Атилла хааны жолоодохуйн урлаг
10 жил, 11 сар өмнө

1987 онд Атилла хааны жолоодохуйн урлагийн тухай номыг АНУ-н Файрмент даатгалын дэд ерөнхийлөгч Уэсс Робертс бичсэн байдаг. “Атилла хааны жолоодохуйн урлаг” бол мянга мянган хүнийг нэгтгэж манлайлж чадсан цэцэн билгийг нээж өгч байгаа бизнесийн хүмүүс, эцэг эх, багш зэрэг хүнтэй ажилладаг хүн бүрт эрхэм чухал ном бөгөөд 1989 онд Америкт хамгийн их гүйлгээтэй номоор шалгарсан юм. “Түүх шаштирт Атиллаг дайнч, харгис, соёл иргэншлийг устгагч байсан” гэдэг ч түүхэн нөхцөл байдлыг авч үзвэл төсөөлөл өөрчлөгдөнө. Ах дүү нар нь хүртэл дайсагнадаг, Хүннү тархай бутархай, нэгдмэл зорилгогүй ард түмэн байсан. Атиллагын дэлхийг эзэгнэх төлөвлөгөөг эхэн үедээ түүний жанжнуудаас цөөхөн хүн дэмжиж байв. Америкт жинхэнэ жолоодогч юу юунаас хэрэгтэй байгаа өнөө үед Атилла хааны жолоодох урлаг хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгцээтэй байна гэж үзэж Атиллаг судлаж номыг нь хэвлүүлжээ. Уг ном ямар ч сурталчилгаагүйгээр амжилт олж олон арван хүний ширээний ном болж, 3 удаа хэвлэгджээ.

Уншсан хүмүүс: “Зарчмууд нь аль ч үед хуучрахгүй”, "Америк менежерүүдэд хамгийн хэрэгтэй ном”, "Хөгжил, дэвшил, манлайллын ур чадварт суралцахад хамгийн хэрэгтэй ном”, "Хэрэв өнөөдөр Атилла бидний дунд байсан бол том үйлдвэр худалдааны эзэн, дипломат, нийгмийг өөрчлөгч, улс төрийн зүтгэлтэн байх байлаа” гэсэн байдаг.

Хаан болж төлөвшсөн байдал:

Атиллаг бага байхад нь аав нь нас барж, авга ах Рудиллагийн асрамжинд өссөн. Атилла Рудиллагийн явуулж буй бодлого, ялангуяа бусдыг найрсан бөхөлзөх гадаад бодлогыг нь илээр шүүмжилдэг байсан тул хавчигдаж 12 настайд нь Ромын нэр төрийн шүүхийн барьцаанд илгээжээ. Атиллагийн оронд Аэтус нэртэй хүүг барьцаанд ирүүлжээ. Аэтус бол монголчуудын сул талыг судалсан хүн юм.

Атилла барьцаанд очсон эхэн үедээ Ромын үзэл суртлыг шүүмжлэн эсэргүүцэж, 2 ч удаа оргохоор завдаад бүтээгүй байна. Тэгээд нөхцөл байдалтай илтээр зөрчилдөхөө зогсоож, Ромын дотоод гадаад бодлого, армийн давуу, сул талыг судалж, гадаадын элч төлөөлөгчидтэй хийх уулзалт, ярилцлагыг тогтмол ажиглаж, Ромчуудаас манлайлал, бичиг хэргийн олон зүйлийг сурч байв.

Чухамхүү Ромын нэр төрийн шүүхэд л Атиллагын толгойд дэлхийг эзлэх их холч ухааны /стратегийн/ үр хөврөл бүрэлдсэн байна.

Атилла насанд хүрч эргэн ирсэн. Энэ үед аймгууд нь хаан эзнээсээ хамааралгүй байв. Атилла аймгийн ахлагч нартай харилцаа холбоогооо сэргээж, тэдний итгэл найдварыг аажим аажимаар олж авч өөртөө татаж чадсан юм. Ах Блэда нь нас барснаар Атилла хаан болов. Атилла ард олондоо асар их нэр хүндтэй байсан нь, түүний шийдвэрүүд нь байр суурьтай, шудрага алхмууд хийдэг байсантай нь холбоотой.

Атиллагын үеийн Хүннүгийн байлдан дагууллыг гайхамшигтай гэдэг. Ердөө 70 000 цэрэгтэй атлаа маш сахилгатай, хамт олонч үзэлтэй байсан. Армийн гол өрсөлдөгч Ромд тулж ирсэн /замын улсуудыг хиаруулсан/. Байлдах төлөвлөгөөг Аэтус боловсруулж, хүннүчүүдийн сул талыг мэддэг учир гардан байлдах санал тавьснаар ялагдсан гэдэг.

Улс төрийн бодлогод харийн хүнийг оролцуулж болдоггүйг баримт нотлоно. МЭӨ 451 онд Каталоунын Пламидад тулалдаан болсон. Морин дэл дээр хийсэж явдаг морьтон дайчдад явган байлдааны наад захын урлаг байсангүй. 30000-д хүннүчүүд үхсэн гэдэг. Тэнцвэргүй тулалдаанаас ухрах тушаал өгсөн нь Атиллагын анхны бөгөөд цорын ганц ялагдал байлаа.

Буцаж ирээд зорилгодоо хүрэхээр шийдэж цэргийн эрдэм зааж, үстэй хувцасыг металл ялтастай хувцасаар солив. 2 дах удаагаа Ромруу аян дайнд мордоход Ромчууд сандралд орж Аэтусынхаа суу билэгт найдсангүй. Эзэн хаан Валентиниан арга сүвэгчилж, хахууль өгье, охин дүүгээ өгье.. 300 хатантай хааны сэтгэлд нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Эцэст нь их нэр хүндтэй, цэцэн яруу илтгэгч Попэ Леог Атиллатай хэлэлцээ хийлгэхээр илгээв.

Өнөөг хүртэл түүхэнд Хүннү улсын их хаан, хатангир бяцхан Поп лам 2-н хооронд ямар яриа болсон нь оньсого хэвээр байдаг боловч Атилла Ромыг өршөөж их нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Атилла юуны учир их үйлсээсээ няцах болов?

Судлаачид үүнийг:

-Атиллагын насны нар хэвийж өөртөө итгэх итгэл, эрх мэдэл, алдар хүндэд тэмүүлэх хүсэл нь буурч байсантай холбон тайлбарладаг.   

- Атилла дайнч түрэмгий бодлого баримталдаг байсан бол одоо эв зүйг сахисан, дипломат байр суурь барьж Ром зэрэг улстай хэлэлцээр хийх болсон гэдэг. Энэ нь Поп ламын эрдмийг шүтэн, эрхэмлэх үзэлтэй ч холбоотой байсан байж магадгүй.

- Атилла буцаж ирээд төр улсаа засан тохинуулсан. Нэгэн аймгийн ахлагчийг хороож, охиных нь гоо үзэсгэлэн таалагдаж хатнаа болгохоор шийдсэн. Ард олон нь “Дээдэс минь өтөл насаа мартаж, урам хугарсан зовлонгоо мартах сайны тэмдэг” хэмээн билэгшээж байжээ.

Хуримын ёслолын дараа өглөө нь өрөө нь ер бусын хөл үймээнгүй байхыг сэжиг авч, эвдэн орвол их хаан цусанд хутгалдан үхсэн байжээ. Үхсэн шалтгааныг залуу хатан нь эцгийнхээ өшөөг авсан, хүүхдүүд нь эцгээ алсан, сүрлэг хуримын дараа цус харваж үхсэн гэх мэтээр үздэг. 

Атилла хааны МАНЛАЙЛАГЧИЙН чанарууд

Хүннүчүүд бид түвшин бүрд авъяас ур чадвар төгөлдөр жолоодогчидтой байх учиртай. Жолоодогч нэг өдөр төрчихгүй. Хүннүчүүд оюутан сурагчдын нэгэн адил насан туршдаа бүх эх булгаас суралцах шаардлагатай.

Манай үндэстэн дадлага туршлагаар дамжин өөрийн ур чадвар болж төлөвшдөг дараах чанаруудыг эзэмшсэн удирдагчидтай байх ёстой.

Чин Шудрага байх

Шудрага бус үйлдэл, хандлагын үндсийг таслахгүй аваас олноор муу үйлд автагдах болно.

Чин зоригтой байх

Дарга байхад ганцаардал, итгэл алдрал, доог тохуу, эсэргүүцлийн мөчтэй цаг ямагт тулгарч байна гэсэн үг. Удирдагч нь тодорхой нөхцөл байдал, аюултай цаг мөчид энх амгалан үеийнх шигээ итгэл төгс байж бэрхийг давах ёстой.

Хүсэл тэмүүлэлтэй байх

Чадвартай боловч тэмүүлэх зүйлгүй дайчдыг удирдлагад бүү тавь.

Сэтгэлийн тэнхээтэй байх

Удирдлагын ямар ч түвшинд жолоодогч итгэл алдрах, зориг мохохыг давж дийлж, алсын баримжаа үл алдан хариуцлагаа үүрч гарч чаддаг байх хэрэгтэй.

Биеийн тэнхээтэй байх

Жолоодогч ачаа үүрхийн тулд хүч чадалтай, эрүүл чийрэг байх ёстой.

Бусдад таалагдах биш тоогддог, өрөөл бусдыг ойлгож, мэдэрдэг байх

Өрөөл бусдын соёл, итгэл үнэмшил, ёс заншлыг мэдэрч ойлгодог, үнэлдэг, энэхүү чадвараа хөгжүүлдэг байх хэрэгтэй.

Шийдэмгий байх

Удирдагч хэзээ хөдлөх, хэзээ азнахаа мэддэг, нөхцөл байдлыг бүх нарийн ширийнийг мэдрэн шийдэмгий байх хэрэгтэй. Эргэлзэн тээнэгэлзэх, ажил хэргийг хойш тавих нь захирагдагсдаа төөрөлдүүлж, дайсны идэш болоход түлхэц болдог.

Урьдчилан харах чадвартай байх

Жолоодогч ажиглалтаасаа сурдаг, өмнө туулсан туршлагаасаа олдсон зөн совингоороо дамжуулан бодол санаа, үйлдэл үр дагаварыг урьдчилан мэдэрдэг байх шаардлагатай.

Цагийн үнэ цэнийг мэдэрдэг, залж удирддаг байх

Удирдагч цагийг нь олж тушаалаа гаргадаг, үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Цагийн мэдрэмжийг хөгжүүлдэг шидэт томъёо байхгүй, хийж бүтээж байж, алдаж онож байж эзэмшдэг.

Өрсөлдөх чадвартай байх

Жолоодогч ялж дийлэх дотоод хүсэл тэмүүлэлтэй байх. Үргэлж ялж дийлэх боломжгүй боловч хамгийн эгзэгтэй тохиолдолд ялж байх шаардлагатай.

Өөртөө итгэлтэй байх

Манлайлагчийн үүрэг, хариуцлагаа биелүүлэхдээ өөртөө итгэл муутай харагдаж буй удирдагч нь дээд доод хүмүүстээ хэрээс хэтэрсэн ажил гүйцэтгэж байгаа мэт харагдана.

Тооцоотой байх

Удирдагч өөрийн болоод албат харъяатынхаа хийж байгаа зүйлийг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.

Хариуцлагатай байх. Хийсэн үйлийнхээ хариуцлагыг үүрч чаддаг байх хэрэгтэй.

Найдвартай байх

Түүний үг, үйлдэл нь нөхөр дайсан хоёуланд нь үнэмшилтэй байх ёстой. Найдваргүй удирдагч нөлөө бүхий хүн байж чадахгүй. Тэд ч зөв мэдээлэл авч байгаадаа итгэлтэй байх ёстой.

Тууштай байх

Зорилгоо биелүүлэх бууршгүй эрч хүчтэй бай. Урам хугарах, хууран мэхлэл саад бэрхшээлийг сөрж туул.

Түшигтэй байх

Итгэл хүлээж, хүлээлгэж чаддаг байх. Үүргээ өгдөг, өөрөө үүргээ биелүүлдэг.

Бусдыг араасаа дагуулдаг байх

Хүмүүсийг араасаа дагуулж, халамжлан хүмүүжүүлж, анхаарал тавьдаг байх ёстой. Доод хүмүүсээ доромжилж болохгүй, тэднийг хөтөлж, хөгжүүлж, хөхүүлж байх хэрэгтэй. Шийтгэлийг аргагүйдсэн үед болгоомжтой хэрэглэ.     

Атилла хааны үед төрийн албаныхандаа бүхнийг зааж сургадаг сургуультай байсныг доктор В.Роберт тэмдэглэжээ.

- Хүннүчүүдийн агуу их чанар нь түмэн олны тусын тулд өөрийгөө хэрхэн золиосолсноор илрэнэ.

- Удирдагч хүн тулга тойрсон зүйлээр хөөцөлдөхгүй байж, захирагдагсдаа ч энэ занд сургах хэрэгтэй.

- Удирдагч хүн биеэ барьж чаддаг байх ёстой. Тэрээр өөртөө итгэдэг, найддаг байвал ялагдавч боломжтой бүх зүйлийг хийж чадсандаа итгэл төгс үлдэж чадна.

- Амжилттай ажилладаг байхын тулд олноос онцгой байх шаардлагагүй. Харин итгэл ганхуулах хүчийг сөрөн зогсох тэнхээ өгдөг, ялах чин хүсэл, мохошгүй зориг, гуйвшгүй итгэлтэй байх ёстой.

- Монгол угсаатныхаа гол зорилгоор луужингаа болгосон хүний үйл ажиллагаа, чөлөөт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх эрхэм чанаруудыг хөхүүлэн урамшуулдаг чанар түүнд заяасан байжээ.

- Боломжоосоо бага ажилсан хүнийг хэзээ ч бүү урамшуул

- Өөрөө шууд хариуцах ёстой ажилын хариуцлагыг бусдад нялзааж болохгүй гэдэг түүний зарчим өнөөдөр ч хэвээрээ мөрдөгдөж байна.

- Амь насаа умартан аюул заналын орчинд баатарлаг үйл бүтээж, овоо шиг олз омог хуримтлуулах буюу сайн үйлс бүтээсэн хүнд бага ч гэсэн урамшил шагналын баталгаа байх учиртай гэсэн зарчмуудаас өнөөгийн менежерүүд санаа аваарай.

Атилла хааны удирдахуйн арга ухаанаас судалж үзвэл:

·           Хаан болох хүн дэлхийн түвшинд сэтгэж сурах учиртай.

·           Омгуудтай нягт холбоо тогтоосон. Удирдахуйн ухааны олон түмэнтэй холбоотой байх ардчилсан зарчим тэр үед байжээ.

·           Сэтгэл зүйч байсныхаа хүчинд олон түмнийг татаж чадсан.

·           Шудрага хүн байсан.

·           Шийдвэр гаргахдаа яардаггүй тал талаас нь бодож жинлэн цэгнэдэг хүн байжээ.

·           Хүннү хүн болж төрсөндөө бахархах бахархлыг Атилла, Чингисээс Монголчууд суралцсан. Монгол хүн өөрийн бахархлыг гээвэл үндэстэн мөхнө. Монгол хүн үндэстнээ аваръя гэвэл бахархах юмтай байх учиртай. Монголын бахархал бол Атилла, Чингис, Уран дархан өндөр Гэгээн Занабазар, Монгол бичээч Чойжи-Одсэр, Төрийн сайд Елюй Чуцай, эдийн засагч Тогтохтөр ван, Жанцанноров, Норовбанзадад хүртэл тасраагүй өдий хүрсэн, хойшид ч тасрах учиргүй.    

Жеймс Доннели “Менежментийн шинжлэх ухааны үндсүүд” номынхоо удиртгалд Атилла хаанд тохиолдож байсан нөхцөл байдалтай өнөөгийн менежерүүд тулгарсан хэвээр байгаа нь хачирхалтай юм гэжээ. Номдоо: Атилла бол аж ахуйн овсгоотой ажилтан, төрийн зүтгэлтэн, гайхамшигтай холч бодлоготой хүн байжээ. Энэ шинж чанаруудыг менежерүүд үйл ажиллагаандаа харгалзаж байхыг сануулжээ.

Харин бид л өөрсдийнхөө үнэт зүйлсийг үнэлэх талаар хойргошоо юу даа.

Д.Лхаашид   Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”