээлийн/ харилцаанд үйлчлэх эрх чөлөөнд бус /эсрэгээр, харин ч ухамсартай хязгаарлалтанд/, хүний гэгээрэлд, далд ухамсар оюуныхаа нууц нөөц хүчийг уудлан эзэмшихэд, тэр хүчийг бодь мөрийн үйлд ашиглаж ахуулаг ертөнцийн хүлээснээс ангижрах эрх чөлөөг олоход л орших юм. Хүний амьдралын богино хугацаа нь зөвхөн энэ үйл явцад л зарцуулагдах хоног өдрийн тасралтгүй үргэлжлэл! Уг үргэлжлэлийн тасрах нөхцөл шалтгааныг үхэл гэж нэрлэж байгаа!

Хүний амьдралын тогтолцоог ингэж ухаарч, гэгээрч ирсэн монголчууд үйл ажиллагааны уламжлалыг хадгалсан соёлын өв бол хүн төрөлхтөний оюун санааны хамгийн гол өвд тооцогдох бүрэн үндэстэй! Үндэстний соёлын үр хүний тархинд соёолохоосоо түрүүнд хүний элэг сэтгэлд соёолдог. Хүний бие организмын мах цусан бүтэц бүрэлдэхүүнтэй зэрэгцэн орших хий биед нь яг махан биеийн нь физиолог үүрэг гүйцэтгэдэг элэг шиг “элэг”, тэгэхдээ, сүнслэг, сансрын эрчимлэг, хийсдүү “физиолог” үүрэг зориулалт бүхий, амьд системд хийн болоод эрчмийн солилцоо явуулан амьдруулдаг “хий эрхтэн”- “элэг” бас байдаг. Биеийн эрхтэн,- элэг нь цус шүүж цэвэрлэдэг шиг хий биеийн эрхтэн буюу бодисын солилцооны бус эрчим оюуны мэдээлэл, бодот бус шит тэжээл солилцооны эрхтэн,- “элэг” нь хүний дотоод ертөнцийг ариусган шүүж, дотуур нь нэвтрэгч бүгдийг нь нигүүлсэл, хайр болгон хувиргадаг. Хайр бол тогтонги махан бие, урсгал хий бие хоёрын дээд нэгдлийн хүч, хүний амьдрал, оршихуйн “тулах цэг” юм.

Монголчуудын соёлын өвийн төв хэсэг, - хүний амьдралын утга агуулгыг ойлгох энэ философи ойлголтыг орчин үеийн даяаршлын нөхцөлд хүн төрөлхтөнд ойлгуулж, дэлхий нийтийн аж төрөх аргад нь хэвшүүлж өгөх нь монголчуудын соёлын өвийн түүхэн үүрэг! Монголчуудын соёл бол хүмүүний гэгээрлийн соёл, “бодь сэтгэлийн соёл” гэж би үздэг. Хүний нийлмэл цогц бүтцийг “цөм” – бодь сэтгэлийн эрчим урсгалаар тэжээгдэн тэнд үндэслэн соёолоод хүнийг бурханжуулдаг үр жимс нь энэ соёл юм. Энэ бол маш байгальлаг, дээр нь сансар огторгуйн мэдээлэл, онгод тэнгэрүүдийн хэл дохио, зөн совин, чинад ахуйн сүлжээгээр холбогдсон нууцлаг, бүтээлч, энэрэнгүй, хүнийг үнэмлэхүй төгс оюун билигээр гэгээрүүлэгч хүчирхэг соёл! Энэ соёлын философи агуулга, мөн чанарт нэвтрэх асуудлыг дэвшүүлэн ярих нь орчин цагийн байгал, нийгмийн үйл явцад тогтмол давтагдах шинж чанартай эрчимжиж буй сөрөг үзэгдлүүд аюул, мөхлийн сэрэмжлэгүүдээр дүүрэн, хүний хүч чадлаас хэтийдсэн гай гамшигууд жилээс жилд олширсоор буй нөхцөлд хүн төрөлхтөнд бодтой аврал болох юм.

Эцэст би, Монголын соёлын өвийн нэн чухал философи утга санаа,- “бусад нь бусадтайгаа” шүтэн барилдаж амьдрах ба орших, юу юуны түрүүнд, эх байгалтайгаа, орчин тойронтойгоо, мэдэх хийгээд “мэдэхгүй” –тэйгээ хамт “амьд байх” чинагуух нөхцөл,- “шүтэн барилдлага”-ын тухайд товч үгүүлэх шаардлагатай болов. Зөв, амгалан, гоо сайхан амьдралын үндэс нь, -амьд нь амьдыгаа, хэрэв амьгүй, сүнсгүй юмыг Бурхан орчлонд бүтээсэн бол тэр бүгдийг хайрлан тэр бүгдтэй нэгдэн орших, бие биеэсээ хамааралтайгаар адил тэгш хөгжиж, эсвэл, мөхөх тийм харилцаан дунд эерэг, сөрөг чанартай үр дүн гаргах шалтгаан нь болдог, бас, бүх юм бүх юмаа нөхцөлдүүлэн бүтээх өгөгдөхүүн болдог “үр-чанар” юм. “Үр чанар”-ын чинагуух илрэл нь “шүтэн барилдлага” болно. Идэвхитэй, хөгжингүй, үнэмлэхүй чанарт ахуу, амьдралын нөхцөл,- “Шүтэн барилдлага” нь юмс, үзэгдэл өчүүхэн бичил ч бай, агуу их ч бай, аль алиныхаа ахуу оршилыг хамтдаа хамгаалсан, аль алиндаа ханьсан тусалсан, хамтын төгс дээд “дотоод хөгжил” рүү хамтын хүч, хурдаа эрчимтэй дайчлан зорьсон нигүүлсэнгүй үйл юм.

Хүний ажил бүтээл тийм дээд нигүүлсэнгүй чанарт зөвхөн оюун санааны гэгээрэл, “Бодь сэтгэлийн соёл”-оор л хүрнэ. “Бодь сэтгэлийн соёл” гэдэг нэр томъёо ч, ойлголт ч нийгмийн философид төдий л хэвшээгүй, зохих байр зайгаа олоогүй байгаа ч монголчууд дэлхийн амьдралыг тэргүүлэх, хүн төрөлхтөнд зөв, амар амгалан, гоо сайхан амьдрах орь арга ухааныг нь заах, өнгөрсөн бүх зуунуудын түүхийн алдааг эцэслэн засах, хойшид үл давтагдах магадлалын нууцыг тайлах, тэдэнд Бурхан Багшийн дайтай Багшийн “алба хаан” Тэнгэр Бурханы хэрлэшгүй хайр, нигүүлсэхүйд манлайлах ганц боломж юм. Энэ боломжийг өөрсдөө бид бүрэн ашиглах, бусдад таниулах ухааруулах үүрэг өнөөгийн монголын соёлд тухайлан тохоогдсон түүхэн үүрэг! Энэ түүхэн үүрэг Монголчуудын соёл сэтгэлгээний мөн чанарын увьдас, гайхамшигт чадвартай холбоотойгоор өгөгдсөн. Томъёолж хэлбэл, Монголчуудын аж төрөх ёсыг тодорхойлж ирсэн арга, билигийн “шураган хүч” юм. Монголчууд энэ “шураг хүч”-ээр байгалийн догшин хүчний сорилт, туршилтанд тэсэн үлдэж эерэг сөрөг хувьсал өөрчлөлттэй нь нийцэн зохицож, эсрэг хүчийг хүлээн авах, түүнтэй шүтэн барилдах, тэр хүчтэй адил хүчээр зэрэгцэн хүчирхэгжих арга,билигийн “Томоос”-оор хөгжиж ирсэн. Энэ “шураг хүч”-ээр хүн төрөлхтөний түүхээс гээгдэлгүй, арчигдалгүй, цаг үе бүртэй цуг аж төрж, цуг зэрэгцэхдээ ч зэрэгцэн оргшиж, тэргүүлэхдээ ч тэргүүлэн удирдсан!

Байгальтайгаа, бусадтайгаа, бас, өөр “анги” ертөнцтэй ч шүтэн барилдаж, ахуу соёлоо “үгүйсгэл-үгүйсгэлийн үгүйсгэл”-ийн нэгдлийн /оюуны болоод сэтгэлийн хам гэгээрлийн/ “шураган хүч”-ээр цаг хугацааны эсэргүүцлийг давж оршиж чадсан!                   

           

Монголчуудын энэ гайхам туршлага хүн төрөлхтөний ирээдүйн амьдрал, аж төрөх ёс суртахуунлаг аргын дээд дууриамал байх болно. Гэхдээ Монгол үндэстний амьдралын энэхүү ил нь ил, нууцлаг шургуу /далд/ нь шургуу туршлага, үлгэр загвар зөвхөн хүний дотоод ертөнцийн нинж чанараар буюу гэгээрлээр нэвчиж байж л сая биднийх шиг бодот үйл хэрэг болно. Өөрөөр хэлбэл, бурханлаг гэгээн амьдралд хүрч тийм утга чанарын, тийм өндөр дээд түвшний хөгжилтэй нийгмийн баялгийг бүтээнэ. Дэлхийг цаашдаа гагцхүү энэ үзэл баримтлалаар хөгжих зам л аврана. Хүн төрөлхтөний ахуу амьдралыг энэ философиор удирдах явдал 21-р зууны монголчуудын түүхэн үүрэг, үл мартагдах гавъяа болж үлдэнэ.

Би хэдхэн хуудасны өмнө 21-р зуунд Даяаршил, Дангааршил нийгмийн бодот үзэгдэл, нийгмийн сэтгэлгээнд заавал тооцох ёстой зэрэгцээ баримт болсон гэж хэлсэн. Дангааршил нь хэдийгээр хүн төрөлхтөний соёлын “шүтэн барилдлага”-ын доторхи нэг эс ойлголт боловч монгол соёлын өвийн Дангааршил нь тусгайлан авч үзэх ч гэх юмуу, ер нь эзотерик, парапсихологи шинжлэх ухаан онцгой анхаарлаа төвлөрүүлэн судлах баримтат хэрэглэгдэхүүн мөн! Монголчуудын соёл иргэншлийн уг язгуур нь бодот ахуу хийгээд бодот бус, далд ертөнцийн мэдээлэлд суурилсан ер бусын гоц мэдрэхүй, хүртэхүй, бясалгал, дээд логик дүгнэлт, гэгээрлийн үйл ажиллагааны үр дүнг үгээр оноон томъёолох бэлгэ билгүүнээс үүссэн гүн гүнзгий, асар нийлмэл, чинад гарвалын сэтгэлгээ, сэтгэлзүйн үзэгдэл юм. Энэ бол, эгэл нүдэнд үзэгдэх юмс хийгээд үл үзэгдэх, зөвхөн эгэл бус нүдэнд үзэгдэх, хувилгаан чанарт оюун ухаанд баригдахуйц зөн совинлог хий ухаарь... юмс,-тэнгэр, бурхад, Сүнс, Сүлд, онгод, лус, савдаг, модор, буг, чөтгөр, дэрээ, мөн, дээд “гэрлэн ахуй”- н эрчим долгио мэтийн амьд ертөнцийн хийсвэр хүчинд нэгэн зэрэг нэвтэрч нэгэн базагдсан интеграль ойлголт, хөтөч үзэл онолыг боловсруулж чадсан “шураган хүч”-ний сэтгэлгээний үр дүн!

Монголчууд энэ үр дүнд хоёр аугаа хүчин увьдсаар хүрсэн! Нэг нь, сэтгэлийн гэгээрлээр, нөгөө нь,- бэлгэ билгүүний мэдээллээр! /Бэлгэ билгүүний мэдээллийг хувилгаан чанарын ид шид гэж нэрлэж ч болно/ Эгэл төрөлхтөн хүршгүй энэ өндөр “үр дүн”-гийн задаргаа, тайлалд хүн төрөлхтний дээд төгөлдөржилтийн хамгийн хүчирхэг “хүчит зүйл” нууцлагдаж байгаа байж ч мэднэ. Монголчуудын соёлын түүхэн өв цаашдаа дэлхийн соёл иргэншлийн нэн эртний эх сурвалжуудын нэгээр “ЮНЕСКО”-д бүртгэгдэж, хүн төрөлхтөний оюун санааны амьдралын төгс хэв загварын хувьд анхдагч жишиг, өвөг эмэг онол эшийн эрхийг эзэмшиж ч магад! Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед ч монгол соёлын өв хүн төрөлхтөний оюун санааны хөгжилд өвөрмөц нөлөөтэй, идэвхитэй далдуур үйлчилгээтэй, аль ч тивийн оршин суугч боловсролтой иргэдийн сэтгэлгээний хэрэгцээтэй харилцан хамааралд “таталцан оршиж” байна. Түүгээр ч зогсохгүй бусад соёл, иргэншлийг өөр лүүгээ татдаг, үйл явцыг нь төв рүүгээ сорон “шургуулж” төвөө тэлдэг, тодорхойлох аргачлал, тогтолцоогүй зарчимын хаос, квантлаг үйл явцаар хөгжин баяждаг, гүнзгийрүүлдэг, тэгээд, тусгаар оршин тогтнох чадвараа баталж, бусадтай ижил түвшинд, зарим ай савд илүү дээд түвшинд тэргүүлж ч явна.

Монголчууд утга соёлоороо дэлхийтэй харилцаж буй харилцааны өндөрлөгөөс дүгнэхэд, өнөөгийн хүн төрөлхтний нийгмийн харилцаа, ялангуяа соёлын өв уламжлалын харилцаа шүтэлцээнд оршихоороо дэлхий маань хавтгай бус, нэг нь нөгөө рүүгээ шулуун урссан шугаман урсгалтай бус, эсрэгээр, бөөрөнхий “шугаман бус” хэмжигдэхүүнтэй олон хэмжээст тодорхойлолтуудтай харилцаанд оршиж байна гэж /энэ санааг би зориуд давтан гуршиж байна/ үзэхээс өөр аргагүй болсон нь илт болов.

Дэлхийн улс түмний соёл иргэншлийн өв уламжлалын харилцаа планимер геометрийн хавтгайд бус огторгуйлаг орон зайд өрнөж, бие биеэ харилцан баяжуулж, баталж, шинэчилж, бие биеэ үгүйсгэх бус шүтэлцэж, бие биеэ даацжуулан хөгждөг гэсэн ойлголт гүнзгийрэх нь цаашдаа соёлын философийг шинжлэх ухаан болгох үндэс болж өгөх болно. Энэ өнцгөөс хандахыг Монголын соёлын өв өөрийгөө судлаачдаас шаардах эрхтэй, яагаад гэвэл, энэ өв дэлхийн маш том оюуны багтаамжтай, эрчим долгио лугшсан мэдрэхүйтэй үндэстний аман болоод бичгийн соёлын өв бөгөөд түүний нэг бахархалтай, бас, бусад сөнөсөн, мартагдсан өвөг соёлуудаас ялгаатай нь өнөөг хүртэл давшингуй хөгжсөөр, гүнзгийрсээр, судлагдахууныхаа цар хүрээ, агуулгынхаа хэмжээ тигийг жилээс жилд тэлж цаг үеийнхээ түүхийн бүхий л үйл явцыг бүтээлцэж буй баян, хүчирхэг мөн чанартай байгаа юм.

Хүний амьдралын материаллаг, дав даруйн хэрэгцээ хүн төрөлхтний түүхийн туршид тун ч өөрчлөлт багатайгаар зөөгдөж уламжлагддаг. Хүний амьдрал гэдэг уг хэрэгцээг л хангах үйл явц, үйл ажиллагаа юм. Эрт урьд ч тийм л байж, одоо ч тийм л байна. Хойшид ч тийм л байсаар үлдэнэ. Хүн төрөлхтний ихэнхийн хувьд, хэрэв тэд мөнх орших цаг хугацаатай бол энэ үнэн мөнхийн хууль мэт үйлчилнэ. Хэрэгцээний утга агуулга тогтмол чанартай, гагц ажиглагддаг өөрчлөлт хувьсал нь уг хэрэгцээг хангаж хэрэглээнд орж буй юмсын тоо, чанар, нэр төрөл, хийц хэлбэрт л гардаг. Өөрчлөлт, хувьсал нь хүний хэрэглээг  бүрдүүлэгч юмсын чанарын дэвшил, тоо хэмжээний олшрол, хийц хэлбэрийн үзшилийн хурдтай “гоо сайханжилт”-аар хэрэгжин урагшилдаг. Хүний амьдралын бодот хэрэгцээ, хэрэглээтэй ав адил зүй тогтолтой, тухайлбал, хэвийвээр, өөрчлөлт хувьсалын дээр доорын ялгавартай үе шаттай ч Планкийн тогтмол шиг үл өөрчлөгдөвч /өөрчлөгдвөл, системд өөр хууль зүйн үйлчлэл үүснэ/ тогтмол мөн чанарын болоод утгын гүн бат суурьтай бүтцээр үеэс үед орон зай, цаг хугацааны хүчирхийллээс ангид зөөгддөг, хүний бие махбодын эрчим оюуны амьдра бүтээгдэх орчин нөхцөлд нөлөөлж уламжлагддаг, ухааны өвийн дамжлага, тэр дамжлагыг хариуцагч ген юм.

Энэ дамжлага, удамшил үгүйгээр хэн ч хэн биш, зүгээр л хүн, зүгээр л “хэрэглэгч”, зүгээр л “амьд организм”, зүгээр л амьтны аймгийн “онцгой загвар”, ямар нэг ажил эрхэлдэг, үгээр ярьдаг, хуралддаг, техник-технологи бүтээж тэрнийгээ ашиглаж амьдардаг “осолтой төрөл” зүйлийн нь төлөөлөгч! Хүн төрөлхтөн энэ гашуун тодорхойлолт, “нулимстай үнэн” –ний таяг тойргоос гарах нөхцөл бол, -монгол үндэстэн бидний хувьд гэвэл, өвгөд урьдасын соёлын өв бүтээлүүд өнөөгийн бидний “Хүн” гэж нэрлэгдэх эрхийн “гэрэгэ”-монгол утга соёлын “тайлагдашгүй”гэж хэлж болох нууц “код” юм. Тайлагдашгүй мэт “код” цоожлогдсон нь мэдрэгддэгч тэр цоож, цуурганы гацаа зөвхөн орчин үеийн хүн төрөлхтний сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй, шинжлэх ухааны нь арга чадварын нь сул хөгжилтэй, өөрөөр хэлбэл, далдыг танин мэдэх туршлагын нь хангалтгүйтэй холбоотой. Энэ гацааны хохирлыг хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжил, мэдээж, даван туулна. Харин энэ үйл явцыг хурдасгах, эгэл хэвийн амьдралын хэрэгцээ, хэрэглээ болгох хөтчийн оноо төөргийг бүүр “дээрээс” ирүүлж буй үндэстэн нь Монголчууд өөрсдөө гэж хэлэхэд үнэмших нь үнэмшиг, эс үнэмших нь эс үнэмшиг, эс үнэмших нь бүү хэл, инээлдэж хөхрөлдөх нь хөхрөлдөг!

Бусдыг үгүйсгэж хэрхэвч болохгүй, өөрсдийгөө яаж хүндэтгэдэг вэ, тэр лүгээ ялгавартай тэднийг хүндэтгэж, өөртөө яаж итгэдэг вэ, тэр лүгээ үлгэрээр тэдэнд итгэж, бусадтайгаа шүтэн барилдах хэрэгтэй. Гэхдээ, юу нэгийг юу ч гэж мугуйд зөрүүд ойлголтоор нэрлэж болохгүй, харин, юу гэж нэрлэвэл үнэнийг нь, мөн чанарыг нь онох вэ, тэр ёсоор, яг үнэнээр нь л нэрлэх хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтөний сэтгэхүйн хамгийн дээд ялалт байх болно. Үгийн шижлэх ухааны үндсэн зарчим ч энэ юм!       

 “Трой”хотын дайнд Герег үндэстний ижий, аавын үрс, -аварга биет, аварга хүчит баатрууд оролцохын хажуугаар тэнгэр, бурхад зэрэгцэн оролцож дайныг дуусган ялалт байгуулсан шиг Монгол ижий аавын оюунт цэцэн мэргэн үрсийн оролцооны зэрэгцээ дээд 99 тэнгэрийн элч сахиулсад, Авид, Дүшит, Сугавадийн арилсан орны ариуссан Бурхад Монгол соёлын өвийн “кодлогдсон” нууцад биеэр үл үзэгдэн оролцсон нь магадтай. Иймд, Монголчуудын соёл, иргэншлийн язгуур уг, гарваль эхийн мөн чанар, үнэн мөнийг хүн төрөлхтөн хаа сайгүй шинжлэх ухаанчаар судалж, танин мэдэж, нууцлагдсан оньсого, оньсыг зөв тайлж, хүмүүн амьдралын загвар болгож хэрэгжүүлэх цаг хойч түүхэнд хүлээгдэж байгаа юм. Энэ “хүлээлт” –ийг хэрэгжүүлж, жинхэнэ зөв, төгс, гоо сайхан амьдралын шинэ үе шатанд дэвших нь хүн төрөлхтөний оюун санаа, сэтгэлгээ, сэтгэлзүй,  логик ухамсар, шинжлэх ухааны үнэмлэхүй ялалт, бараг, эцсийн үр дүн байх болно. 

2010 оны 9 дүгээр сар.

        Хүн чулууны хонхор.