Бүтээлч үйлдвэрлэл ба олон улсын туршлага
8 жил, 8 сар өмнө

Соёл урлаг дэлхийн эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж буй томоохон салбарт зүй ёсоор тооцогдох болжээ. Сүүлийн 20 жилд маш эрчимтэй хөгжин эдийн засгийн голлох хүчин зүйл болж, дэлхийн түвшинд жил бүр дунджаар 8,57 хувиар өсч буй бүтээлч үйлдвэрлэл гэж чухам юу вэ?
1980-аад оны үед техник технологийн эрс дэвшил гарч, кино урлаг, дуу хөгжим, шоу бизнес эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор олон улсын түвшинд бүтээлч үйлдвэрлэл хэмээх ойлголт анх гарч ирсэн бөгөөд олон улсын жишигт “хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх боломжтой үйлдвэрлэлийн салбаруудыг нийтэд нь бүтээлч үйлдвэрлэл гэнэ” хэмээн тодорхойлсон байна.
Бүтээлч үйлдвэрлэл, мөн “бүтээлч эдийн засаг” гэж нэрлэгддэг энэ салбарт оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил болон зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, шууд маркетинг зэрэг бүтээлч үйлчилгээг хамруулдаг бөгөөд олон улсын түвшинд албан ёсоор томъёолохдоо хэвлэн нийтлэл, кино, видео, гэрэл зураг, телевиз радио, дуу хөгжим, дүрслэх урлаг, тайзны урлаг, уран барилга, урлаг, дизайн, хувцас загвар, гар урлал, зэрэг үндсэн 7, цахим хэвлэл, зар сурталчилгаа, компьютер, компьютерийн тоглоом зэрэг дэд 4, нийт 11 бүлэгт ангилан хамруулсан байдаг. Товчхондоо бүтээлч үйлдвэрлэлийг “соёл, урлаг, бизнес болон технологийн салбарын нийлбэр, оюуны хөрөнгөд тулгуурласан бүтээгдэхүүн буюу үйлчилгээг бүтээх, үйлдвэрлэх, түгээх цогц үйл ажиллагаа” хэмээн тодорхойлж болно.
Судалгаанаас харахад 1999 оны байдлаар бүтээлч үйлдвэрлэл дэлхийн нийт эдийн засгийн бүтээмжийн 4 хувийг эзэлж байсан бол эдүгээ 13%-д хүрчээ. Их Британий бүтээлч үйлдвэрийн салбар 2001 оны байдлаар жилд 122,2 тэрбум фунт стерлингийн ашигтай ажиллаж, энэ тоо жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Харин ХБНГУ дахь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 200 000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь уран бүтээлчид ажиллаж, жилийн нийт эргэлт нь 2004 онд ДНБ-ий 2,6% буюу 117 тэрбум евро хүрч, 2006 он гэхэд эдийн засгийн хөгжлийн өсөлтийн түвшнээс 3 дахин хурдацтай хөгжсөн үзүүлэлттэй байна. 2006 оны 11-р сард Европын Холбооны Зөвлөлөөс эрхлэн гаргасан “Европын соёлын эдийн засаг” тайланд дурдсанаар 2003 онд бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг европын ДНБ-ий 2,6% буюу 654 тэрбум еврогийн ашигтай ажиллаж, бүтээлч 1
үйлдвэрлэлийн өсөлт нь хими, автомашин болон тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрийн салбартай адил түвшинд хүрсэн учир бүтээлч үйлдвэрлэлийг “Европын эдийн засгийн зүтгүүр хүч” хэмээн тодорхойлж, европыг “дэлхийд өрсөлдөх хамгийн эрчимтэй өсөлт бүхий мэдлэгт тулгуурласан эдийн засаг болгох” Лиссабоны тунхагт хувь нэмэр оруулна хэмээн үзсэн байна.
Харин АНУ-ын хувьд бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн маш том салбарт тооцогдох бөгөөд 2008 оны 1-р сарын байдлаар нийт 3 шахам сая хүн 610 000 урлагийн байгууллагад ажиллаж, эдийн засгийн жилийн эргэлт нь 166,2 тэрбум ам доллар хүрчээ. Харин бүтээлч үйлдвэрлэл хожуу хөгжиж эхэлсэн Ази дахинд сүүлийн арван жилд “тэсрэлт болж байна” хэмээн дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. 2008 оны 11-р сард Тайваны Соёлын зөвлөлөөс мэдэгдэхдээ Тайваныг бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх бодлого баримталж, төрөөс ирэх таван жилд 1,5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг хийх тухай мэдэгдсэн бол БНХАУ сүүлийн 5 жилд аж үйлдвэрлэлийн бус, “оюуны” эдийн засагт шилжих бодлого баримталж, бүхий л томоохон хотуудын үйлдвэрийн дүүрэг болон томоохон үйлдвэрийн газруудын байшин барилгыг бүтээлч үйлдвэрлэлийн төв болгон, уран бүтээлчдэд урлан, ажлын байр, санхүүжилт, зээл болон татварын хөнгөлөлт олгож, 11-р таван жилийн төлөвлөгөөндөө бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх тухай заажээ.
Эдийн засгийн салбарт оруулах хувь нэмрээрээ аж үйлдвэржилтээс илүү чухалд тооцогдож буй “шинэ эдийн засаг” буюу бүтээлч үйлдвэрлэл дэлхий даяар эрчимтэй хөгжих болсон үндсэн шалтгаан нь өнөөгийн нийгмийн соёлын харилцааны шинэ үе, техник технологийн хурдацтай хөгжил болон даяаршил гэж үзэж болно. Олон нийтийн соёл, хэрэгцээ улам дээшлэн, зах зээл, аж үйлдвэрлэл эрчимжиж, интернэт болон даяаршил нь хил хязгаарыг даван улс орнуудыг дамнасан холбоо харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх боллоо. Шинийг сэтгэх, бүтээн туурвих, ашиг орлогоо нэмэгдүүлэх өрсөлдөөн нь олон улсад бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэгэн хүчин зүйл болж, улс орнууд эдийн засгийн өндөр ашиг авчрах чадамжтай энэ салбарыг хөгжүүлэх бодлого баримтлан хэрэгжүүлж байгаа нь мөн ихээхэн түлхэц болж байгаа юм.
Олон зуун тэрбум долларын эргэлт бүхий бүтээлч үйлдвэрлэл өргөжихийн хэрээр энэ салбарт үйл ажиллагаа явуулах байгууллага, чөлөөт уран бүтээлчид нэмэгдэж, олон нийтийн сонирхол, хэрэгцээ ч мөн ийш хошуурч байна. Бүтээлч үйлдвэрлэлийн нэгэн салбар болох цахим технологи, компьютер программ болон интернэтийн дүнд дижитал урлагийг бүтээгч шинэ үеийнхэн гарч ирсэн нь нөгөө талаар “жинхэнэ урлаг ба жинхэнэ үзэгч”, “сайн дурын уран бүтээлч ба сонирхогч”-ийн талаарх асуудлыг үүсгэдэг. Үзэгчид зөвхөн үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө бүтээн туурвих болсон нь үзэгчдийн бүтээлч идэвхитэй байдлыг сэргээж, урлагийн боловсролыг дээшлүүлдэг боловч энд урлагийн чанарын тухай асуудал зайлшгүй хөндөгдөнө. Мэргэжлийн уран бүтээлчид, урлагийн байгууллага болон техник технологийн дэвшилд дулдуйдсан бүтээл туурвигч, сонирхогч нарын ур чадвар, авьяас билэг, гоо зүйн мэдрэмж, бүтээлийн үнэлэмж болон оюуны бүтээлийн талаарх маргаан нь урлаг судлаач, эдийн засагчид болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны дунд хурцаар өрнөж байна.
Үүнтэй зэрэгцэн хүний эрх, нийгмийн шударга ёс, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөөний тухай асуудал болон оюуны өмчид суурилдаг бүтээлч салбарт бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, борлуулах, зохиогчийн эрхийг зөрчих, оюуны өмчийн хулгай болон бусад асуудлууд олон улсын түвшинд хурцаар тавигдаж, уран бүтээлчид, бүтээлч салбарынхны бүтээл туурвилынхаа үр өгөөжийг нь хүртэх 2
боломжийг сайжруулах, эрхийг хамгаалах нь олон улсын түвшинд тулгамдсан асуудал болоод байна.
Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил, олон нийтийг хамарч буй байдал, ашиг орлого болон бусад үзүүлэлтүүд нь соёл урлагийн зугаацуулах, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, гоо зүй болон уран сайхны зэрэг нийгэмд гүйцэтгэх үүрэг төдийгүй соёл урлагийн эдийн засагт оруулах хувь нэмрийг ч тодорхой харуулж байна. Тухайлбал Сингапурт соёл урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан 1 сая ам доллар бүр 1,66 сая ам доллар болон өсдөг гэж мэдэгдэж байгаа нь банк санхүү, шатахуун үйлдвэрлэлийн салбараас ч илүү ашигтайд тооцогдож байгаа ажээ.
Бүтээлч үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин зүйл мөн гэх бодлогыг олон улс орнууд хүлээн зөвшөөрч, даган баримталж байгаа ба 2000-2005 онд дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эзлэх хөгжиж буй орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн хувь 29-өөс 41 болж нэмэгдсэн байна. Бүтээлч үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбараас дэд бүтэц, системчилсэн тогтолцоонд баригддаггүй, нээлттэй байдлаараа давуу талтай бөгөөд 2004 оны байдлаар нийт бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гол цөм буюу 98%-ийг 10-аас доош хүнтэй байгууллага, бие даасан уран бүтээлчид эзэлж, нийт салбарын орлогын 30%-ийг олсон нь ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аж үйлдвэрлэлийн салбараас дутуугүй хувь нэмэр оруулж болохыг баталж байна.
Хөгжиж буй орнуудын хувьд зах зээл бага, үйл ажиллагаа явуулах зардал өндөр, худалдаа арилжааны боломж хязгаарлагдмал гээд олон бэрхшээл байдаг ч технологийн дэвшил нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний зардал өртгийг багасгаж, газар нутгийн алслагдмал байдлыг арилгаж, зах зээл, тээвэр, холбоо харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах боломжийг нээх төдийгүй улс орон, хот, бүсийг “соёл урлагийн төв“ болгон хөгжүүлж, аялал жуулчлалын урсгалыг татаж, жуулчлалын шинэ маршрут бий болгох боломжтой юм.
Гэхдээ нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан арилжааны сүлжээ, зар сурталчилгаа, интернэт, технологийн эрс хурдтай хөгжил нь шинэ залуу үеийнхнийг илүүтэй зонхилон хамарч байгаа тул бүтээлч эдийн засаг тухайн улс үндэстний өв уламжлал, соёлын өвөрмөц онцлогийг хадгалан хамгаалах, уламжлуулан хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг. Ийм учраас 2005 онд ЮНЕСКО-гоос “Соёлын олон ургальч байдлыг дэмжин хамгаалах конвенци”-ийг баталсан бөгөөд энэ конвенцийн 2-р зүйлд “Аливаа улс орон өөрийн газар нутаг дээрх соёлын олон ургальч байдал, өвөрмөц онцлогийг дэмжин хамгаалах бодлого баримталж, арга хэмжээ авах онц бүрэн эрхтэй” гэж заажээ. Аливаа улс орны соёлын өв уламжлалыг хадгалан хамгаалах, соёлын өвөрмөц онцлог, улс үндэстнүүдийн соёлын олон ургальч байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн энэ конвенцид 2008 оны байдлаар 90 гаруй орон нэгдээд байна.
Монгол улсын тухайд соёл урлагийн хувь хүн, нийгэм эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаарх ойлголт бүрэн төлөвшөөгүй, төрөөс дэмжин хөгжүүлэх бодлого, дэмжлэг хомс, олон нийтийн соёлын хэрэгцээ үнэлэмжийн түвшин доогуур, бүтээлч үйлдвэрлэлийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байгаа учир энэ салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Нэгэнт дэлхийг хамарсан бүтээлч үйлдвэрлэлийн хурдацтай хөгжил, бүтээгдэхүүн ба бүтээлч үйлчилгээний хэрэглэгч болсон монголчуудын хувьд зөвхөн хэрэглэгч, худалдан авагч байх нь гадны соёлын 3 хэрэглээнд автах, өөрсдийн соёл, өв уламжлалаас холдон хөндийрөх эрсдлийг авчирч болзошгүй.
Иймд бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн томоохон салбар болгон хөгжүүлэх нь хөгжлийн нэгэн чиг хандлага болж буй өнөө үед төрөөс үндэсний соёлын өвөрмөц онцлогийг агуулсан, олон улсын түвшинд дэмжин сурталчлах агуулга бүхий бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулан баримтлах, мөн олон нийт, уран бүтээлчдэд соёл урлагийн өнөөгийн чиг хандлага, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, уран бүтээлчдийн идэвхи санаачлагыг дэмжих, туурвисан бүтээлээ толилуулах, борлуулах болон зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг дэмжих зэрэг олон асуудлуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь чухал юм.