Би ба орчлон (эссэ)
12 жил, 9 сар өмнө

Би ер нь хэн юм бэ? Юунд хэрэгтэй, яах гэж энэ хорвоод ирсэн бэ? гэж хэзээ нэгэн цагт хүн болгон бодож үзсэн л байлгүй дээ. Би л лав өчнөөн удаа бодож үзсэн ч хариултыг нь хүн шиг өөртөө  тов тодорхой хэлж чадаагүй л явна уу даа.

Өчүүхэн шүүдрийн дусал тийм тунгалагаар өглөөг угтаж Өндөр тэнгэрийг үүлтэй нь багтааж гэрэлтэх юм Өнө мөнхийн орчлонд гэв гэнэтхэн ирчихээдӨөрөө ч гайхах мэт өвсөн толгойд бөхөлзөх юм аа

Нам гүмийн орчлонд хэнд ч төвөггүй ирчихээд

Насан хутгыг олтлоо хэдхэн цаг амьдрах ч Нар, салхи, зуралзах өвсөнд үл гомдонНамуухнаар нүүдэл хөдлөх мэт гулсан одох юм аа”

Хамгийн энгийнээр бодоход, энэ шүүдрийн дусал мэт  би гулсан одож гэмээ нь энэхэн замбуу тивд юу өөрчлөгдөхсөн  билээ л дээ.

              “ Зураа цагаан бороо салхи татуулан өнгөрч

               Зуслан дэнжийн нутаг чийг үнэртэн нялхарч

               Өвс навчинд тогтсон борооны мөнгөн дуслууд

               Өөр гаригийн хүүхдүүд шиг гэрэвшин гэрэлтэн байсаар”л байх болно.

Бараг юу ч өөрлөгдөхгүй . Миний уншиж мэдэж, олж сонссоноор бол эх дэлхий яг тэрхэн мөчид зургаахан граммаар л хөнгөрнө.

Ингээд бодохоор буцахдаа хүртэл өөрийнхөө биеийг авч одож үл чадах зургаахан грамм нь би юу, тун удахгүй өвс навч эсвэл үнс чандруу болон хувирах бие минь би юу?. Ер нь ингэхэд энэ орчлонд би хэн юм, орчлон юу юм бэ?.

               “Чимээгүй дорнын шөнө үүр хаяарахыг хүлээж

                Чулууны нөмөрт  ганцаар жиндэн суухад

              Чимээгүйхэн манан будан намайг нөмөрч

              Чулуу эсвэл өвс болгон уусгаж бүрхэнэ

                        Өвсний нөмөрт хоргодсон царцаа бидэн хоёр                                                  

                        Өглөөн нарыг хүлээж ав адилхан чичрэнэ

                        Өндөр тэнгэр, энэ тал хоёрт

                         Өө, би чинь дөнгөж царцаа л юм байна шүү дээ”

Тийм ээ би энэ орчлонгийн хувьд дөнгөж царцаа төдий байх боломжтой ч,нөгөө талаас нь ургуулан бодвол орчлон тэр чигээрээ миний хувьд

                      “Наашаа цаашаа бөөр нь бүхэлзэн

                       Навчин дээр бөжигнөх шүүдрийн ганц дусал” байж ч болох, Найган бөнжигнөх шүүдрийн дусалд

            Нартай, үүлтэйгээ тэнгэр багтчихаад

            Намрын салхинд тогтож ядан

            Наашаа чүгүй, цаашаа ч үгүй сандчин” байх боломжтой билээ.

Би бөхөх нь орчлон бөхөхтэй утга нэг мэт.

Би л харж, үнэрлэж, амтлаж, сонсож, мэдэрч чадахгүй болох тэр цаг дор миний хувьд орчлон бөхнө гэдэг нь би оршин буй бодит орчлонгоос хамаагүй томыг илтгэх мэт. Би, чи, та, бид нарын өөрсдийн энэ ертөнц үнэхээр агуу том учраас л дэлхий багадаж сансарын уудам руу тэмүүлэн тэнүүчилж буй бололтой. Амьдрал төгсөхийн цагт өөр долгион дээр зэрэгцээ ертөнцөд хэрхэн өөрчлөгдөн үргэлжлэхээ танин мэдэх гэж хүмүүс хязгааргүй их эрэл хайгуул хийсээр байдаг бололтой юм аа.

Зуу зуун жил зах хязгаарыг нь танин мэдэж чадахгүй байсан дэлхий маань цэнгэг цэнхэр шүүдрийн ганц дусал шиг тийм жижигхэн, эмзэгхэн энхрий болохыг одоо хэн ч гэсэн сансраас авсан өнгөт зураг дээрээс харж мэдэрч болох болжээ.

Бидний амьдран буй энэ дэлхий ертөнц , орчлон маань өдөр ирэх тусам бидний ойлголтонд жижгэрсээр байна.

Харин бидний дотоод ертөнц, танин мэдэхүйн их хүслэн улам л хязгааргүйд тэмүүлсээр. Ингээд бодохоор би орчлонгоос ч аугаа том мэт.

Зөн билгийн мэдрэмжээр мэргэдийн мянган жилийн өмнө танин мэдсэн энэ орчлон хорвоог бид өнөөдөр шинжлэх ухааны танин мэдэхүйгээр оношлон баримтжуулж  мэдлэг болгон зангидаж явах шиг.

Шинжлэх ухааны танин мэдэхүй нь олон,олон хүний олон жилийн нөр их хөдөлмөрөөр бий болдог бол зөн мэдрэмжийн танин мэдэхүй нь зөвхөн “БИ” хэмээх бодьгалын сэрэл мэдрэмжийн үр дүн билээ.

“Би” хэмээх нэгэн бодьгал  төрсөн бие дотроо ганцаараа амьдарч үл чадна . Гаднаас нь харахад нэгэн бие мэт энэ бодьгал дотроо мөнхийн зөрчилдөөн хөдөлгөөн юм.

Тиймээ, иймийн учир зөн билгийн, мэдрэмжийн энэ танин мэдэхүй оршин байгаа билээ

“ Биенээс минь “би” зөндөө олон сугарч

Буцаж ирэхгүй дур зоргоороо тэнэн одоход

“Бүтэлгүй амьтад “ буруу даа гээд хоцордог ч

Би л шүү дээ. Буруу ч юм их хийсэн дээ

             Бие минь нэг ч “би” олуулаа байдаг

             Бүгд хоорондоо үргэлж толхилцдог

             Багтаж нэг биеэндээ удаан амьдрахгүй

             Будант орчлонд намайг сүйдлэхээр одоцгоодог

Нэг нь шүлэг бичиж нөгөө нь тамхи татаж

Нар хирттэл хараал урсган намайг ичээдэг

Надад ямар ч хэрэггүй, ухаангүй дурлаж

Насыг минь богиносгон дарс хундагалдаг

              Гэвч энэ олон “би”гүйгээр би яав ч

              Гэгээн орчлонгийн гэрэл сүүдрийг мэдрэхгүй

              Гуниг баяслын алийг нь ч гэлээ амсахгүй

               Ганцын орчлон гэж ерөөсөө байхгүй”

Ерөөс  энэ “БИ” гэгчийн  хамгийн сайн эх хүн мөрт хамгийн адгийн янхан байх, хамгийн сайн аав мөрт хүнийг ялаа шиг нухчихаж чадах мөн чанар тайлагдашгүй .

Орчлонгийн өвс ногоо хэрхэн ургадагийг, намар оройн зөөлөн бороо цас болон будрахын учрыг таниж мэдэх нь тийм ч хэцүү биш ээ.

Энэ орчлонгийн юм үзэгдлийн ихэнхийн учрыг хүн төрөлхтөн олж тайлан уншсаар л байна. Харин үхэхээ мэдсээр байж бууны сумны өөдөөс аймшиггүй чин зоригтой алхаж яваа тэр хүнийг яг үнэн төрхөөр нь таниж мэдээгүй л байна. Энэ нөхөр юуны учир үхэл рүүгээ итгэл төгс алхана вэ?

Үхэхдээ аваад явахгүйгээ мэдсээр байж хүн юунд нэг насаараа битгий хэл хэдэн үеэрээ ч идээд барахгүй хөрөнгө зоорь цуглуулах гэж өнөөдөр эрүүл мэнд, амь насаа ч үл хайрлан үхэн хатан зүтгэнэ вэ? Ёстой таашгүй ээ.

              Хүн намайг ерөөсөө хардаггүй

              Хөөрхий амьтанд тийм аз байхгүй

              Хөгширсөн хүн уутанд би амьдардаг

              Хэзээ ч гадаалж чамтай уулздаггүй

                         Энэ уутанд цэв хүйтэн мөс, халуун хайлмаг

                         Энэрэл хайр, үзэн ядалт цугтаа оршдог

                         Энэ уутанд хүсэл мөрөөдөл, гуниг гутрал

                         Эцэж цуцсан, шатаж оргилсон сэтгэл оршдог оо

Хүн хэмээх энэ бодьгалын дотор байгаа “БИ “, энэ “би“-нүүд л миний ойлгож чадахгүй байгаа логикгүй энэ үйлдлүүдийг хийгээд байна.

Чухам яаж энэ үл бүтэх нөхдүүд, “би”нүүдтэй улаан нүүрээрээ уулзаж яагаад үхлийг үл тоон сумны өөдөөс алхдаг, яагаад өөрөө идэхгүй байж тоо томшгүй хөрөнгө цуглуулдаг, яагаад төрөхдөө уйлж, үхэхдээ инээдэгийг нь асуух сан. Аль эсвэл бүхнийг умартан

     “Чимээгүй талын гүнд  ганц чулуу шиг

      Чогчиго ирээд суусан ч үл анзааран

      Цаг улирлын өнгө, аашинд нь үл автан

      Цаанаа амьтай ч наанаа амьгүй амьдрах сан

             Буцах шувуудын ганганааг сонссон ч сонсоогүй юм шиг

             Борог өвс өеөдөхийг харсан ч хараагүй юм шиг

             Бороо цас холилдон ороход даарсан ч даараагүй юм шиг

             Буурал талын гүнд байгаа ч байхгүй юм шиг амьдрах уу?

Би яг үнэндээ өөртөө ч үнэн хариулж чадахгүй нээ.