Гэрлийн зүг тэмүүлэгчид /UBTwestival 2011-д хүрэлцэн ирэх ах эгч нартаа зориуллаа/
13 жил, 1 сар өмнө

“Гэрлийн зүг тэмүүлэгчид”

Сайн байцгаана уу, ах эгч нар аа.

Та нарыг энд цугласанд бид маш их баяртай байна. Бид та нарыг сайн танихгүй л дээ, Биднийг ч гэсэн та нар танихгүй. Бид бол энэ хорвоо дээр өөрсдийн зорилгыг биелүүлэх утга учиртай ирцгээсэн бяцхан хүмүүс билээ. Бидэнд маш их зорилго бий. Бид ерөнхийлөгч болж улс орноо гоё болгоно, урлаг, спортын алдартан болж дэлхийд эх орныхоо нэрийг гаргана гэж боддог.

Та нарт ч гэсэн энэ хорвоогоос хүсдэг маш олон хүсэл байдаг биз дээ. Гоё машинтай болох, сайхан байшинтай болох, баян болох, сайхан гэр бүлтэй болох гээд л.
Та нарт энэ их зорилгодоо хүрэхэд саад болдог зүйл байдаг уу? Харин надад нэг л зүйл маш их саад болж байна. Би энэ хорвоогоос маш олон зүйлийг хүсэхээ болиод байгаа. Харин нэг л зүйлийг маш их хүсдэг болсоон. Та бүхэн бидний хүслийг мэдмээр байна уу?
Би та нарын өдөр бүр харж байдаг хөөрхөн ээжийгээ, гэрэлт нарыг, цэцэгсийн дэлбээг, найзийнхаа намайг хөтлөдөг гарыг нь харахыг хүсдэг. Цас ямар байдгийг, цэцэгс хэрхэн дэлбээлдэгийг, солонго гэж юу байдагийг харах юмсан гэж боддог. Эсвэл та надад тэдний тухай ярьж өгөөч. Гэхдээ энэ хүсэл биелэхгүй байх л даа. 
Яагаад гэвэл би нүдгүй хүн шүү дээ.
Би сохор хүн.

Миний ертөнцөд бүх зүйл нэг л өнгөтэй байдаг. Та энд ямар байдагийг ойлгохгүй байх л даа. Гэхдээ та ойлгохыг хүсэж байвал, бүгдээрээ хамтдаа 10 тоолцгооё!
Бүгдээрээ нүдээ аниад, 1, 2, 3 /удаан/, 4, урагшаа алхаарай, өмнөө юу байгааг тэмтрээрэй, гэхдээ болгоомжтой, 5, 6, 7, 8, урдаа байгаа хүнтэй мэндлээд, танилцаарай 9, 10, Гэхдээ битгий нүдээ нээгээрэй! Та одоо мэдэр дээ, Саяны ертөнц бол бидний ертөнц юм шүү дээ...

Гэхдээ би өөрийгөө сохор хүн, дутуу хүн гэж боддоггүй ээ. Би та нар шиг л бүхнийг харж, мэдэрч, ойлгож чадна. Ээжийгээ би халуун амьсгалаар нь, найзийгаа би халуун гараар нь мэдэрдэг, номоо би хурууны өндөгөөрөө, урдах замаа би урт таягаараа хардаг. Та нар намайг битгий өрөвдөөрэй, би нүдгүй л болохоос бүрэн бүтэн хүн шүү. Би өөрийнхөө зорилгод заавал хүрэх болно. Харин одоо миний хамгийн их хүсэж байгаа зүйл бол компьютер гэдэг сайхан зүйлийг сурч, хорвоо ертөнцийн бүхий л мэдлэгийг авах юмсан гэж бодоод байгаа. 

Одоо биднийг хэн бэ гэдгийг та нар ойлгосон байх аа. Бид бол Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сурагчид байна. 
Бидэнд туслахаар энд цугласан ах эгч нартаа болон UBTwestival-ийн зохион байгуулагч ах эгч нартаа маш их баярлалаа.

Бид гэрэл гэгээ гэдэг юу байдгийг мэдэрсэн. Энэ бол та нарын чин сэтгэл юм билээ. 
Бид гэрэл гэгээг харсаан, Энэ бол хүний чин сэтгэл юм билээ.

Баярлалаа, Та нартаа
2011 оны 3 сарын 23