Гэр бүл яагаад салдаг вэ?
12 жил, 9 сар өмнө

...Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертөнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгалангаар бялхана. Өдөр бүр хайртай түүнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, түүнгүй бол энэ хорвоо ертөнц хөндий хоосон байх юм шиг л санагдах аж. Өөрсдийг нь гайхан шоолох хэн нэгнийг "миний нүдээр хардаг ч болоосой" хэмээн өөдөөс нь гайхна. Бие биетэйгээ уулзахгүй өнгөрөх нэгэн өдөр сар, жил шиг удаан, дууг нь сонсохгүй өнгөрөх нэгэн мөчид энэ ертөнцийн гайхамшигт хөг аялгуу тасалдах мэт. Түүнийхээ дэргэд байхдаа л амьдралын утга учир, гэрэл гэгээг мэдэрч, баяр баясгалангаар бялхаж, жинхэнэ аз жаргалыг амсана.
...Баяр хөөр, наргиан цэнгээн дүүрэн хуримын өдөр

Энэ баярт хүрэлцэн ирсэн бүх зочдын анхаарлын төвд байж, тэдний өхөөрдсөн, талархсан, бяцхан атаархсан харцан дор халуун гараа атгалцан, бие биеэ халуун хайраар талимааран ширтэж, ''насан туршдаа бие биедээ хайртай байж, хэзээ ч салж хагацахгүй, аз жаргалтай сайхан амьдарна" гэж зүрх сэтгэлдээ андгайлах хосууд. Хаа нэгтээ болзон уулзаж, хагацаж ядан асан залуус хүсэл мөрөөдөлдөө хүрч, гар гараасаа чанга атгалцаж, амьдралын хаалгаар, хайр энхрийлэл дүүрэн алхаж орохдоо энэ л амьдралаа мөнхөд ийм сайхан байх юм шиг төсөөлнө. Хүн бүрийн амьдралд энэ л мөчүүд хорвоогийн жаргал, халуун хайрын амтыг ийнхүү нэгэн дор мэдрүүлдэг.

...Шинэхэн хосууд өдөр бүрийг аз жаргалтай угтаж, үднэ. Хааяахандаа зөрөлдөж маргалдавч халуун хайрын илчээрээ зөөллөж, наргиан наадам болгон өнгөрөөх нь бий. Хүүхэдтэй болцгоож, хөөрч баясаж, амьдрал нь илүү утга учиртай, бас хүсэл тэмүүлэлтэй болдог. Ийм үедээ тэд аав ээж байхын жаргал зовлонг амсаж, аав ээжийн ачлал хайр, халамжийг ухаарах аж. Өөрт нь өхөөрдөж хайрлам тэр л бяцхан амьтныг, уярал, ухаарал, хайртай нь хамтад авчирч өгсөн ханиа улам ихээр хайрлан биширнэ. Амьдрал гэгч хичнээн сайхан бас гайхамшигтай болохыг тэд ойлгож, тэр хэрээрээ амьдралыг ч бас хайрлана.
...Цаг хугацаа улиран улирах тусам хоёр биендээ ээнэгшин дасч, ижилдэж, хайраа хүсэл бодлоо харцнаасаа л ойлгох аж. Аяга хоолоо ч ганцаар идэж чадахгүй түүнээ хүлээнэ. Ажил ихтэй үед ч нойр хулжааж, дэр чилээн хүлээнэ. Юунд баярлаж юунд шаналдагийг нь, юунд дурлаж юунд дургүйцдэгийг нь, юуг хүсэн мөрөөдөж тэмүүлдэг, юунд хилэгнэн бухимддагийг нь өөрөөс нь илүү мэдэрч, энэ л мэдрэмжээрээ баярлах гунихийг нь тэнцүүлж, санаа сэтгэлийг нь зална. Нас ахих тусмаа хоёр биендээ аав ээж болж, асран халамжилдаг. Амьдралын цаг хугацааны урсгал дунд адил хамтдаа элээх аж.
Олон гэр бүлүүд сайн сайхнаар цаг хугацааг элээж, үр хүүхдүүд, ойр тойрныхондоо үлгэр жишээ болж, баяр бахархалыг төрүүлнэ. Олон гэр бүлүүд цаг цагийн урсгалд салж сарнин бие биеэсээ холдоно. Ийм сайхнаар эхэлсэн амьдрал минь өнөөдөр яагаад байхгүй болчихвоо гэж гайхах. Нэгэн цагт бялхаж цалгиж асан тэр их хайр энхрийлэл хэдийд хаана асгарч, дундарсаар үгүй болсныг гайхан шаналах.
Өнөөдөр Монгол оронд минь хямраад өөдөлдөггүй төртэй, ядуураад баяждаггүй иргэд, яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж тэвдсэн энэ амьдралд хичнээн гэр бүл салж, хичнээн амьдрал зэрэмдэг болж байна даа? Хүн бүр энэ сэдвийг хөндөхөөс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хүн бүрийн зүрх сэтгэл шаналдаг. Хойч үе минь болсон залууст хэн үүнийг хэлж анхааруулах билээ.

Гэр бүл яагаад салдаг вэ?
Гэр бүл болж буй хайртай хосууд, хоёр өөр орчинд төрж, өсөж хүмүүжсэн хоёр өөр ертөнц юм. Тэдний өөр өөр амьдралаас олж авсан хүмүүжил, үзэл бодлын зөрүү нь олон маргааны үндэс нь болж байдаг. Ийм л маргаанд хайртай хосууд яаж хандахаас гэр бүлийн бат бөх байдал ихээхэн хамаарна.

Нэг. Үл хүндлэл-үл ойлголцол
-Чи хувцсаа эвхээд тавьж бай л даа
-Би тэгж сураагүй юм аа
-Хаалгаа аяархан хааж бай л даа
- За юун сүртэй юм бэ?
-Чи энэ угаах юмыг угааж тусалбал сайн байна
-Би амжихгүй ээ
Аядуухан учирлалаар эхэлсэн ийм зөрчлүүд, өдөр хоногоор, сар жилээр, аажим аажмаар өсч "ялаа заан болдог"-ийн үлгэр мэт болдог. Анхандаа "за яахав, жижигхэн юм, алсдаа учир нь олдох биз" хэмээн өнгөрөөх бүрд үл ажиглагдам ан цав, харайж гарахын аргагүй ангал болон хувирах нь бий. Эхлээд танилцахдаа эмэгтэй нь "нар сар, навч цэцэг" мэтээр хүндлүүлж гуйлгаж, бишрүүлж байсан бол гэрлэсэнээс хэсэг хугацааны дараа байдал эсрэгээрээ эргэж, эрэгтэй нь гуйлгаж, хүндлүүлэх болсон байх нь олонтой. Алив зөрчилдөж буй асуудлуудад анхнаасаа хоёул тэгш эрхтэйгээр илэн далангүй ярилцаж, зөв шийд гаргаж сурахгүй бол хэсэг хугацааны дараа хэн нэг нь зөвхөн өөрийн хүсэл сонирхлоороо байх давуу эрхийг олж авсан байдаг. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр нэг нь нөгөөгийнхээ хүсэл сонирхлыг сохроор аялдан дагалдах нь үл хүндлэл-үл ойлголцлыг бий болгож орхидог. Ийм байдал удаан үргэлжилбэл, хэсэг хугацааны дараа, анх танилцаж дурлаж байхдаа олж харан биширч байсан сайхан чанарууд нүдний өмнө алга болж, ердөө хувиа хичээсэн өчүүхэн амьтан болж хувирахыг харна. Энэ л гэр бүл салахын нэгэн шалтаг болдог. Анх дурлалцаж байхдаа бие биенээсээ олж харан, бишрэн бахархаж байсан тэр сайхан чанаруудаа цаг ямагт хайр урмын үгээр байнга услан ургуулж нөxжүүлж байх нь гэр бүл тань бат бөх байхын үндэс нь болно. Үүний тулд жижиг гэхгүйгээр алив асуудлыг илэн далангүй ярилцаж харилцан ойлголцож, байнга анхаарч сануулж , өөрсдийн хүндлэлээ алдахгүй байх нь хэрэгтэй байдаг.

Хоёр. Үл итгэлцэл
Анхны харц, анхны хайр бүхэн бүтэхгүй байх нь олонтой гэж ярилцдаг. Та хоёр бие биедээ дурлалцахаас өмнө хэн нэгэнд сэтгэл алдарч, сонирхож бас дурлалцаж үзсэн байх нь тийм ч "бузар муухай" зүйл бишээ. Хүн болгонд ийм асуудал тохиолдох нь ердийн үзэгдэл шүү дээ. Харин та хоёр бие биенийхээ олон сайхан чанаруудыг олж харан, хүндлэн биширч, бас татагдсан учраас л бие биеэ сонгосон хэрэг. Нэгэнт хамт амьдрaхаар шийдээд гэрлэсэн л бол өмнөх дурсамжаар бус ирээдүй рүүгээ харж амьдрах хэрэгтэй болдог. Хайртай хосууд бие биеэ хуурч мэхлэхгүй, бие биедээ хайр жаргалыг эдлүүлж байхын тулд бүх зүйлээ илэн далангүй ярьж ойлголцох хэрэгтэй болдог. Тэд бие биенийхээ хийж буй үйлдэл, явж буй алхам бүрийг мэдэхгүй ч "би хайртай хүнээ гомдоохыг хүсэхгүй, хайрт минь ч намайг гомдоохыг хүсэхгүй" гэдэг итгэл л тэднийг бардам, бас аз жаргалтай харагдуулна. Зарим хосууд гэрлэснээсээ хойш бие биенээсээ уйдан өөр нэгэнтэй холбогдон бие биеэ хуурах нь бий. Тохиолдлын маягаар сексийн амьдралд эрт орж, үүндээ татагдсан хүмүүс ийм араншин гаргах нь элбэг. Тийм хүмүүст амьдралын зорилго, утга учир төдийлэн чухал бус харин цэцэг цэцгэнд дамжин бал цуглуулах эрвээхэй лугаа амьдрах нь сонирхолтой байдаг ажээ. Тэд ихэвчлэн залуу насыг цэцэгтэй зүйрлэн, бал түүж амьдрах боловч хожмын амьдрал нь цэцэггүй болдог юм.

Хайртай хосууд бие биенээ байнга хардаж сэрдээд, хаа яваа, юу хийж буйг нь цаг хугацаатай нь бүртгэж хянаад, найз нөхөд, хамт олных нь өмнө элэг доог болгоод байх нь энэ амьдралыг "там" болгох эхлэл болно. Ийм хосуудын нүд нь хүртэл "айсан туулай шиг" дүрлэгнэж, бусад руу ч эгц харахаас зүрхшээж, айж цочин тэвдэх нь их болдог. Бие биенээсээ хол байхдаа санаж уйтгарлах биш, эрх чөлөөгөө мэдрэн, "боломжийг ашиглах" хариугаа авахыг хичээх энэ үзэгдэл гэр бүл салах нэгэн шалтаг болдог. Ийм үедээ л хүн хувийн болон оюуны эрх чөлөөг үгүйлнэ.
Бие биедээ байнга итгэж, итгэлээ дааж, алдсан алдаагаа чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцаж, бие биеэ уучилж, дахин алдахгүй байх боломжийг хамтдаа олж харж бий болгох нь гэр бүл бат бөх байхын үндэс нь болно.

Гурав. Ялалтын ялагдал
Гэрлэхээсээ өмнө маргалдах бүү хэл бие бие рүүгээ муухай ч харж үзээгүй хосууд, гэрлэснээсээ хойш алив асуудлаар зөрөлдөж, маргалдаж эхэлдэг. Аргагүй шүү дээ. Хоёр өөр хүмүүжил хоёр өөр үзэл бодлын зөрөлдөөн илэрч буй хэрэг. Энэхүү маргаанд өөрийн зөвийг батлан, ялалт байгуулах, бие биеэ давж гарах гэсэн оролдлогууд маш олон муу үр дагаварын эхлэлийг авчирдаг. Энэ тухай миний бие өмнө нь "Маргаанд ялагч байдаг уу?" бичлэгтээ дэлгэрэнгүй дурдсан билээ.
Ялалт байгуулан өөрийн зөвийг батлах гэж муу муухай үгээр бие биеэ гомдоож, элдэв муу ааш гаргах ийм маргаанд ялагч байдаггүй юм даа. Ялалт байгуулахын тулд нэг нь хүүхдээ тэврээд төрхөм рүүгээ гүйх, нөгөө нь аль нэгэн цэнгээний газар орон давчидсан амьсгаагаа "галзуу ус"-аар даруулах, эсвэл аль нэгэн найз нөхөддөө очицгоон "тайлангаа тавьж" өөрийн зөв гэдгээ нотлон хамгаалуулах оролдлого хийх нь олонтаа. Уурaндаа савж гарсан тэр л хаалганы савчаа болон хяхтнах муухай дуу таны амьдралд хүйтэн салхи оруулж, та нарын амьдралыг бусдын өмнө дэлгэж, заримдаа эргэж хаагдах аргагүйгээр "гажих" нь бий. Энэ л гажсан хаалга, хайртай хосуудын сэтгэлд "хяхтнаж", ойлголцож засч чадахгүй бол, хэн нэг нь нөгөөгийнхээ дарамтан дор амьдрах эсвэл салж өөрийн замаар явахын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Бүдүүлэг үг хэллэг, хараал зүхэлтэй хэрүүл маргааны дараа эвлэрч, бие биеэ уучлавч уур омгондоо гаргасан муу муухай бүхэн сэтгэлээс гарч өгөхгүй зовоогоод байдаг юм.
Тийм болохоор яаж ч маргалдсан хаалгаа чанга хааж байгаад, тэврэлдэж суугаад ч болов чин сэтгэлээс ярилцаж, бие биеэ уучилж сэтгэл санаагаа цэвэрлэн ариусгаж байх нь хамгаас чухал байдаг. Өнөөдөр таны уур омог, бардам бүдүүлэг үйлдлээр байгуулсан ялалт тань маргааш ялагдал болон хувирч, гэр бүл тань салахад ойрхон байдгийг бүү мартагтун.

Дөрөв. Хадам ээжийн онигоо болон бусдын оролцоо
Оросууд болон монголчуудын дунд яригддаг их олон онигоонд "хадам ээж" өөрийн ёгт дүртэй. Суудлын тэрэгний урд талын суудлыг хадам ээжид хуваарилж, хадам ээждээ хэрхэн "хортой алим" идүүлэх зөвлөлгөө гэхчилэн олон зүйл ярилцдаг. Хадам ээж болгон муу хүн байдаггүй. Өөрийн хүүхэдээ ямагт зөвтгөн өмөөрч, өрөөл бусдаас хамгаалж, амьдралд нь хэт оролцон зааж зааварладаг эхчүүд зөндөө бий.
Хамаг учир хадам ээжид бус, хайртай хосууд өөрсдийн амьдралдаа гадны хэн нэгнийг оролцуулж, алив тааламжтай бас тааламжгүй шийдвэр гаргуулахгүй байх гэсэн хүсэл байж болох шүү дээ. Тэд амьдралдаа гаргасан аливаа зөв буруу үйлдэл болон шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг өөрсдөө үүрч, бас ухаажиж байх нь илүү хэрэгтэй. Харин алив асуудлаар маргалдах бүрдээ хоорондоо ойлголцож чадахгүйгээс өөрийн зөв гэдгээ нотлон баталгаажуулах гэж бас өөрийгөө зөвт сайн хүн хэмээн гэрчлүүлэх гэж аав ээж, ах дүү, найз нөхөддөө хандаж, өөрсдийн амьдралаа дэлгэж, тэднийг оролцуулах нь гэр бүл салалтын нэгэн шалтаг болдог.
Мэдээж гадны оролцогч нэгэн, шударга үнэний шүүгч биш учраас, өөрт нь хандсан хүнээ өмөөрөн дэмжиж, хамтын хүчээр ялалт байгуулах нь бий. Олон дахин үргэлжилсэн ийм байдлаас уг хосын амьдрал, өөрсдийн хяналтаас гарч өрөөл бусдын хяналтад орох нь цөөнгүй. Өөрсдөө шийдэж чадаагүй амьдралын асуудлыг өрөөл бусад шийднэ гэж хэзээ ч байдаггүй. Эцэстээ нөгөө нэг нь "би хайртай хүнтэйгээ гэрлэсэн билүү, хадмуудтайгаа гэрлэсэн билүү" гэдгээ ялгаж салгаж чадахаа болитлоо будилна. Хоёр хүний өөрсдөө бий болгосон амьдралд гадны оролцоо ихсэх тусам тэдний амьдрал, итгэл, хайрыг төдийчинээ бутаргана. Эцэс сүүлдээ хайр халамжийн ачаар салгасан хэн нэгийгээ өөрсдийн дэргэдээ амьдруулахдаа л ямархан "ухаалаг шийдвэр" гаргаснаа "яс махандаа " мэдэрч ойлгох. Гэр бүл гэдэг хоёр хүний хамтын амьдрал. Энэ амьдралаас урган гарч буй олон асуудлууд тэр хоёр хүнд л хамаатай учраас хамтдаа л шийдэж байх учиртай.

Гэр бүл бол бие даасан вант улс юм
Гэр бүл бол өрхийн тэргүүнтэй, өөрийн өмч хөрөнгө, эдийн засагтай, аюулгүй байдал болон гадаад дотоод харилцаатай, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн олон асуудлуудтай биеэ даасан вант улс юм. Тэд алив асуудлаар хамтдаа шийдвэр гаргах бөгөөд ардчилсан зарчим үйлчилдэг, гагцхүү төрийн өмнө хариуцлага хүлээдэг. Ийм хариуцлага болон харилцааны хэм хэмжээг бүх улс орнууд даяар "Гэр бүлийн хууль"-иар зохицуулна. Харин тэр гэр бүлийн дотоод асуудал болон аюулгүй байдалд хэн нэгэн дураар оролцон, нөлөөлөөд байх шаардлага болон эрх үгүй.
Өндөр хөгжилтэй орнуудад гэр бүлийг өндөр хэмжээнд хүндэтгэн үздэг бөгөөд, гэр бүлийн гишүүд зөвхөн өөрийн гэр орондоо бусдад саад болохгүйгээр дур зоргоороо байх эрхтэй гэж үздэг. Гэр бүлийг гадны халдлагаас хамгаалах бүх арга хэмжээг авах бөгөөд эхнэр нөхөр болон хүүхдүүд хэн нэгэнд дарамтлуулахгүйгээр, хянаж цагдуулахгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.
Төр маш олон гэр бүлүүдээс бүрддэг болохоор хууль эрх зүйн үүднээс энэ гэр бүлүүдийг хамгаалж байх учиртай. Тийм болоод "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг үг гарсан байх. Ямар ч хүн гэр бүл болно гэдэг өөрийн эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай болно гэсэн үг ажээ.

Хариуцлага гэдэг өөртөө маш олон чадварыг агуулж байдаг. Тийм болохоор гэр бүл болохын тулд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй болдог ажээ.
Өдгөө монголчууд бид гэр бүлийн талаархи олон ойлголтуудаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Ядахнаа л хэн нэгэн хамтдаа архи уух гэж шил архи гэрт нь бариад ирж л байдаг, ууж согтсон хойноо агсам тавьж хамаг зүйлийг нь эвдэлж байхад "байдаг л зүйл" мэтээр ханддаг сэтгэлгээнээс салах болж байна. Өөрийгөө ч авч явах чадваргүй атлаа гэрлэнэ гээд хэн нэгийг дагуулаад аав ээж дээрээ ирж л байдаг, удаж төдөлгүй саллаа гээд хөөгөөд явуулж л байдаг. Алив нэгэн гэр бүлийн маргаан асуудалд аав ээж, ах дүүсээрээ эрээ цээргүй оролцож, өөрсдийн үзэмжээр зохицуулж байдаг. Арай гэж амьдралаа босгох гэж зүтгэж яваа хосуудыг элдвээр өөчлөн муулж хов живэнд хутгаж, хайр сэтгэл юуг нь хиртээн гундааж байдаг. Энэ олон байдаг зүйлдээ арай өөр үнэлэмжээр хандах цаг болж байнаа.
Гэр бүл болохын тулд өөрсдийгөө бэлтгэж, гэр бүл болсон хойноо гэр бүлээ туурга тусгаар гэдгийг ойлгон, хайрлан хамгаалж, хариуцлагаа хамтдаа үүрч сурах нь чухал байна.

Төгсгөл
Залуус минь хоёр биенээ хайрлаж, хүндлэн биширч, итгэж өөрсдийн амьдралаа цаг ямагт өнгөлөг сайхнаар авч явах боломж, гагцхүү та хоёрт л байдаг юм шүү. Хайрлаж дурлаж байхдаа дүүрч бялхаж асан тэр л хайр халамж, баяр баясгалан асгарч дундрахгүй дүүрэн байх эсэх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л хамаардаг юм шүү.
Амьдрал баян. Миний таны бидний мэдэхгүй, мэдэх ч аргагүй олон асуудлууд байж л байгаа. Залуус амьдралын сайхныг, аз жаргалыг амтлах гэж ухаанаа зарж бас олон асуултын хариуг эрж хайна. Тэд хариугаа амьдралаас бас биднээс хайдаг.
Монгол орны минь ирээдүй болсон олон залуусын амьдрал нь тэгш, гэр бүл нь бат байг. Тэд гэр бүлээ хайрлаж, бас хариуцаж, өөрсдийн амьдралаа хоёр баганаараа тэгш тулан тооноо өргөг. Монгол гэрийн багана нь тэгш, тооно нь гэрэлтэй, бүрээс нь цагаан, бүслүүр нь гоёмсог, тулга нь үргэлж галтай, аз жаргалаар бялхаж байх болтугай.