Боловсролоороо бид дэлхийд танигдах ёстой гэдэг үгийн цаана
12 жил, 8 сар өмнө

             

Энэ үгсийг сонсоход баярлаж үнэхээр тэгэх ёстой мэт санагддаг байсан үе минь саяхан. Гэвч үнэхээр манай ард түмний хэлдэг Элээсэн оймсны тоо нэмэгдэх”-д мохож, итгэл алдрах явдал гарахыг үгүйсгэх аргагүй юм байна даа гэсэн бодол сүүлийн үед төрөөд байгааг таньтай хуваалцаж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр боловсролын системээ өөрчлөх, чанаржуулах хэрэгтэй тухай бүхий л түвшний түшмэл яндагтнууд ярьсаар байгаа хэдий ч тэр хийгээд байгаа өрчлөлтийг бид нүдээрээ харж гараараа барьж үзсэнгүй. Бид өөрсдийгөө гартаа нүдтэй гэж ярилцдаг болохоор л ингэж хэлж байна л даа. Гарт баригдсанаараа төсөөллөө тогтоодог монгол хүний нэгэн ижлээр гараараа барьж, нүдээрээ харснаа хуваалцъя.

Бага дунд боловсролын тогтолцоог 12 жилд шилжүүлж байгаагийн цаана олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон сайхан дэвшилттэй зүйл байгааг жирийн иргэний хувьд хүлээн зөвшөөрч, баяртай хүлээн авсан билээ. Гэхдээ өнгөн талаас нь буюу цаг хугацааны хувьд л сунгаад тавьчихаж байгаа юм биш байгаа гэсэн санаа хааяа хааяа төрдөгийг хэлмээр. Чанарын хувьд агуулгын хувьд 12 жилийн давуу тал бидэнд юу харагдаж байна вэ? Таны хүүхдийн хувьд юу мэдрэгдэж байна вэ?

Тэрслүү нэгэн санааг хуваалцъя. Би бол бидний муучлан хэлдэг социализмийн үеийн бүтээгдэхүүн. Хүүхэд байхдаа өөрийнхөө бодож санасан бүхнээ гаргаад бусадтай хуваалцдаг байсан туршлагаа санахгүй байна. Цэцэрлэгт байх үеийн “Гараа өдвгөн дээрээ тавиад чимээгүй суу” гэсэн үгс л илүү тод үлдэж дээ. Ерөнхий боловсролын сургуульд би ярьж байсан билүү? Өөрийгөө илэрхийлэх талаар ярьж байна л даа би. “Гараа ширээн дээрээ тавиад чимээгүй суу” гэдэг үгийг илүү олон сонсдог байж. Дээд сургуульд ч тэр “Та намайг сонсмооргүй байгаа бол гараад явж болно” гэсэн үгсийг сонссоор төгссөн. Бид хэзээ өөрийгөө илэрхийлж байсан бэ? Арай гэж мэргэжил эзэмшиж дээд сургуулиа төгсөөд аль нэг албан газарт ажилд орсон өдрөөс л “За яриад байгаарай” гэсэн орчинд ордог.

Үнэхээр бизнесийн хөгжлийн өнөө үеийг бие биетэйгээ мэдээлэл хуваалцахгүйгээр, өөрийгөө илэрхийлэн ярилцахгүйгээр төсөөлөх аргагүй юм. Даанч хэрэгцээ тулгараад ирсэн тэр үед нь бид аль хэдийн 20 хол гарсан өөрийгөө өөрчлөхөд нэлээдгүй хүч шаардагдахаар болчихсон байдаг.

Үнэхээр ч хорин жил амаа бариулчихсан хүмүүс гэнэт ярих гэхээр юу болох билээ дээ? Социализм задран унахад хэн юу хийх нь чөлөөтэй болж монголчууд бүгдээрээ эх адаггүй архи ууцгаадаг болсон шиг баримжаа алдана. Тэгээд угаас сураагүй хүн чинь байнд нь бүү хэл банзанд нь ч онолгүй жаал хашгичиж байгаад гологдоно. Магад өөрийнхөө зөв санаж байснаа буруу ойлгуулсаар ажилдаа таарахгүй мэт гологдож байгаа залуу менежерийг алийг тэр гэх вэ? Тэгээд дараагийн байгууллага, дараагийн компани нэг мэдэхэд хоёр жилийн дотор таван компани сольсон байх нь энүүхэнд. Дахиад л дараагийн байгууллагад очихоосоо өмнө өөртөө арай нэг дүгнэлттэй ханддаг нэг нь “Би дахиад сурахгүй бол гологдоод байгаа юм байна” гэж бодно. Тэгээд сурч байсан сургуульдаа очиж аав ээжийнхээ цуглуулсан хэдэн төгрөгийг заран байж дэлхий нийтээр МВА хэмээн нэрэлдэг агуу том цолыг хоёр жил хүрэхгүй хугацаанд аваад дахин нөгөө байгууллагтаа очно. Нэмэгдсэн юм нь нэг диплом.

Үүний цаана юу байна вэ? Өөрийгөө илэрхийлж сурах аугаа том зүйл байхгүй болоод л тэр. Үүнийг бид суулгах гэж их зүйл хийж байна гэж албаны хүмүүс телевизээр өндөр дуугаар ярихыг та орой бүр гэртээ үзэж болно. Гэтэл энэ их өөрчлөлтийн цаана бусадтай хамтарч ажилладаг, өөрийгөө илэрхийлдэг хичээлүүдийн эзлэх хувь багассаар байгаа дүр зургийг л бид олж харж болно. Бидний хүүхдүүдийн сургалтын агуулгыг гаднаас нь нэг хараад үзье л дээ. Өөрийгөө илэрхийлэх, ярьж сурах хичээл байна уу? Бага сургуульд байсан үеээ бодвол монгол хэл уран зохиолын хичээлийг энд оруулж үзэж болох мэт. За бусад хичээл дээр асуугдаж уншсанаа шалгуулдагийг эс тооцвол бид дотроо л бодоод, ганцаараа л хийгээд хувиа борлуулаад довоо шарлуулдаг сургалтуудыг 10 жил авдаг байсан нь 12 жил болжээ. Магад энэ нь бид багийн спортод амжилт гаргахгүй байгаагийн нэг шалтгаан ч байж болох мэт.

Төв Европийн бизнесийн нэгэн сургуульд туршлага судлахаар очих боломж гарч хэдхэн хоногийн өмнө очоод ирлээ. Уг сургууль Европийн нэртэй бүхий л бизнесменүүдийг сургадаг гэж хэлэхэд хилсдэхгүй юм байна. Энэ бол Словиенийн “BLED school of management” гэдэг сургууль юм. Нэрийг нь онцлоод байгаагийн учир нь бидний мэддэг социалист системийн оронд үүсч бий болсон сургууль юм. Хорин гурван жилийн түүхтэй энэ сургууль социалист системийг задран унахад үүсчээ. Бид альвааг тэд нарт тийм ч, ийм ч боломж байгаа юм чинь тэгэлгүй яах вэ гэж өөрийгөө өмөөрөх дуртай байдаг болохоор бидэнтэй ижил гараанаас эхэлжээ гэдгийг л хэлэх гэсэн юм.

Энд үнэхээр боловсролыг үнэлдэг юм байна. Бидний дээр хэлээд байсан МВА болохын тулд 25,000 евро төлж байна. Энэ бол бараг дөчин сая төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний үнээр боловсролыг үнэлж байгаагийн цаана чанар байгааг нүдээрээ үзлээ. Юуны өмнө энэ мөнгийг олох чадвартай болж байж ийм түвшний сургалтад суудаг юм байна. Учир нь энэ сургуульд сурч байгаа хүмүүсийн ажлын туршлагын дундаж нь 10 жил байх юм. Дунджаар арван жил ажиллаж байж, ажлын туршлага хуримтлуулж байж МВА хэмээх цол авах боломж олгодог тухайгаа сургуулийнхаа танилцуулгад “утга учиртай ажлын туршлагатай байх” хэмээн оруулсан нь зүгээр нэг ажилласан нэр зүүхгүй байх санааг багтаасан нь хатуу сонсогдож байгаа хэдий ч чанараа барьж байгаа хэрэг байгаа мэт.

Гэтэл бид:

-          Дээд сургууль төгсөөд шууд л сургуульдаа багш болж байгаа хүний тоо хэд билээ? За энэ ч яахав.

-          Дээд сургуулиудад ажиллаж байгаа багш нарын тоо хэд билээ?

-          Тэр дээд сургуульд дээд боловсрол эзэмшихээр, МВА хэмээх цолыг авахаар сурч байгаа хүмүүсийн төлбөрийн хэмжээ хэд билээ?

 

Энэ бүхний цаана тухайн байгууллага \сургууль\ амжилттай ажиллах тухай асуудал бас бий, нэг талаасаа.

Нөгөө талаасаа дээд сургуульд багшлах хүн магистр түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэсэн журам бий. Дээд сургуулийн багш нарын чанарыг өсгөх талаасаа авсан хамгийн зөв алхам ч байж болох. Гэтэл энэ нь өнөөгийн бидний яваад байгаачлан төгсөөд л дээд сургуулийн багш болох боломж байхгүй харуулж байна. Дээд сургуулийн багш нарын тоог нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт гарч байгаагийн \200 хол илүү дээд сургуультай, 130,000 гаруй оюутантай манай улсын хувьд\ цаана төгсөнгүүт нь дагалдангаар ч болов ажиллуулж байгаад магистр болгож авах хэрэгтцээ хоолой дээр тулдаг. Үүний цаана төлбөрийн асуудал гараад ирнэ. Нөгөө багш болгоод авмаар нөхдүүд маань их өндөр төлбөр тогтоочихвол төлж чадахаа байчихна. Эсвэл төлбөр өндөр байна гээд суулт, энээ тэрээ хийгээд айлгана. Тэгэхээр бас тэднийгээ бодсон төлбөр тогтооно. Үүний цаана боловсрол гэдэг чухал зүйлийн маань үнэ нь унаад байх жишээтэй.

Ингээд л хямдхан боловсролыг түгээж байгаа том дээд сургуулиудад маань үнэтэй мэдлэгээ түгээх хүн тогтож ажиллах уу, үгүй юу гэдэг асуултад бид тулж ирнэ. Үнэхээр чадалтай, өөрийнхөө мэдлэг туршлагаа хуваалцах ёстой тэр хүмүүсийг илүү өндөр цалин өгөх тэр байгууллагууд аваад, аваад бус булаагаад явах нь энгийн л зүйл болж байна шүү дээ.

Тийм өндөр түвшний хүмүүс амьдралдаа дараахь асуулттай тулгардаг нь гарцаагүй. “Та сурах хэрэгцээгээ бүрэн ухаарахад хүрэлцэхээргүй төлбөр төлөөд дипломыг нь авахыг урьтал болгосон хүмүүст амьдралынхаа туршид цуглуулсан бүхнээ харамгүй хэлээд үр дүн нь хэзээ гарах тухай төсөөлөл ч үгүйгээр маш бага цалин авч, цаг наргүй шахам ажиллах уу? Энэ бол таны эх орныхоо төлөө хийж байгаа ажил шүү!” Эсвэл “Сурч мэдсэнийг тань мөч хором бүрт үнэлдэг, мэдэж сурсаныхаа үр дүнг нь шууд л үзэж болохоор, хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх бус өөрийнхөө чаддагаар хийснийхээ төлөө урамшуулал шагнал авч байдаг тийм нөхцөлд ажиллаж амьдралдаа элбэг хүрэлцэхүйц цалин пүнлүү авах уу? Энэ бол таны өөрийнхөө төлөө хийж байгаа ажил шүү!”

Энэ асуултын өмнө тулгарч очоод байгаа хүмүүсийн боловсрол мэдлэгийн тухай ярих нь илүүц биз. Эхний сонголтыг хийж эх орныхоо төлөө ажиллаж байгаа өгөөмөр хүмүүс олон байгааг би үгүйсгэхгүй ээ. Гэхдээ олохи нь хоёр дахь сонголтыг амьдралын эрхээр хийж байгаад бас эргэлзэх шалтгаан бага юм. Ингээд дээд сургуулиудад маань хэн үлдэж ажиллаж байна вэ? Нэг дэх сонголтыг хийсэн маш цөөхөн хүн тэдэн дээр нэмэх нь өнгөрсөн жил тэрний өмнөх жил сургуулиа төгсөөд дээд сургуулийн багш болохоор чармайж байгаа залуус. Ахмадууд өөрийн мэдлэг туршлагаа залуу багш нартаа харамгүй өгөхөөр хичээн ажилладагийг би баталж чадна. Гэвч залуус маань өөрчлөгдсөн, амьдрал өөрчлөгдсөн, нийгэм өөрчлөгдсөн гэдэг энгийн хэдэн үгийг хэлээд л тэдний үнэтэй үгсийг тоодог нь, сонсдог нь хэд бол?

Энэ бүхний цаана боловсролын, дээд боловсролын чанарын асуудал байгаа. Тэдний хичээлд сууж байгаа хүмүүс бол бидний дээр хэлсэн өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах боломжийг огт авч чадаагүй нөхдүүд. Тэдний хамтын ажиллагаанд тулгардаг эхний бэрхшээл нь өөрт нь шаардлагатай, чанартай мэдлэгийг өгч чадаж байгаа эсэх дээр бүтээлчээр дүгнэлт хийж, өөрийгөө илэрхийлэх чадвар суугаагүй хүүхдүүд. Энэ бол манай боловсролын анхан шатнаасаа эхлээд хамгийн дээд шатаа хүртэлх нөхцөл байдал. Бид ийм л байдлаар хүмүүсийг сургаж, ажлын байранд бэлтгэн өгч байна. Бүхлээр нь авч үзвэл энэ. Амжилттай, санаачлагатай, бүтээлчээр ажиллаж байгаа сургууль, байгууллагууд олон байгааг би үгүйсгэхгүй ээ. Гагцхүү энэ бүхнийг бүхлээр нь, цар хүрээнийх нь хувьд бүтнээр нь аваад үзвэл ийм л дүр зураг гарч байна.

Тэгэхээр одоо бид яах ёстой вэ? Боловсролоороо бид дэлхийд танигдах ёстой гэдэг үгийг ... ?!